“Шувуу хүртэл далавчаа буруу дэвээд байна…”
![](http://resource.hiub.mn/hiub/images/2015/1/23feed0a759f16a5e709e58f3b0aec51/hbu3rbrgqbnudfdbjkoda1l3n.jpg)
Өмнөхийн өмнөх МАНАН-ын засгийн газрын үед улс төрийн амьдрал зүгээр л нэг гэмгүй манан байжээ, хөөрхий.
Одоо бол шал өөр маш хүндэрсэн, усжилт нь хээлээ даахаа байсан МАНАН ХҮДЭН татлаа.
Хөөрхий өмнөх МАНАН яс юман дээрээ цэвэр улс төрийн тохироондоо үнэнч, хамтарсан үйлсээ санаа нэгтэйгээр хэл амгүй бүтээж, зүтгэж зүтгэлцэж явсан юм байна шүү.
Хамтрагчид нь орж ирээд л улс төрийнхөө тохиролцоог зөрчиж, дарамталж, төрийн албыг бужигнуулж, халаа сэлгээ хийж, эх түрүүгүй бужигнуулаагүй сайн МАНАН байжээ.
Одоогийн дээрээсээ сэдэж, ихийг санаж, аврах, хамгаалах, хямралыг зогсоох, ухаалаг төртэй, дан дээлтэй болгоно гэж ингэж ч өөд татна, тэгж ч дээрдүүлнэ гээд байсан нь бүр дордоод эдийн засгийн хямрал дээр улс төрийн намын дотоод хямралыг гааруулж гарлаа.
“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно” гэгчээр улс төрийн тохиролцоо зөвшилцөлөөсөө хальж, юун эдийн засгаа аврах, төрийн албаны хуулийг нохойн жогорхой болгож, халаа сэлгээ төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газар хэлтсийн дарга бүү хэл мэргэжилтэн лүү орлоо.
Наад захын жишээ гэхэд л БОНХАЖЯ л ТНБ дарга, 6 газрын, мөн төчнөөн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд гээд хуу халж дараагийн ээлж хоолондоо орлоо. Агентлаг гэхэд Стандарт хэмжилзүйн төвийн өмнөх талийгаач даргын үед ажилд орсон гэж 17 мэргэжилтэнг зайлуулж байх юм.
Ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын дарга та бүхэн ингэх гэж засгийн газрыг хөндсөн юм уу.
Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн бүх сонгуульд хавтгайдаа ялагдсан, өндөр насалсан, цагийн аясаар коммунист, социалист, ардчилагч болж арьсаа гуужуулж яваад хэвтэрт орсон ЗОМБИ-г та бүхэн цусны донор хийж татан босгож, амиллуулах байсиймуу.
Өнөөдөр энэ Зомби монголын бүх засаг захиргаа, орон нутагт амилан босч АН-ын ялалт, амжилт, 20 жилийн хүлээлтээс арайхийж харц дээгүүр явах ёс суртахууныхаа эрхийг олж авсан бүхнээ самруулж дуусч байгаа юм бишүү.
Та минь ээ энэ үнэхээр “баабаа” МАНАН байна. Өмнөхөөсөө хэрцгий, хомхой, хорсолтой “манан хүдэн” татлаа даа.
За энэ дүүрч гэхэд “ялалтаас ялалтанд манлайлж, ямагт морьтойгоо, тугтайгаа” явсан АРДЧИЛСАН НАМ маань яагаад ялалтын уухай татуулсан даргаа ялагдаагүй байхад, “нас нөгчөөгүй” байхад дүрмийн бус шалтгаанаар зайлахаас өөр аргагүй зам руу түлхэж, намын анхан шатны байгууллагуудыг бужигнуулаад эхлэв гэдгийг анхааралтай шинжилвэл ёстой ДҮРМИЙН БУС гэж хэлвэл хэлэхээр НО их байна.
АН энэ хугацаанд юу болсныг энэ намын дүрмийг батлалцаж, хийж байсан алдаа оноог мэдэхийн хувьд дараах шүүмжийг өгмөөр байна:
1.АН-ын шинэ дарга дүрмийн бус бөгөөд хууль бус. Учир нь намынхаа их хурлыг санаатайгаар хойшлуулсан, их хурлаар баталгаажаагүй. Өмнөх даргыг дүрмийн бус гэж шүүмжилж байсан ч шинийгээ бодвол 2 удаагийн их хурал хийж, сонгуулийн өмнө бүх гишүүдээрээ баталгаажуулсан, жинхэнэ дүрмийн дарга байжээ.
2.АН-ын ГЕНСЕК дүрмийн бус. Урьд нь генсекийг намын нарийн бичгийн дарга нар дундаасаа үүрэг гүйцэтгэгч томилж, цаашид шинэ генсекээ томилдог байсан. Үүний жишээ бол 2001 онд генсек З.Энхболд тагнасан чагнасан гэж бужигнуулаад нотлогдоогүй тул АНУ руу “дайжихад” орных нь үүрэг гүйцэтгэгчийг гадаад харилцаа хариуцсан Ц.Сүхбаатар гэх намын нарийн бичигт хариуцуулж байсан бэлээхэн жишээ буй.
Гэтэл намын бус төрийн 1 дүгээр хүний зөвлөхийг нь гаднаас авчирж үүрэг гүйцэтгүүлж эхэллээ. Үүнд 2 шалтаг байгаа гэж болно. А. Тахиа шувуу ч биш, газраар явагч биш гэдэг шиг МоАХ-ч биш, алтангадас ч биш Эрхэмбаяраас аятайхан холдох, Б. АН-ын анхан шатыг бужигнуулах ажлыг хийлгэж, хүний гараар могой бариулах гэсэн санаа байхаас хол явахгүй.
3. Циркийн акробат үзүүлэн дээрээс олсоор бууж ирсэн генсек маань харамсалтай нь буурь суурь заахгүй шууд өөрийг нь дүүргийн намын дарга болгож, улмаар ҮЗХ-д оруулж ирэн, 2 удаа УИХ-д дэмжин өөд ньтатсан СХД-ийн АН-аа хага яран хуваах ажлаар шангаа татсан нь нэн тавьтаргүй зүйл болж, хөвдөнд ассан түймэр мэт нэлэнхүй монголоор тарж, муугаас муу жишиг болж, “амилсан Зомби” нарын идэш тэжээл боллоо. Одоо бид сонгуулийн өмнөх жил эхэлсэн энэ хагарлаа хэрхэн эвлүүлж, зангидсан нударга шиг сонгуульд орох вэ. Хэнд буруугаа тохох вэ.
4.Нөгөө ардчиллын “цагаан адуу” АН, хуучны Ху Ху, шинэ цагийн бас нэг Ши Ху боллоо. Яагаад вэ гэвэл намын нарийн бичгийн дарга нар нь УИХ-ын гишүүд болж, улс төрийн товчоотой МАН-ын бүтцийг авснаар ардчилал, шинэчиллээсээ бүрэн ухарлаа.
Үүгээрээ жинхэн цусан төрлийн МАНАН ХҮДЭН боллоо. Намын байгууллалтын нарийн бичгийн дарга нь Ёлконы мод шиг олон чимэгтэй БГД-ийн АН-ын дарга, ҮЗХ-ны гишүүн, нийслэлийн АН-ын дарга асан, засгийн газрын гишүүн сайд, УИХ-ын гишүүн, Шонхор фракцийн тэргүүн, Баянгол дүүрэгт хамжлагат ёсыг сэргээн, феодалын нийгэмд оруулсан хүн болж байх жишээтэй. Шинэ АН-ын нүүр царай, шинэ имиж нь УБ-чуудын өмнө, монголын өмнө ийм л эрийг тавьлаа.
5.АН-ын зовиуртай цэг Дарханд ах дүү 5 Дашийн бүлэглэлийг дэмжин, арайхийж чигээ олсон намаа бужигнуулж байгаа бол Эрдэнэтийн намыг БГД-ийн намын жишиг рүү хөтлөхөөр туршлагаа тулгаж байх юм.
6. Агаа их баатар Үүл Ху Ху-г унаад ирэхлээр нь л татан босгож ирээд хамгаалаад байдаг 25 жилийн “жигтэй” үйлдлийг АН-ын анхдагчид бид гайхсаар байдаг ч хүсээд байсан МАНАН ХҮДЭН нь ямартай ч үүслээ.
Баатар та минь үүнийг л хүсэж, “зомби”-г амилуулж, намын үнэт зүйлсийн ялгарлыг сааруулж, нам дамнасан оросын Путины, ХКН шиг намыг алсдаа байгуулах гэж 25 жил перестройка хийж, 90 оны 01 дүгээр сарын 21-ны цасан шуурганаар “Хүн төрөлхтөний аугаа их багш Лениний наснаас нөхчсөн өдрийн эмгэнэл”-ийг Д.Сосорбарамын цахиртсан хоолойгоор зарлуулж, хайран чих дааруулсан юм байна гэж АН-ын анхдагчид бид харуусах боллоо.
АН-ын орон нутаг дахь хийгээд анхан шатанд байгаа гишүүд бидэнд сүүлийн үеийн үйл явц Р.Чойномынх билүү “шувуу хүртэл далавчаа буруу дэвээд байна…” гэдэг мөрийг бодогдуулхаар болоод байна. Харж байгаад хөдөлцгөөе дөө найз нараа.
“марксист”Д.Цэрэн2015.01.19