Багадаа орос дэлгүүрээс юм худалдаж авах, хэсэх их дуртай байж билээ. Оросын мэргэжилтнүүдийн гэгдэх төмөр хашаагаар хүрээлсэн, үүдэндээ харуултай, одоогийн “Ханбүргэдэй” дэлгүүрт зөвхөн тусгай паспорттой монголчууд л нэвтэрнэ. Харин тэнд шинэ бараа бүтээгдэхүүн ирэхэд ойр хавийн монголчууд андахгүй. Тиймээс дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй хэн нэгэндээ захиж хэрэгтэй бараагаа худалдан авна. Аавыгаа дагаад дэлгүүр ороход өөдөөс содон орос үнэр ханхийж, бараануудаа төрөлжүүлэн өрсөн цэмцгэр лангуунууд, цэв цэнхэр нүдээрээ инээмсэглэн угтах цагаан халааттай худалдагч эгч гээд л сайхан орчин угтана. Орос дэлгүүрийн хүнсний ногооны тасгийн лууван, төмс, манжин нь хүртэл угаагаад өрсөн юм шиг цэвэрхэн, өнгөлөг, худалдагчийнх нь цагаан халаат хумхын ч тоосгүй гялтагнаж харагддагсан. Тиймээс ч хүүхэд зангаараа, хичээл тараад ангийнхантайгаа дэлгүүр хэсэхдээ заавал орос дэлгүүрээр эргэлдэж, харуулыг нь ажиглаж байгаад хашааны завсраар шурган орж, чихэр жимс дуртай зүйлээ авцгаана, заримдаа баригдаж зугатна гээд адал явдалтай л даа. Харин монгол дэлгүүрээ оросынхтой харьцуулахад сүр муутай, адилхан бараатай төмс, хүнсний ногооны тасаг гэхэд шороо тоосондоо дарагдчихсан, муудсан ногооны эхүүн үнэр үе үе сэнхийж, худалдагч эгчийн халаат ч төмс ууталсаар байгаад тэр үү, халтайчихсан байдагсан. Замын наана, цаана зэргэлдээ орших монгол, орос дэлгүүрийн орчин ийнхүү эрс ялгаатай байдаг байлаа. Гэхдээ энэ бол соц үе л дээ, одоо бид хүнд үйлчилж, наанадаж инээмсэглэж сурсан.
1
Сүүлд том болоод ажил, томилолтоор оросын хотуудаар зорчиж, дэлгүүр хоршоогоор нь ороход багад мэдрэгддэг байсан тэр содон үнэр, орчин хаана ч яг хэвээрээ угтаж байна лээ. Энэ бүхнийг дурсаад байгаагийн учир нь “орос үнэр” Монголд эргэж ирсэнийх. Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн. Ингэхдээ хоёр улсын Ерөнхийлөгч нар хэд хэдэн томоохон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны нэг нь “Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих” боломжийг бүрдүүлсэн.
1
Ингэснээр 20 гаруй жил сулраад байсан хоёр улсын иргэдийн харилцаа сэргэж, хилээр орж, гарах урсгал ч идэвхжижээ. Тэр дундаа уламжлалт цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд ОХУ-тай хиллэдэг Сэлэнгийн Хиагтын зэрэг боомтууд ачааллаа дааж ядан байгаа сурагтай. Иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр цаг үеэ дагаад шагийн бизнес ч цэцэглэсэн гэнэ. Хилээр орж, гарах машины зөвшөөрлийг урьдчилан авсан нутгийн хүмүүс цааш шаглаж байгаа дуулдана. Орост өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ хямд. Тиймээс чихэр жимс, зарим бэлэг сэлтийг манай наймаачид энэ жил хойд хөршөөсөө “татаж байна”. Тиймээс “Орос”-ын гэх тодотголтой сурталчилгаа ч эрчээ авлаа. Цагаан сараар баярын ширээ, бэлэг сэлтэнд Орос ах нарын бараа бүтээгдэхүүн зонхилох төлөвтэй.
1
Сайны хажуугаар саар гэгчээр сэрэмжлүүлэх зүйл ч бас яригдаж байна. Учир нь идээний дээж сархадыг иргэд их хэмжээгээр тэр дундаа өдөрт оруулж болох дээд хэмжээгээр хилээр нэвтрүүлж байгаа гэх мэдээлэл чих дэлслээ. Энэ яриа иргэдийн амнаас УИХ-ын даргын сонорт хүрч, “Иргэд Хиагтын хилээр өдөрт гурван сая төгрөгийн архи нэвтрүүлж байна гэнэ. Үүнийг татварын хуулиндаа хэрхэн тусгасан”-ыг холбогдох яамныхнаас тодруулж байна лээ.
1
Ардчилалд хөл тавьсан эхний үед идээний дээж архийг хэтрүүлэн “өвгөнтийн хөндий” үүсгэтлээ хэрэглэж байсан гашуун түүх бий. Харин өнөөдөр согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх соёл руу нийгмээрээ чиглэсэн үе гэхэд болно. Харин согтууруулах ундааг импортлоход хориг тавиулах, татвар нэмэх салхийг УИХ-ын даргад хаалганы цаанаас бус хажуунаас нь шивнэсэн байх гэж иргэд ярьж байна лээ. Учир нь согтууруулах ундааны бизнес хийдэг түшээд УИХ-д бий. Тиймээс энэ төрлийн бизнест өрсөлдөгч нартаа хуулиар хаалт хийх магадлалтай гэх хардлага ч дагалдаж байсан.
1
Түүнчлэн урд хөрш, тэр дундаа Эрээнд монголын наймаачдын хөл хөдөлгөөн татарч, Эрээнчүүдийн гайхшралыг төрүүлсэн сурагтай. Арга ч үгүй биз, БНХАУ-ын Эрээн хот бол монголчууд бидний хөрөнгө оруулалтаар 20 жилийн хугацаанд цэцэглэн хөгжсөн. Эдүгээ бид ОХУ-д визгүй зорчсоноор Улаан-Үдийг ч бас хөгжүүлчих юм биш биз хэмээцгээх болсон.
1
Монголчууд бид ардчилсан нийгэмд шилжсэн жилүүддээ олон улс орноор зорчин ажиллаж, амьдарч, бизнес эрхэлсээр ирлээ. Харин соц үеэс хойш хөл татраад байсан ОХУ руу ийнхүү визгүй зорчих болсноор иргэд хоорондын харилцаа дахин сэргэж байна. Мэдээж урд хөрш рүүгээ ч зорчих хөдөлгөөн тасрахгүй байх. Ямартай ч сүүлийн жилүүдэд ховорхон байсан орос чанар, орос үнэр ийнхүү визгүй болсноор дахин сэргэлээ.
1
Н.Нягт