УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр "өрийн хэмжээ 58.3 хувь хүрсэн юм байна. Өмнөх Засгийн газар 58.3 хувь болгочихоод 39 хувь гэж мэдэгдсэн. Ч.Улаан 39.8 хувь гээд яриад сууж байсан. Би баримттай юм ярьдаг хүн" хэмээн намжирдав. Мөн тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж "Та өөрөө ЗГХЭГ-ын дарга байсан. Тэр Засгийн газар Өрийн хуулийг зөрчжээ. Одоо уучлалт гуйчихаач. Тэгээд цаашаа явъя. Уучлалт гуйх сэтгэлийн тэнхээ байна уу?" гээд зогсохгүй Эрүүгийн хуулийн зүйл заалтыг цохож хариуцлага нэхсэн. Бас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Өрийг буруу мэдээлснээс 4 их наяд төгрөгийн зөрүү гарсан байна. Үүнтэй холбоотой хүндрэл үүссэн. Яагаад УИХ-ыг хуурамч мэдээллээр хангав" хэмээн хариуцлага тооцох эзнийг хайж суув. Энэ бүхэнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Би буруу мэдээлэл өгөөгүй учраас хариулж мэдэхгүй" хэмээн хаяагаа манаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн хэмжээг 60 хувьд хүргэхээс өөрийг ярихыг хүсэхгүй байна.
р
Ингэхээр Монгол Улсын өр хэнийг ч мэдээгүй байхад ДНБ-ийхээ 58.3 хувьд хүрчихэж. Шинээр зээл авсан уу гэвэл үгүй. Тэгвэл яагаад 58.3 хувь хүрчихэв. Бүү мэд. Магадгүй үүнд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулт өгч болох юм. Эсвэл валютын ханшийн өсөлт рүү бурууг нь чихэж ч болох. Ямартай ч Монгол Улсын өр нэмэгдчихэж. Гэхдээ хэн нэмсэн нь тодорхойгүй, товчхондоо буух эзэн буцах хаяггүй өрийн дарамтад оруулчихаж, биднийг. УИХ-ын гишүүд тэр дундаа МАН-ынхан их л бухимдалтай байна. Шалтгаан нь Шинэчлэлийн Засгийн газрынхан УИХ-ыг худал мэдээллээр хангаж байсан гэнэ. Өрийн хэмжээ аль хэдийнэ 50 гарчихаад байхад хуулийн хэмжээндээ байгаа гэсэн мэдээлэл өгч байсан аж. Тэгэхээр мэдээлэл авах эрх хязгаартай жирийн бид бол бүр цаашаа аж. Монголын нэг иргэн хэдэн сая төгрөгийн өртэй боллоо хэмээн тоолж, тэрийг хойч үе маань төлнө хэмээн мунхаглаж суухаас өөр аргагүй санагдав.
1
Ерөнхий сайдын үгээр бол өнгөрсөнд тавьсан өр бол өнгөрсөөн. Тэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдаа юу эсвэл ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн буруу юу, хэнд ч хамаагүй. Харин одоо ахиухан өр тавьчихаад, тэрэнд нь бидний баг менежмент хийж, өрийг бууруулна. Ингэхдээ энэ онд өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргээд өгчих. Энэ бол өрийн хэмжээ 40 хувь байна гэсэн хуулийг зөрчиж, засч буй хэрэг биш. Харин хуулинд нийцүүлж байна хэмээн тайлбарлаж, хууль батлуулахаар шамдаж байна. Нэг талаар Ерөнхий сайдын хэлж байгаа үг зөв. Зээл авч, түүнийгээ зөв менежментээр зарцуулж, ашигтай болговол өрөө дарах боломж нээгдэнэ. Ямар нэг арга хэрэглэхгүй бол өнөөгийн өр хэвээрээ л байгаад байна. Магадгүй өнөөдөр шиг хэн ч мэдээгүй байхад л өсчихнө. Тэгэхээр зориглосон нь дээр. Хэдийгээр МАН завсарлага авсан ч өрийн хуулинд өөрчлөлт орж, 60 хувь хүрэх нь бараг тодорхой болсон асуудал. Тэгэхээр хамгийн чухал нь хуулийг засварлан байж өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаагаа өглөө бүр санах нь зүйтэй. Ерөнхий сайдыг ДБН-ийнхээ талаас илүү хувьтай тэнцэх хэмжээний өрийг хэрхэн бууруулах зөв менежментээ олсон гэж найдъя. Бас олонхоор түрүү барьж өрийг 60 хувьд хүргэж буйгаа мэдэж буй биз ээ.
х
Жилийн дараа Монгол Улсын өрийн хэмжээ 55 хувь болж буурсан байх ёстой. Бид үүнийг л шаардана.
б
В.Хэрлэн