Ерөнхий сайдын шууд нэвтрүүлэг сонин “шийдэлтэй” байлаа. Урьд ийм төрлийн хүлээлттэй нэвтрүүлэгт ард түмнээ төлөөлж асуулт тавихаар Үндэсний телевизийн 600 студид хамт сууж байдаг хэвлэлийн төлөөлөл энэ удаа байсангүй. Харин нэвтрүүлэг дууссаны дараа “Еаglе” ТВ-ийн шууд нэвтрүүлгийн танхимд уригдсан сэтгүүлчид сууж байлаа. Энэ нэвтрүүлэг ерөнхийдөө үндэсний телевизийн шууд нэвтрүүлгийн үргэлжлэл мэт санагдав. Шууд нэвтрүүлэг дээр ярьсан хэлсэн дээр нь анализ хийх хэлбэрээр Ерөнхий сайдын “фокус”-ыг их сайн тодруулж түүний дэвшүүлсэн ирэх хоёр жилд замнах “А”, “Б” хоёр замын сонголтод санал өгөх үзэгчдийн хорхойг хөдөлгөж чадлаа. Ерөнхий сайдын ярилцлагын үргэлжлэл болсон энэ нэвтрүүлгийг туршлагатай сэтгүүлч Б.Жаргалмаа чадварлаг хөтөлж шударга мэтгэлцээн өрнүүлснээр “А”, “Б” сонголтын хэлэлцүүлэг үндсэндээ эхэлсэн гэж болно. Мэргэжил зорилго нэгт нөхдөө буруутгах гэсэнгүй. Миний хувьд ийм л уур амьсгал мэдрэгдэж байлаа. “А” сонголт буюу Мега төслүүдээ цааш явуулья гэдэг дээр “yes” дарахад энэхүү шууд нэвтрүүлэг чиглэгдсэн гэх сэтгэгдэл төрснийг л ил шулуун хэлж байна. Ер нь бол сайн Пи Ар хийдэг Ерөнхий сайдтай болсон байна, бид.
1
Ерөнхий сайд юу ярив. Ерөнхий л зүйл ярьсан гэж болно. Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа явж явж боломжийн төсөв батлуулж чадсанаа дуулгаад эхчүүд, хүүхдүүдийн мөнгө, Прусс машины татвар яагаад нэмэх гэж завдсан тухайгаа жич тайлбарлаад өөрийн бэлдсэн чухал яриандаа нэвтрүүлгийн үлдсэн бүх цагийг зориулав. Эндээс ойрын өдрүүдэд олноороо бодоод “А”, “Б” сонголтоо хийцгээх хэрэгтэй болсныг бид сайн ойлгож үлдлээ. “А” нь Оюутолгой, Тавантолгой, Гацуурт зэрэг Мега төслүүдээ гацаанаас гаргаад явах, “Б” нь хэмнэлт хийж зардлаа багасгаад, сахилга батаа сайжруулаад явах. Товчхондоо нэг төрлийн ард түмний санал асуулга эхэлж байгаа юм уу даа. Ерөнхий сайдын ярианы цөм буюу хямралын суурь шалтгаанд өгсөн тайлбар шинэ зүйл биш байлаа. Ам.доллар байхгүй болсон буюу хөрөнгө оруулагчдаа “заамдаж” явуулсан гол алдааг хямралын нэг гол шалтгаан гэж онцоллоо. Үүний ард энэ байдлаас гарах арга зам нь юу байх нь бараг тодорхой болж ирж байгаа юм. Товчхондоо Ерөнхий сайдын шууд ярилцлагаараа одоо гацаанд байгаа Оюутолгой дээр буулт хийх нүхээ ухсан ярилцлага байлаа гэж харж болохоор. Товчдоо Оюутолгой, Рио Тинто дээр гаргах шийдвэрээ олон нийтээр өөрсдөөр нь зөвшөөрүүлэх арга замыг сонгосон бололтой.
1
Өнгөрсөн 2 жилд хотын дарга буруу “рультэй” машин, дугаарын хязгаарлалт, хогны уут зэрэг асуудлыг хэрхэх талаар санал асуулга явуулж асуудлыг шийдэж байлаа. Харин одоо Ерөнхий сайд ирэх хоёр жилд Монгол улс аль замаар явахыг олон нийтээс санал асууж шийдье гэлээ. Энэ одоо юу болж байна. 2012 онд иргэд шууд ардчиллын зарчмаар сонголтоо хийж парламентад төлөөллөө сонгосон. АН-д улс орныг авч явах эрхийг өгсөн. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө гаргасан. Түүнийгээ хэрэгжүүлж 2016 онд амласнаа биелүүлэх хүлээлт ард түмэнд байгаа. Одоо дахиад бодож, үлдсэн жилд доллартой болж туйлах уу, өөрсдөө даваад гарах уу гэдэг сонголтыг хийх болж байх шиг байна.
1
Үүнийг шийдлийн Засгийн газарт шийдээд өгөөч гэдгийг хэлэхээр Ч.Сайханбилэг үндэсний телевизэд зочилжээ. “Надад улаан нь ч байна, цагаан нь ч байна” гэдэг шиг аль ч сонголтыг бид хийсэн хэрэгжүүлэх бэлэн хөтөлбөр Ерөнхий сайдад байгаа гэсэн.
1
Үүнийг хоёр талаар харж болохоор. Нэг талаас гаргасан шийдвэр дэвшүүлсэн бодлогыг нь саармагжуулаад байгаа их хурлынхны популизмд барих хариу. Нөгөө талаасаа сонгуулийн босгон дээр олны шийдсэнээр явсан гэж бидэнд хэлэх тайлбар.
1
Хэмнэлт хийж бүсээ чангалаад явах бол 2013 оноос тулгарсан сонголт гэж би хувьдаа бодож байна. Ам.доллар 1800 хүрсэн тэр цагаас иргэд бүсээ чангалж хэмнэлт хийж эхэлсэн байгаа. Энэ зогсолтыг нэг жил байлгах уу, хоёр жил байлгах уу гэдэг нь Оюутолгой зэрэг Мега төслүүд цааш явах эсэхээс хамаарна гэдгийг ч нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн, хүлээлттэй суугаа. “А”, “Б” хоёр сонголт бол еэвэнгийн хоёр тал. Шинэ сонголт биш. Хөрөнгө оруулалт хийгдээд эхэлбэл хямрал зогсоно. Энэ талд иргэд ”А” сонголт дээр байгаа. Гэхдээ шийдэх эрх нь шийдлийн Засгийн газарт байгаа. Ерөнхий сайд нэмж гурав дахь зам гэж байхгүй гэдгийг бас дуулгасан байдаг.
1
Ерөнхий сайд ярилцлагадаа халамжийн эдийн засгаас бүтээлч эдийн засагт шилжих дэвшилтэд санаа тээж яваагаа хэлсэн. Хямрал бодитой нүүрлэснийг ил зарлаж ард түмнийг үүнтэй эвлэрүүлж чадсанаа онцолсон. Төрийн алба, үргүй зардлыг боломжийн хэрээр танаж чадсанаа дуулгасан. Харин Оюутолгой Мега төслийн сайн мууг, шуудхан хэлэхэд дараа ирэх хариуцлагыг нь хамтдаа даая гэж байх шиг байна. “А” Мега төсөл, хөрөнгө оруулалт уу, “Б” хэмнэлт үү.
1
“Б” замыг сонговол бүгдээрээ “чангалуулна” гэдгийг төсөв хэлэлцэх үед хүүхэд эхчүүдийн мөнгө хасагдаж болох жишээгээр бидэнд хатуу сануулж дохио өгсөн байгаа. Энэ санал асуулгын дараа Ерөнхий сайд жинхэнэ “шийдсэн” ярилцлагаа өгнө гэсэн. Бид л хурдан шийдэхгүй бол шийдлийн Засгийн газар хүлээлтэд орсон бололтой. Давхар Оюутолгойн хөрөнгө оруулагчид бас хүлээж нойргүй л хонох юм шиг байна.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/