Баасан гаригийн мэнд. Баярын
дараах нам гүм үгүй болж олон түмэн маань амьдралын нэгэн шинэ хэмнэлдээ дасан
зохицож эхэлжээ. Суусан зорчсон хүмүүс их ажил хэрэгч болсон байгаа нь
ажиглагдаж байлаа. Гэхдээ урьд жилийн өдийг бодоход хүмүүс нэг л яриа хөөрөө
багатай ч болцон юм шиг. Ингээд ээлжит яриа тэмдэглэлийг түүвэрлэн буулгалаа. Таалал
орштугай.
1.Нэг юм яриад л буцчих юм
Талбайн баруун талын замаар чигээрээ орчихсон чинь уулзвар хүртэл бараг 30 минут бөглөрч уйдталаа зогсов. Гэтэл ашгүй үе чацуу байрын нэг эр, эмэгтэйн хамт дохиж суулаа.
Төрийн ордон ойрхон байсныг хэлэх үү мань эр шууд л улс төр ярьж эхэллээ. Их ч уран цэцэн яриатай юм.
З- За ёстой сувгаа хурдхан сольёо гэтэл орон гаран юм ярьж байна аа эд нар.
Х- Хэн ?
З- Энэ ордон дотор суудаг хэд л байхгүй юу. Нэг юм яриад л маргааш нь шүүмжлэхээр үгүй, тэгээгүй. Ийм байхгүй юу, тийм биш гээд л тэрнээсээ буцчих юм. Малын хөлийн татвар авна гэснээ, үгүй ээ. Цөөн хэдээс нь л авна гэчихвүү яав. Өрийн босгыг 70 хувь болгоё гэснээ за больё 60 хувь болгоё гэчихвүү тэ. Приусээс 100 хэдэн мянга авах болсон гэл үү. Хэд хоногоос үгүй 60 хэдэн мянга шд ээ л гэх нь дээ тэ, ккк
Х- Аан харин будилуулж байна шүү гэсэн хүмүүс байна.
З- Барахгүй нь дээ эд нар тэ. Дараагийн сонгуулиар аягүй бол арчуулна шүү.
Э- /эхнэр / За нэг юм тэгээд гарах байлгүй дээ
З- Юу . яаж гардгийн. Арчуулна. Яаж сэтгээд тэр ээжүүдийн тэр.. жилдээ нэг олгодог юм уу тэ, тэр 100 мянгыг. Тэрийг хаслаа гэдэг байна аа. Одоо эргээд больчихсон гэх шив дээ.
Х- Харин хүүхдийн мөнгө, ээжүүдийн мөнгө үлдсэн юм биш үү ?
З- Аан тийн...Жоохон бодлогогүй дуугараад л байх шиг байгаан. Тэгээд нэг юм хэлээд л тэр нь араасаа нэг тайлбартай..... Охин яасан гэртээ ирчихсэн үү. Эмээ нь зөрөөд гараад алга болсон уу ккк. Одоо ороод чи хоолоо хийж би сувгаа хурдан хурдан солих ажлаа хийе дээ тэ ккк. .. За хөө гүүр даваад баруун эргээд л бууна шүү ...
2. Хэлгүй юм уу гэтэл ...
Хүүхдийн паркийн галзуу хулганы хажуу замаас 40 орчим насны нэг эр суулаа. Сарны титмийн дундуур замаар эргээд, 1-р сургуулийн урд талын дундуур замаар явдаг. Тэгээд төмөр замын дундуур замаар яваад тэгээд Хан бургэдэйн тэнд очноо гэлээ
Би яриа өдөж “ ... Хот ч нэг л эл хуль болсон санагдаад байх юм хө. Оюутнууд амраад тэгж байгаа юм болов уу....” гэлээ өнөөдөх таг. Зэрвэс харвал толгой дохих шиг болов. Би үргэлжүүлэн “Ер нь оюутнууд байхаар хөл ихтэй байдаг юм байна. Хуучнаар ярьж байснаараа Багануур руу оюутны хотхон бариад гаргачихвал хот харин сийрэг болох юм биш шүү ...” өнөөдөх маань бас л таг... Байдалд орсон би ч тэгсгээд дуугай болтол манай өнөөдөх гэнэт дуу орж “ Хамгийн гол нь би залуу байна, халаас хоосон ч надад эрх чөлөө байна” гэж хип хоп аяллаа. Би нэлээн гайхаж зорчигч эр рүү тогтож харвал чихэндээ чихэвч хийчихсэн байна. Хип хоп дуу аялаад сүйд юм аа. Манай хүн чихэвч хийчихээд явсныг нь би мэдэхгүй ганцаараа баахан ярьсан юм байж л дээ. Очих газар дөхөөд ирэхийн алдад утсаараа залгах хооронд нь би нэхэл хатуутай яриа өдөж “ Түрүүний чиний аялдаг тэр халаас хоосонч эрх чөлөө байна гээд бас үнэн үгтэй дуу байна шүү ” гэлээ. Мань эр над руу нэлээн сонирхонгуй харснаа “эрх чөлөөгөө хасуулсан хүн л ойлгоно л доо, хамаа” гэж хэлэхдээ тун ширүүн цоргих мэт харж намайг нам жижгэрүүлээд буулаа.
3. Эрх хасна гэж элэглэх юм дөө
Нарны гүүрээс 4 зам хүргүүлсэн хүүхэн замын хар мэдээг сонсоод хүүхдээ гэрээс гаргаж чадахаа байсан гэж сэтгэл түгшин ярьлаа.
Э- /эмэгтэй/ Яанаа ой гарантай хүүхдийг дайрчихсан гэж байна шд. Юу вэ, тэр Яармагийн замд чинь бараг хориод хүн дайруулсан гэж байна шд. ТВ9-ийн тэр замын хар мэдээ нь үзэх юм биш. Би одоо бүр айгаад хоёр охиноо гэрээс гаргаж чадахгүй байна шд.
Х- Аан тэгээд согтуудаа л их аваар гаргаад байна л даа.
Э- Эрх хасах ч гэж дээ тэ. Нөгөөдөх нь маргааш нь машинаа бариад л явж байгаа шд. Мэдээж тэ. Манай найзын нөхөр ноднин эрхээ хасуулсан. Өглөө орой эхнэрээ зөөгөөд л бариад л яваад байгаа шд. Тэр бүтэхгүй тэ, ахаа. Машин нь байхад зогсоогоод байхгүй шд. Өөр барих хүн байхгүй бол тэгээд барина шд. Торгуулийг нь өндөр тавиад тэрийгээ төлтөл нь машиныг нь хураачих хэрэгтэй байхгүй тэ. Гарцан дээр л хүн дайрчлаа гэх юм. Нээрээ аймаар байна аа.
4. Сараатай хальт таарах гээд
Төмөр замын эмнэлдэг хүргүүлье гэсэн залуу арын хаалга онгойлгож нэг машины аккумлятор бололтой зүйлийг ард тавиад өөрөө урд суулаа. Суугаад л утсаар ярилаа.
З- Сараатай хальт таарах гээд гарах гэж байсан эхнэр гуай хар эрт ороод ирдэг юм. Яг хувцасласан зогсож байсан юм чинь. Өнөөдөх чинь залгаад нэг газар байж байна. Юм юмтай л байна гээд байхаар нь гарах гээд ажлаас одоо гарч байна гээд хэлчихсэн хүн чинь гэртээ тольдоод зогсож байдаг айн ккк. Пи сандраад үг орж ирдэггүй. Хэхэхэ. Чи чинь яах гээд байна Ганаа гуай гээд нөгөөдөх чинь намайг бүлтэлзүүллээ шд.. Хөөш хөөш, тэгээд байцаагаад байхаар нь чиний машин унтарчихаад аккумлятор аваачиж өгөх гээд гарч байна гээд хэлчихсэн шүү. Чи тэгээд тэнэгтдэг шүү. Асуувал ам нэг айн, тийн. Пи бантсандаа нөгөө зун балкон дээр хаясан аккумляторыг тэврээд чиний машиныг асаадаг баатар болоод буулаа шд... Юу ганцаараа гэж харин тэгээд дуулгаж байгаа юм биш үү. За за өөрөө л мэд. Гарвал тэгээд залгаарай.
Х- Эмнэлгийнхээ үүдэн дээр зогсох уу ?
З- Үгүй ээ. Наагуур нь баруун эргээд зогсоно. За ах хэд гарч байх шиг байна ?
Х- Өө 1500 л гарч байна. ...
Залуу хойш эргэн харж нөгөө аккумлятороо нэг харснаа мэргэн санаа олов бололтой нүд нь сэргэн
“ хөөш та энэ аккумляторыг мөнгөндөө авчихаач. Танд ашигтай шд ” гэлээ.
Х- Өө, арай ч хүн холгосон болох байлгүй дээ.
З- Зүгээрээ санаа зоволтгүй. Энэ чинь тийм сайн биш ээ. Энэ зун бүр нурчих шиг болсон. Би одоо хүүхэн дээр орох гэж байж аккумлятор тэврээд яваад байлтай биш. Та нөгөө хөнгөн цагаанд тушаачих. Тэд нар чинь таван мянгаар шууд л авна. Тэгэхүү... тэгье тэгье. Дүү нь мөнгө багатай байна” гэж намайг ятгаад “ За баярлалаа. Болгоомжтой яваарай ах“ гээд буулаа. Үүргээ биелүүлж дуусаад эзнээ нэг эвгүй байдлаас гарах боломж олгосон хуучин муу аккумляторыг би арын багажиндаа хийгээд хөдөллөө. Дараа өдөр нь гэнэт санаад машиндаа тавиад нэлээн яваад унтраагаад нэг дарж үзсэн сулхаан эргүүлсэн болоод нам. Үнэхээр сэхэхгүй суусан аккумлятор юм билээ...
5.Эртэч аав
Хүүхдээ тэвэрсэн залуу нүүр нь харагдахгүй юм. Гар өргөх шиг болов авчихлаа. Хорооллын цэцэрлэг хүргүүлээд буцаад төв рүү хүргүүлье, завтай явна уу хө гэлээ.
Эхнэр нь Солонгос явснаас хойш хүүхдээ өглөө болгон зөөдөг болсон гэнэ.
З- өө ноднин өдийд чинь өглөө арай гэж нэг найм өнгөрөөгөөд босдог байлаа шд. Одоо тэгсэн өөрөө босох бол ёстой асуудалгүй. Хүүхдээ яаж сэрээж хувцаслана даа гэж бодсоор байгаад өглөө 6 гэхэд л гозойгоод байж байдаг болчихлоо шд ккк. Хүүхэд орой тоглоод унтахгүй өглөө босох гэж дайн болох юм. Ээж нь яаж болгож байсан юм.
Х- Ээж нь удах юм уу?
З- Өө нэг жил. Магистрт явсан юм... Чи машиндаа бол FМ байнга л сонсдог уу ?
Х- Өө тэгнэ. Рекламан дундуур л дуу сонсдог юм даа.
З- Нэг өвөр монголын радио яваад байдаг болсон байна лээ тэ.
Х- Тийм үү ?
З- Тийн. Би ч нэг их FМ сонсохгүй л дээ. Машингүй юм чинь. Хааяа таксинд суухаар сонсдог юм. Өчигдөр нэг машинд явж байсан чинь тэр Өвөрмонголын мэдээгээр их сонин мэдээ явж байна лээ.
... Монголын барилгад цемент шороо, шил авах шаардлага ихээр арвидсанаар манай Эрээний баазын ачаа эргэлт өндөр ашигтай гарчээ ... гээд ккк.
Х- Тийм үү. Бид нар ч нээрээ. Эрээнийг өөд нь татсан шүү тэ.
З- Хурдан л өөрсдөө хийдэг болмоор байгаа юм. Муу хөөсөнцөр цементийг урдаас зөөгөөд яахав дээ. Алтанхуяг ч бас эхлүүлсэн шүү.
Х- Одоо засаг солигдоод доод дарга нараа хурдан томилохгүй болохоор ажил бас явахгүй байх шиг байна аа, тэ
З- Одоо ч яахав. Төрийн нарийнууд дээрээ л үзэж байна. Одоо төрийн нарийнууд ирээд хэлтэс газрын дарга нараа нисгэж эхлэнэ дээ. Алтан хошуутнуудыг холдуулна шүү дээ. Жигдрэх болоогүй ээ. Цагаан сар гаргаад л учраа олж эхлэх байх.
Х- Энэ төрийн ордон дотор ер нь их юм болж байгаа байх тэ . Бөөн цавчаа болж байдаг байх аа тэ.
Би ийнхүү улстөржиж төрийн хэдийг нэлээн сайн шүүмжилж явтал нөгөө залуу маань ордны яг баруун хаалган дээр буугаад итгэлтэй нь аргагүй Засгийн ордны баруун хаалгыг нь чиглэн алхлаа шүү. Хэнд юу ярьчихав даа, би гэж хүн .... Ярьж хэлж байгаа нь цаанаа л нэг өөр байсан юм аа...
За нэг иймэрхүү сонинтой байлаа. Цагаан сарыг бэлэггүй хийе гэж төрийнхөнд уриалмаар байна гэсэн нэг өвгөнтэй таарсан. Бодмоор л санагдсан. Манайхан саналаа нэмэрлэнэ биз ээ. Ойр хөдөө яваад ирлээ. Энэ тухай сониноо дараа өгүүлнээ. Цаг агаар дулаахан байна. Гэр бүлээрээ салхинд гарвал зүгээр дээ. Хотод ойрхон UB цанын бааз гэж Найрамдал явах замд байна лээ. Эртээр хоёр хос хэдэн найзуудтайгаа надаар тийшээ хүргүүллээ. Чарга нь цагаар биш өдрөөр өгчихдөг болохоор хямдхан тусдаг гэж байна лээ. Салхинд гарч стрессээ тайлж сайхан амраарай, манайхаан...
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич Хоовон Хөх