Цагаан сар хаяанд ирж, өрх бүр л сар шинийн бэлтгэл, ууц, хэвийн боов, гарын бэлэг, буузны махаа бэлтгэх төсвөө бүрдүүлэхээр хичээж байгаа энэ үед УИХ-аас баталсан энэ оны төсвийн тодотгол дахь нэг заалтад нийгмийг ихээхэн эмзэглүүллээ. Төсвийн орлого бүрдүүлэх үүднээс автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр баталсан нь ёстой л зүрхэн рүү хатгах шиг ёогхийлгээд авлаа.
1
Татварыг нь нэмэгдүүлэх байтугай дэлхийн зах зээлд бензин, дизелийн үнэ хэлбэлзэх сургаар, өмнө нь оруулж ирсэн нөөц нь дуусаагүй байхад шатахууны үнийг нэмэгдүүлдэг гэм биш зан манай импортлогч нарт байдаг. Атал дотооддоо онцгой албан татварыг нь нэмэгдүүлж, 228 тэрбум төгрөгийн татвар нэмж авахаар импортлогчид чимээгүй суугаад байхгүй, дуугүй хөдлөөд эхэлчихэж магадгүй. Нэг өглөө сэрэхэд л “төр биднээс авах татвараа нэмэгдүүлсэн, тиймээс та бүхэн хуваалцана биз” гээд л шатахууны үнийг нэмж, иргэдийн халаас руу дайрахад нийгэм эсэргүүцэж чадахгүй амаа үдүүлнэ. Харин “чоно борооноор” гэгчээр иргэний нийгэм гэгдэх хэсэг бүлэг хүмүүс Төрийн ордон, яам, агентлагийг тойрон гороолж, шаардлага хүргүүлж, УИХ-ын даргын хэлдгээр “нэг өдрийн популизм” хийгээд намдах биз. Энэ бол манай нийгмийн өнөөгийн төрх хойно. Хэрвээ шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнэ зэрэгцэн аясаар нь нэмэгддэг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг.
1
Цалин өрхийн төсөвт хүрэхгүй энэ өдрүүдэд бензин, дизелийн татварыг нэмэгдүүлсэн нь ийнхүү нийгэм хөндүүр сэдэв болоод байна. Нөгөө талаас өнгөрсөн хоёр жилд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс шатахуун импортлогч компаниудыг татвараас чөлөөлж, тэрбайтугай 195 тэрбум төгрөгөөр төсөвжүүлсэн.
1
Харин өнөөдөр дэлхийн зах зээлд нефтийн ханш буурч, манай эдийн засаг хямарсан энэ үед шатахуун импортлогчид төрд үйлчлэх цаг ирснээ ухаармаар. Яагаад дэлхийн зах зээлд нефтийн ханш нэмэгдэхээр сургаар манайд өмнөх оруулж ирсэн нөөц дуусаагүй байх шатахууны үнэ огцом өсдөг. Харин гэрлийн хурдаар олон улсад нефтийн ханш буураад байхад манайд шатахууны ханш буурах сураг ч дуулдаггүй билээ. Үнэ ханш зах зээлээ дагаад өсч, буурч хэлбэлзэж байдаг. Гэтэл импорлогчид шатахууны үнийг бууруулахгүй байгаа нь бизнесийн хар хайрцагных нь бодлого уу хэмээн энгийн иргэн ч хардаж байгаа.
1
УИХ-аас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэхдээ нэг талаас төсвийн орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаас нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсантай холбон үзсэн. Харин онцгой албан татварыг нэмэгдүүлсэн ч импортлогчдоос шатахууны үнийг нэмэхгүй байх хэлцэл хийсэн гэдэг. Мэдээж, төр импортлогч нарын хооронд бичгийн гэрээ байгаа байх. Гэхдээ хувийн компанид байтугай төрд үл итгэх байдал нийгэмд нэгэнтээ газар авсныг хэнбугай хэлээд өгөх биз. Энэ нь зөвхөн импортлогчдод бус нийгэмд нөлөөлсөн шийдвэр байлаа. Импортлогчдоос татвар авах нэртэй ч нэдэр дээрээ иргэдийн нуруун дээр л энэ татварын ачаалал ирдэг. Тиймээс л иргэд энэ онд 228 тэрбум төгрөгийн татвар дээр буучихав уу гэж эмзэглэж байна.
1
Өнөө маргаашдаа Цагаан сар, монголчуудын баяр гээд шатахууны үнэ нэмэгддэггүй юм гэж бодъё. Цаашлаад нэг их удахгүй хаврын урин өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэн талаар хэнгэрэг цохиход гайхаад байхааргүй л юмдаг. Үнийг нэмчихээд буцааж буулгалаа гэхэд хэзээ ч хуучин ханшинд нь хүргэж байгаагүйг өнгөрсөн үеүд гэрчилнэ. Шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмээд 40 төгрөгөөр багасгадаг. Энэ нь нэмсэн үнийг бууруулсан гэсэн үг гэж болно. Бизнесийнхэн хойно ямар нэг сэдэл шалтаг гаргаад л үнэ нэмснээ тайлбарлачихна. Төр, засгаас хэлэлцээ хийгээд тэдэнд татаас өгөх үү, эсвэл нэмсэн онцгой албан татвараа хүчингүй болгохоор хэлэлцэх үү.
1
Импорлогчидтой зөвшилцөл хийсэн, татвар нэмсэн ч шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж төрийн түшээгээс эхлээд Ерөнхий сайд хүртэл хэлж байгаа ч нийгэм итгэхгүй байна. Тиймээс шатахууны үнийг энэ онд нэмэхгүй гэсэн баталгаа, ам тангарагийг импортлогч нараас авъя. Импортлогчид оо “Шатахууны үнийг нэмэхгүй” гэж тангараглачих. Хэлсэндээ хүрэх нь бизнес хүний итгэл даах эрхэм чанар гэдэг биз дээ.
1
Н.Энхбат