Хэмнэлтийн санал санаачилгын уралдаан улстөрчдийн дунд эхэлчихжээ. Хотын орлогч нар цалингүй дарга хийе гэсэн бол их хуралд суудалтай намын бүлгүүд, яам тамгын газрынхан бүгд л нэгийг сэдэж хэмнэлт зарлахаар бэлдэж байгаа бололтой. Зарим дарга хэмнэлтийг цомхотголоос эхлүүлж хэлмэгдүүлэлт болгож байгаа сураг байна.Үүгээр хэмнэлт гэдэг туйлшралт эхэлж байх шиг байна.
ө
Иргэд бид яаж хэмнэлт зарлаж туйлшрах уу. Хэмнэх илүүлчлэх юмгүй хасах баланстай хүмүүс хэцүү л байна даа. За яахав, боломжтой нэг нь бага нялхуудын памперсны хэрэглээг багасгаж, суултуур ашиглалтыг нэмэгдүүлж бас оройн хоолыг хонуулж асгаад байдгаа болих уриалга гаргаж болж байна. 00- ын цаасыг ч бас их үрэлгэн хөвдгөө больцгооё гэж болно. Амралтын өдрүүдэд айл хэсэх болон зочид хүлээж авахаа багасгаж, хэмнэлт хийх уриалгыг ах дүү нартаа хүргүүлж бас болно. Орсон хүнд цай амсуулж хоол хийдэг зардал багасаад ирнэ. Айл хэсэхэд шатаадаг бензиний мөнгө, “очлоо, очиж байна” гэж ярьсаар үрдэг нэгжний мөнгө хэмнэгдэнэ. Хүүхэд залуус цаг наргүй онлайн байж утсаа байнга цэнэглэж тогны мөнгө гүйлгэдгээ больё гэж болно. Сошиал ертөнцийнхөн нэг удаа хэмнэлт гэдэг үгэнд лайк дарж онц шаардлагагүй бол шөнийн тэг цагаас хойш утсаа унтрааж “за унтья даа” гэх зэрэг дэмий постоо больчиход дамаа том хэмнэлт гарна. Цайны газрынхан хагас порцны менюг олшруулж “0” шөлийг гаргаж ирвэл бэл боломждоо тааруулж хэмнэлттэй хооллоход иргэдэд тустай болж ирнэ. Үйлчүүлэгчид ихтэй болно. Бүсгүйчүүд болзохдоо нэг хундага дарснаасаа татгалзаж найз залуугаа хэмнэлтэд уриалж болж байна. Эрчүүд халбага пиво уудаг өдрөө багасгаж нийтээрээ баасан ахын шоунаас татгалзахад баар уушны орлого багасах ч өрхийн зарлага илт хэмнэгдэнэ. Ер нь хэмнэнэ гэдэг өөр нэг боломжоо нэмэгдүүлнэ гэдэгтэй ойрхон сонсогдож байна.
х
Цомхтголд ороогүй төрийн албан хаагчид өдрийн хоолоо хэмнэж ажил дээрээ гал тогоо ажиллуулах санаачилга гаргаж болох юм. Хоёр буудлын зайд ажилдаа алхаж очиж байх “хэмнэлт алхалт” гэсэн санаачилга гаргавал бас нэлээн дэмжлэг хүлээх байх. Төрийн ажилтнууд “ноорог цаас” –наас татгалзах хэмнэлт явуулж үргүй принтер хийдгээ зогсоож цаас, тог цахилгаан хэмнэх юм бол их л нүдээ олсон ажил болно.
ө
УИХ-ын гишүүний нэг сарын унааны зардал дунджаар 500 мянган төгрөг байдаг аж. Ийм түлшээр хэдий их холхиж амжих вэ. Ер нь гишүүд өдөр шөнөгүй хуралдаад байдаггүй тул унаагүй яаж больё гэж бодож байгаа юм бол гэж өрөвдөх хүмүүс бас байна. Төсвөө хэмнээд хувийн машинаараа бензин тосоо шатаагаад явах боломжтой гэж тооцоолсон байх л даа. Нийт түшээд энэ зардлаа танавал жилдээ төсвөөс 500 орчим сая төгрөг хэмнэх боломжтой юм байна. Гэхдээ энэ бол хоёр талтай. Төр засагтай тусгаар улс байна даа. Гишүүдээ гудманд гар өгүүлээд хүний машинд дайгаад явуулаад байж болохгүй. Ертөнцийн шившиг элэглэл болно. Хямрал нүүрлээд хүмүүс бухимдал ихтэй байхад бүр дэмий. Нэг халамцуу нь таараад бухимдлаа тайлах гээд цохьчихвол яана. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал алдагдана. Тэгэхээр гишүүд хөдөө гадаа давхидаг унаанаасаа татгалзах хэрэггүй. Зүгээр л ордноос гарч явдгаа багасгаж хууль батлах чуулгандаа бүтэн суугаад байвал харин үр дүнтэй болно.
х
Такси барихгүй шүү, гишүүд ээ. Хуралдаандаа л ирц бүрэн суугаад байхад аяндаа том “хэмнэлт" бий болно.
а
Пүрэвжавын Баярхүү / тоймч/