“Яая даа байз, хөгжих юмсан” гэж бид хэчнээн ч жил санаашрав. Бодлого бодож, мөрөөдөж, хэрэлдэж хэлэлцэж, хөтөлбөр төсөл боловсруулж 20 гаруй жил тэлчиллээ. Үндсэндээ улс орон маань ямар байхыг цоо шинээр зураглаж эхлэсэн. Тулгуур төвүүдээ хөгжүүлье, аймаг, сумууддаа амьдрал залгуулъя, аж үйлвэрийн паркууд бий болгое гэж зөндөө л ярьсан. Зүгээргүй, төсвийн жаахан орлогоосоо бага ч болов хөрөнгө оруулалт хийж, гадныхныг татаж, дотоодынхноо тохижуулсаар “буурай” гэгдсэн шошгоноосоо ангижирч чадсан маань асар том алхам болсон юм.
Засгийн газар яг юу хийх, ямар ажил, төсөл хэрэгжүүлэхээ шийдээгүй байхдаа дэлхийн санхүүгийн зах зээлээс дааж давшгүй өр зээл босголоо гэсэн шүүмж Чингис бондыг өлгийдөн авсан. Улмаар энэ нь бондын хөрөнгийн зарцуулалтыг үр ашиггүй болгосон гэх “гал цогтой” дүгнэлт дагалддаг. “Зам, гудамж руу цацаж хаясан мөнгөөр яаж зээлээ, хүүтэй нь төлөх вэ” гэсэн асуух өгүүлбэр мөнхүү шигтгэнэ. Гэвч энэ мэт шүүмжлэл дайгчид наад зах нь 2010 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг санахгүй, зарим нь ч хэргээр “мартсан” байж мэдэх юм. Энэ хөтөлбөрт зах зээлийн тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогыг багцлан, бүхий л томоохон төсөл, зорилтуудаа багтаасан. Асар өргөн цар хүрээтэй энэ хөтөлбөрт бидний байнга ярьж, зорьж, мөрөөдсөн аймгуудаа нийслэлтэйгээ автозамаар холбох, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулдаг, экспортлодог болох, европын стандартын экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох, импортыг орлох үйлдвэрүүдийг байгуулах, цахилгаан станцын шинэ эх үүсвэрүүдээ барьж байгуулах зэрэг бүх ажлууд бичээтэй байгаа. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсүүдийн хөгжлийн стратеги гэх мэт бодлогын зорилтууд, "Хотууд", "Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл", "Хөдөөгийн хөгжил", "100 мянган айлын орон сууц", "Барилгын материалын үйлдвэр" мэтийн “эл дол” болтлоо хэлцэгдсэн төслүүд ч шингээтэй бий.
а
ш
Хөгжлийн тухай мөрөөдлүүдээ бид хэрэгжүүлж чадахгүй, олон жил ширээнийхээ шургуулганд хадгалсан. Яагаад гэвэл бидний бэл бэнчин хүрдэггүй байсан. Өнгөрсөн зуунд бид социалист орнуудын тусламжаар эдийн засгийн асуудлаа шийддэг байлаа. Социалист бүтээн байгуулалт тухайн цаг үедээ бидэнд хангалттай мэт байж, монголчууд иргэншин соёлжиж чадсан ч гэлээ бие даасан, тусгаар улсын хувьд төдий л нийцтэй бус байсныг бид нэгэнт мэдэх болсон. Дараа нь хандивлагч орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, хандив тусламжаар хөгжлийн асуудлаа шийдэх гэж оролдож ирсэн. Гэхдээ энэ эх үүсвэрүүд үргэлж хязгаартай, бас ихээхэн хатуу нөхцөлтэй, багагүй хугацаа, бэлтгэл шаарддаг, хөшүүн, зарим талаараа манай улсын зорилго эрмэлзэлт тэр бур нийцдэггүй мехнизм байсан гэж хэлж болно. Зайлшгүй шаардлагатай төслөө санхүүжүүлэх гэхээр “мөнгөний эзэд” төрөл бүрийн зөвлөгөө чиглэл өгч, ийшээ ч хийж болохгүй, тийшээ ч хийж болохгүй гэж саад тотгор тавих нь элбэг. Тухайн байгууллагын санхүүжилтийн төрөл, чиглэл нь өөр байх нөхцөлд ямар ч арга байхгүй.
Гэхдээ энэ бүх бэрхшээл саадыг даван гарч, өрсөлдөх чадвараа алхам алхамаар өсгөсөөр манай улс олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны зээл босгон, түүнийгээ өөрийнхөө бодлогоор захиран зарцуулах эрхтэй болж, анхныхаа бондыг гаргасан. Гэхдээ мэдээж “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөө иж бүрнээр нь ажил болгоход Чингис бондын 1.5 сая ам.доллар хаанаа ч хүрэхгүй. Уул нь Засгийн газар УИХ-аас 5.0 сая ам.долларын бонд арилжаалж, хөрөнгө босгох эрх авсан. Тухайн үед буюу энэ эрхийг Засгийн газарт олгож байх 2012 оны эцэст Оюутолгой төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт дуусах шатандаа орж, өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин багассан байлаа. Хөрөнгө оруулалтын газрын мэдээнээс үзвэл, 2013 онд гадаадын шууд хөрөгө оруулалт 2011 оныхоос дөрөв дахин буурсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан харж Чингис бондыг зөв цаг үед, зөв үнэлгээтэйгээр босгож чадсан гэж хэлж болно.
х
о
Засгийн газар ердөө 1,5 тэрбум ам долларын бондыг борлуулах санал тавихад нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын томоохон сангууд гээд нийт 400 гаруй байгууллагаас 15 тэрбумын хүсэлт ирсэн нь Чингис бонд ямар их итгэл найдвар дээр, ямар амжилтай арилжаалагдсаныг илтгэх хангалттай үзүүлэлт болж чадна. Бондын хүү ч харьцангуй багаар тогтоогдсон. “Уол стрийт жоурнал”-д тухайн үед “Монголын Засгийн газрын бонд олон дээд амжилтыг эвдлээ” хэмээн бичиж байлаа. Олон улсын санхүүгийн систем харилцан итгэлцэл дээр тулгуурладаг. Тухайн үед манай улсын зээлжих зэрэглэл ВВ- байсныг хүмүүс сайн санаж байгаа байх. Манайхтай ижил зэрэглэлтэй Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр олон улсын санхүүгийн зах зээлд анх удаа үнэт цаас гаргаж байсантай харьцуулахад Чингис бонд хөрөнгө оруулагчдын олгосон нөхцөл хэд дахин сайн юм.
Үнэн л дээ, бонд бол өр. Тиймээс үүнийг судалгаатай, хяналттай хэрэгжүүлэх явдал туйлын чухал. Гэхдээ жинхэнэ “өр шир”-тэй харьцуулах юм бол олон давуу талтай. Харьцангуй урт хугацаанд, үе шаттай төлөх боломжтой. Ашиглах хугацаандаа өгөөжийг нь хүртэх тооцоотой. Олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууддын хяналттай энэ мөнгийг Хөгжлийн банкаар зарцуулж байгаа нь бүр ч том давуу тал юм. Дээр нь бондоор босгосон хөрөнгийг ганц нэгхэн мега төсөлд бүхлээр нь үрчихгүй байхаар Засгийн газар шийдсэнээр санхүүжилтийг хүртээмжтэй болгож, үр ашиг бүхий олон төслүүдэд бусад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломж олгож байна.
х
о
Чингис бондын хөрөнгө бол “хөгжлийн санхүүжилт”. Албан найруулгын энэ хоёрхон үгний ард нарийн түвэгтэй гүн агуулга бий. Манай улс шиг жижиг эдийн засагтай, багашаархан төсөвтэй, хөгжиж буй улсын хувьд хөгжилд чиглэсэн суурь бүтцийн бүтээн байгуулалтуудаа төсвийн хөрөнгө оруулалтаар шийдээд явна гэвэл олон жилийн хугацаа шаардана. Удаан хөгжинө л гэсэн үг. Хөгжлөө хурдасгая гэвэл урт хугацааны, том санхүүжилтээр дорвитойхон хөдөлж, суурь дэд бүтэц, улсын чанартай автозамууд, эрчим хүчний систем гэх мэтээ ирээдүйд чиглэсэн, өсөлт авчрах бүтээцүүдээ бий болгох зайлшгүй шаардлагатай. Чингис бондын зарцуулалтын талаар зарим нэгэн хүмүүс “гудамж зам, дэд бүтэц гэх мэт үр ашиггүй, зээлээ, хүүтэй нь нөхөн төлөхгүй төслүүдэд Засгийн газар хэтэрхий их мөнгө цацаж байна” гэсэн шүүмжилдэг. Үүний учир нь ердөө л энэ юм.
Засгийн газар хөгжлийн бодлогыг багцлан үндсэн хоёр чиглэлд бондын хөрөнгийг зарцуулахаар шийдсэн. Нэгдүгээрт, дэд бүтэц, хоёрдугаарт, үйлдвэржилт. Эдгээр чиглэлүүд багцлагдаад “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн зорилт хангагдана гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, “Орлогогүй” гэгдээд байгаа автозамын болон гудамж, уулзваруудын, нийслэлийн суурь дэд бүтцийн, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн төслүүд хэрэгжихгүйгээр “орлоготой” ажлууд, үйлдвэржилтийн төслүүд хэрэгжих боломжгүй. Дэд бүтэц бол хөгжлийн суурь. Аварга том үйлдвэр барьтал өнөөх нь эрчим хүчгүй, зам харилцаагүй бол ажиллаж чадахгүй. Улсын чанартай замуудаар аймаг, тулгуур төвүүдээ нийслэлтэй, хилийн боомтуудтайгаа холбож, төмөр замын бүтээн байгуулалтуудаа хэрэгжүүлэхгүй бол бид өнөөдрөөсөө урагш нэг ч алхахгүй. Энэ харилцан хамаарлаар нь ухаж бодвол, эдийн засгийн өсөлтийг сайжруулж, зардал хэмнэн, улмаар үр ашиг дагуулдаг дэд бүтцийн төслүүдийг “орлогогүй, зээлээ төлж чадахгүй” гэж өрөөсгөл юм. Хот, хөдөөгийн хооронд саадгүй, хурдан хүрдэг болох тусам хүмүүс өртөг, зардал, цаг хугацаагаа хэмнээд, эндээс хэмнэсэн зардлаа өөр бизнест оруулж, ашиг хийх тусмаа татвараар улсын орлогыг нэмэгдүүлнэ. Өсөлт ингэж бий болдог.
х
о
Үр ашиг нь улсын төсөв рүү ордог болохоор дэд бүтэц, зам харилцааны төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой гэж зарим эдийн засагчид мэтгэдэг. Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв ийм ачаалал дийлэхгүй. Яаж ийгээд төсвөөс гаргалаа гэхэд алдагдал хэтэрч, өнөөх л хөгжлөө улам удаашруулахад хүрнэ. Тэгэхээр Чингис бондын хөрөнгөөр эдгээр төслөө санхүүжүүлж, түргэн хугацаанд бүтээн байгуулчихаад, 2022 он хүртэл хүртэх үр ашгийг оролцуулан зээлээ төлөх нь төсвийн ачааллыг олон дахин бууруулах ач холбогдолтой. Хамгийн гол нь бид цаг хожино. Энэ хугацаанд их үү, бага уу л гэхээс биш эдийн засаг маань өссөөр л байх нь дамжиггүй.
ү
о
х
о
Д.Энхболдбаатар