Дөнгөлүүлсэн Засгийн газар
2015-01-21

УИХ-аас энэ онд өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьд барихаар баталж, Засгийн газарт үүрэгдэв. Хэрвээ баталсан хувиас хэтрүүлбэл хариуцлага тооцож, “Засгийн газрыг огцруулах хүртэл асуудлыг өргөн барина шүү” хэмээн жижүүрийн үгээ ч гишүүд хамтад нь дайхаа мартсангүй, айхгүй ч аягүй байдалд Ч.Сайханбилэгийг оруулав. Дээрээс баталсан шийдвэрийг хэрэгжүүлэгчийн хувьд Засгийн газар эдийн засгийг сэргээдэггүй юм гэхэд элгээр нь мөлхүүлэхгүйн тулд авах арга хэмжээнүүдийнхээ хүрээнд өрийн таазыг тогтоосон хувьд нь барихыг хичээх байх. Нэгэнтээ их наядаар нь танаад танаад 900 тэрбумын алдагдалтай батлагдаж байгаа төсөв, өнөөдрийн өрийн тааз ДНБ-ий 55 хувьд хүрсэн энэ үед хөрөнгө оруулалт, валютын  урсгалыг наашлуулахад өрийн тааз батлагдсан хэмжээнээсээ давна гэдгийг кноп даран баталсан 76 гишүүн байтугай лааз өшиглөж яваа улстөрчид ч  чанга дуугаар хэлж байна лээ.


Өрийн таазыг  ДНБ-ий 58.3 хувьд барина гэдэг бол Засгийн газрын санал болгосон хэмжээ биш. Тиймээс ч Засгийн газарт энэ оны төсвийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй. Хэдийгээр Засгийн газрын “өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд барих” саналаас 1.7 хувиар бага, бараг л “дүндээ дүн” гэдэг шиг харагдаж байгаа ч нөгөө талаас УИХ-ын өрийн таазын хувийг багасган хэмнэсэн гэх 400 тэрбум төгрөг өнөөдрийн эдийн засгийн тооцооллоор их мөнгө гэж үү. Улсын төсөв тэрбумаар тооллогддог байсан үе 10-аад жилийн өмнө ард хоцорсон. Төсөв их наядаар хэмжигдээд удаж байгааг байнгын үйл ажиллагаагаа парламентад насаараа сууж байгаа эрхмүүдээс эхлээд балчир улстөрчид ч мэднэ. Тэрбум төгрөг гэдэг заримынх нь халаасанд өдөр бүр зарцуулагдаж байдаг мөнгөн дүн ч байж мэдэх. Яагаад гэвэл улсын төсвөөс ч баян эрхмүүд өнөөдрийн парламентад нэг бус бий. 


Ер нь эдийн засагчид өрийн таазыг хөрөнгө оруулалт эргэлдэх хэмжээнээс чөлөөтэй тавьж байж эдийн засгийн эрсдлээс гарна гэж үзэж байна лээ. Өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд барилаа гэхэд Засгийн газар заавал тулсан хэмжээнд өрийг үүсгэх албагүй. Хэлбэлзэлтэй байлгах хэрэгтэй гэж зарим эдийн засагч ярьж байсан. Харин Засгийн газарт хамтарсан МАН-ын хувьд “өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн улс төрийн намуудын зөвшилцлийн гэрээгээ зөрчсөн” хэмээн эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ий 55.2 хувьтай гарсан өрийн таазыг энэ  онд нэмэгдүүлэхгүй, эсвээс гадаадын зээл тусламжаа оролцуулаад 58.3 хувьд барьж болно гэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн тавьсан шаардлага чуулганаар батлагдлаа. Энэ нь ирээдүйд орж ирэх төлөвлөсөн бүх хөрөнгө оруулалтаа нэмээд  гаргасан дүн гэнэ. Тиймээс л дахин шинэ хөрөнгө оруулалт татахад өрийн тааз тулсан хувьтай байгаа учир Засгийн газар дөнгөд ороод байгаа аж.


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бодлого үйл ажиллагаагаа тодорхойлохдоо “эдийн засаг” гэдэг хоршоо үгийг гурвантаа давтан хэлсэн. Улс төрийн намуудтай хамтарч танхимаа бүрдүүлсэн ч түүний анхны алхам парламентын босго давалгүй бүдэрлээ. Энэ онд төсвөө танаж, бүсээ чангалахаар авч хэрэгжүүлэх татварын, нийгмийн халамжийн, хүүхдийн мөнгөтэй холбоотой Засгийн газрын саналууд бүгд унасан. Өөрөөр хэлбэл, өргөн барьсан саналыг нь улстөрчид нүүр бууруулан, зүсийг нь хувирган баталлаа.


“Бид хамтдаа байхдаа хүчтэй, хамтарсан үедээ улс орны хөгжилд томоохон түлхэц болсон шийдвэрүүдийг гаргадаг” гээд л улстөрчид нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар Засгийн газарт хамтардаг. Үнэндээ ч Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүд “YES” кнопоор дэмжин  батлагддаг. Харамсалтай ч энэ Засгийн газарт парламент дахь нам, эвсэл хамтарч “73-ын бүдүүн” эвсэл байгуулсан ч, хамтрагчдаа итгэхгүй байгаа даг.


Өрийн таазыг нэмэгдүүлэхийн хэрээр валютын урсгал орж ирнэ. Тиймээс ч өнөөдрийн түвшинд тулгаад тооцсон өрийн таазыг дахин нэмэгдүүлэх шаардлага Засгийн газарт тулгарна гэж зарим эдийн засагч үзэж байна лээ. Ямартай ч УИХ төсвийн тодотголыг энэ удаад хэлэлцэн батлаад намрын чуулганаа хаана. Харин ирэх хаврын чуулганаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулж, өрийн таазыг дахин нэмэгдүүлэхээр хуулийн төсөл өргөн барихад хэн ч гайхаад байх зүйл биш бололтой.


Н.Энхбат


Shuud.mn
Сонин хачин
mogno oloh hamgiin amarhan arga shvv deer ni bas batalgaatai:
bi yg anh eniig unshij baigaa hvn shig netees mongo olno gej yu baidiin hudlaa hulhiduulna gej boddog bailaa tegsen vgvi baijee gedgiin onoodor oilgoloo vnheer amarhan netees mongol olj boldog yum bn shvv ene haygaar orood register now gedgiin dar tgeed chamd enentei tostoi hayg ogno taraagaad mongol olj bolno hamgiin gol ni batalgaatai site shvv mongoo money gram ees awna neree mail pass hiigeel boloo ene ymar negen virus eswel ayultai yum bish shvv tiim uchraas oroldood vz tgeed itge http://theweeklyjob.com/?id=326135
2015-01-22