Хараа голоор хамгаалуулж, Хүннү гүрний түүхийн өвийг хадгалан ирсэн Ноён уул хөндөгдөж магадгүй байна. Эдийн засагт шууд мөнгө татаж хүнд байдлаас улсаа авч гарах нэг боломж бол Гачуурт төсөл гэж дээдсүүд таалсаар хэд хонолоо. Үүнийг эсэргүүцэгч иргэний төлөөлөл, зарим нэг түшээ, бие даагчдын зөвлөл өөрсдийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч төдийлөн олон нийтэд хүрсэнгүй. Эдгээр тэмцэгчид үнэхээр уул усны үр сад, байгаль эхээ хайрладаг хүмүүс үү, Баабар нарын хэлдэг өнөөх хөрөнгө оруулагчдыг дарамталж ашиг хийгч ТББ-ын нэр барьсан “эх орончид” популистууд гээч нь юм уу. Цаг хугацаа харуулах биз. Амралтын өдрүүдэд цөөнгүй телевиз энэ сэдвийг хөндөж ярилаа. Зарим нь ч бараг мөнгө төлбөртэй байсан байх.
1
Ноён уулыг ухах гэсэн ноёдын эсрэг тууштай дуугарч байгаа хүмүүсийн заримынх нь яриаг тогтож харвал уур бухимдлаа бус уул усныхаа учирлалыг хэлж байх шиг санагдлаа. Иргэдийн төлөөллийн хэлж буй үндэслэл тун энгийн. Эдийн засаг хүндэрсэн ч энэ уулыг ухахгүйгээр цааш явах арга зам зөндөө бий. Уулаа ухаж, усаа ширгээж алт олборлосон ч энэ нутгийнхныг баяжуулж хөлжүүлж, байгаль эхийн хишгээс үлдсэн юм байхгүй. Үүний тод жишээ бол “Бороо гоулд” ХХК-ийн Бороогийн алтыг зөөсөн түүх. Нэмээд түүх соёлын ховор олдвор Ноён ууланд байгаа. Удаад нь Гацуурт орчмын хөрсийг хөндсөнөөр маш их хортой хүнцэл ялгарч байна. Энэ нь ойр орчмын иргэдэд маш хортой байдал үүсгэж байна. Гутгаарт олборлогч талын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй. Техник эдийн засгийн үндэслэл тодорхой бус. Орон нутгийнхан эдгээр бичиг баримтыг харж, үзэж танилцаагүй... Уул усаа хамгаалж буй талынхны эдгээр учирлалын заримыг нь дэлгэрүүлэн авч үзье.
1
Ноён уул соёлын өв болох талаар: Энд олон зүйл нуршилгүй чөлөөт нэвтэрхий толь Википедиагаас дараах баримтыг харж болно.
Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд, Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ...
1
Энэ бол элдвээр хэлүүлдэг нутгийн хэдэн эх орончдын хэлсэн үг бус нэвтэрхий толь бичигт байршсан танилцуулга. Ийм нандин, дэлхийд тэмдэглэгдсэн ховор олдвортой Ноён уулаа бид 60 тонн алт, 300 сая ам.долларын харьцаагаар солих гэж байгаа бол үнэхээр асуудал.
Хамгийн сүүлд энэ уулын олдворт судалгаа хийсэн Орос-Монголын шинжилгээний ангид Монголын талаас ажиллаж байсан Н.Эрдэнэ-Очир нар ““Сентерра Гоулд”-ийн лицензийн талбайд түүхийн олдвор ямар ч хамааралгүй. Хол оршдог, хоорондын зай нь 7 км шүү дээ” гэж Сөүлээс мэдэгдэх болсныг эс тооцвол Ноён уулыг 300 сая ам доллароос илүү гаргаж ярих эрдэмтэн судлаач, эрх мэдэлтэн байхгүй болж бараг бүгд дуугаа хураажээ.
1
Бороогийн орд яалаа
1
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа" ХХК юм. Энэ ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байжээ. Энэ үйл явцын дараа Бороогийн алтыг онцгой хурдан ухаж дуусгасан “Бороо гоулд” компанийн толгой компани нь Канадын “Сентерра гоулд”. Бороогийн 43 тоннын нөөцтэй гэж анх тогтоогдсон ордоос тавхан жилийн дотор нийт 60 гаруй тонн алт хамж чадсан гэх Канадын энэ толгой компани өнөөдрийн Гацуурт төслийг санаачлагч болоод байна.
1
Тэд Бороог ашиглахдаа байгаль орчинд хамгийн халтай, алтыг түргэн зуур олборлодог нуруулдан уусгах технологи гэгчийг ашигласан гэсэн шүүмжлэлд өртсөн. Гацууртын алтыг ч энэ байдлаар олборлоод эхэлсэн гэж яригдаж байна. Бүхэлд нь харах юм бол “Бороо гоулд”-ын толгой компани Канадын “Сентерра гоулд” нь 1820 га талбайд олборлолт явуулах эрх авсан нь одоо “Гацуурт төсөл” болж Ноён уулыг онилоод байгаа дүр зураг бууна. Хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэгчдийн талд байгаа хамгийн том “нээнтэг” бол Бороогийн алтыг “бохир” зөөсөн гэдэг шүүмжлэл. “Бороо гоулд”-ын үлдээсэн энэ таагүй дурсамж нь “Сентерра гоулд”-д итгэх нутгийн иргэдийн итгэлийг хямрааж байна.
1
“Гацуурт төсөл”-ийн хамрах хүрээг харцгаая
1
Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр, 75.9 тонн алтны нөөцтэй. Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй гэж тэмдэглэгджээ.
1
Уг орд нь усны сав, ойн сан бүхий газар нутагт оршдог байна. Энэ онцлогоороо “Урт нэртэй” хуулиар бол лиценз нь цулагдах ёстой. Харин стратегийн жагсаалтад багтчихвал “урт нэртэй” хууль үйлчлэхгүй. УИХ-аас 2007 онд баталсан стратегийн ордын жагсаалтын тухай 27 тоот тогтоолын нэг ба хоёрдугаар хавсралтуудад дурдсан 15 болон түүн дээр нэмэхээр судалж буй 39 ордын дотор энэхүү Ноён уулын хавь, Гацууртын ордын нэр огт дурдагдаагүй байсныг хэвлэлийнхэн анхааруулж, урьдын эрх баригчид, нам төрийнхөн энд ашиг сонирхолтой байжээ гэсэн хардлагыг дэвшүүлж байгаа юм.
1
Харин одоо бараг бүх хөзөр ил болж хямрал хойморлосон энэ жил “Гацуурт төсөл” нэрээр стратегийн ордод багтахаар Их хуралд орж иржээ. Бороогийн алтны ордыг ч мөн л ингэж олборлолтын явцад стратегийн ордод оруулж байсан гэж бичиж байна. Энэ нь хууль тогтоох хүрээнд улс төр бизнесийн бүлэглэлийн том дэмжлэгтэй байж л бүтэх ажил байсан нь тодорхой. Өнөөдөр ч Бороогийн алтны дараах алхам болсон Гацуурт төслийг манай нэр бүхий улстөрчид идэвхийлэн дэмжиж байгааг нэр устай нь хэлж, энэ байдалд сэтгэл дундуур байгаагаа иргэний хөдөлгөөн, бие даагчид хэлж байгаа юм.
1
Дахиад нэг “Эрдэнэс ...” ХХК
1
Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс-Гацуурт" хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулж байгаа. Гацууртын ордыг ашиглах "Эрдэнэс-Гацуурт" ХХК-ийн өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ" ХХК-аас гаргуулахаар болжээ.
1
"Эрдэнэс-Гацуурт" ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ. Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлж ажиллана... Энэ бол Гацуурт төсөл дээр манай оролцоо ямар байх талаарх Засгийн газрын саналын товч агуулга. Эндээс Тавантолгой дээр алдагдалтай ажиллахын сонгодог үлгэр үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг том толгойтой компани санаанд бууж байна. Хямралтай, мөнгөгүй тул төрийн мэдэлд байх 34 хувийн хувилбар ч багасч 20 хувь болоод ч байгаа юм шиг. Гайхмаар олон буулт хийсэн хямралын шахалт дор Гацуурт төсөл хэлэлцэгдэх гэж байгаа бололтой. Гэхдээ нэг зүйл бол бараг гараас гарсан байна. “Эрдэнэс-Гацуурт” хэмээх төрийн өмчит компани байгуулснаар Гацууртад олборлолт явуулах эрх шууд нээгдэх юм. Их хурлын танхим дахь эвсэг кноп даралтаар энэ асуудал шийдэгдэх гэж байгаа талаар иргэний төлөөлөл, зарим түшээ сануулж байна.
1
Төгсгөлд. 60 тонн алтаар жаргасан нь хаана байна
1
Миний бие Гацууртын ордын талаарх олон байр суурьт энэ асуудалд нэг талд нь дүгнэлт хийж туйлшрах эрхгүй юм. 50-60 орчим тонн алтны нөөцтэй, жижиг хэмжээний гэгдэх энэ ордын талаар хөндөж байгаа маань тус редакцийн байр суурь болохгүй. Гэхдээ жирийн олон иргэний адил энэ асуудлын тойрогт ганц нэг зүйлд эмзэглэж явдгаа нуухгүй. Эрх баригчдаас асуух асуулт байгаа. Бороогийн 60 тонн орчим алтыг 5 хүрэхгүй жилд ухуулж дууссан бид юутай үлдсэн бэ. 100 хүрэхгүй км-ийн 60 тонн алтныхаа хаялгаар цэцэглэж хөгжсөн сум орон нутаг, нуруу тэнийж амьдрал нь тэгширсэн малчид тариаланчдыг ч олж харахгүй л байна. Харин ойролцоо Мандал суманд нь 19 хүнтэй нисдэг тэрэг осолдож 15 залуу амиа алдаж олон нийтээрээ гашуудаж байсныг санах юм байна. Алт оройд нь хүршгүй жаргал өгөх ч ёроолд нь хүрэхгүй зовлонд хүргэдэг гэдэг. Гэхдээ ийм мухар суртлаар хөрөнгө оруулагчдад хүйтэн хандаж болохгүйг өнгөрсөн цаг хугацаа, өнөөгийн хямрал харуулсан.
1
Манай улсын нэг жилийн экспортын хэмжээ 5 тэрбум доллар. Үүний 80 хувь буюу 4 тэрбум доллар нь уул уурхайн салбарын экспорт. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд бусад салбарын экпортын хэмжээ арай гэж 1 тэрбум ам.долларт дөхнө. Бид уул уурхайгаа л харж амьдарч байгаа нь үнэн. Энэ салбарт хөрөнгө оруулж ам.доллар оруулж ирэх нь гадны хөрөнгө оруулагчид. Долларын урсгалд дэм болдог энэ онцгой бүлгийг Монголд бизнес хийж шударгаар ашиг хүртэхийг нь үгүйсгэж үргээж болохгүй. Гацуурт төслөөс орох 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг эдийн засагт нэг төрлийн амь тариа мөн. 50-60 тонн алт ч тийм их нөөцтэй том орд биш гэдэг нь үнэн байх.
1
Гэхдээ Хүннү гүрний их хаадын өвийг бунхалсан Ноён уул Юнескод бүртгэгдэж Дэлхийн өв соёлын нэг болж хамгаалагдах хүлээлт байгааг энд дуулгая. Тийм болохоор ноёдоо, Ноён уулыг л бүү хөндөөрэй.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/