Хувилбар хоёр
2015-01-14

Өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд хүргэх хууль унадаг үеэр Их хурлын дарга зарчмын нэг зүйл хэлсэн. Өрийн тааз одоогоор ДНБ-ий 50 хувьд хүрчихээд байгаа болохоор эхлээд үүнийгээ хуулиндаа нийцүүлье, дараа нь энэ 70 хувиа ярья гэсэн утгатай сануулгыг гишүүдэд өгсөн. Үүний дагуу өнөөдөр төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “хувилбар хоёр” өргөн баригдлаа. Ингэхдээ өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна


Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулмагц валютын зах зээлд эерэг нөлөө үзүүлэх нэг тэрбум ам.долларын зээл авах боломжтой гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ нь найзархаг зээл буюу 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй байна гэж тодотгоод байгаа. Зээл яагаад зайлшгүй гэдэг олон талт үндэслэл дээр сүүлд нэмэгдсэн нэг тайлбар анхаарал татахаар байгаа юм. Эдийн засгийн хямрал гэсэн ерөнхий малгайн дотор төлбөрийн тэнцлийн хямрал гээч нүүрлэсэн болохыг ойрноос хүчтэй ярих болов. Монгол руу орж ирж буй ам.доллароос гарч байгаа нь нэг тэрбумаар их байгаа гэнэ. 500 доллар гаргаад 100 ам.доллар олоод байгаатай адил хэрэг. Жилийн өмнө 2.4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөцийн тэн хагасаар төлбөрийн тэнцлийн зөрүүг нөхчихсөн гэж мэдэгдэж байна. Одоо нэмж орох валютын урсгал бараг байхгүйтэй адил гэдгийг мөн нэмж хэлж байгаа.


Манай улс 2011 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт гадаадаас татаж чадсан бол энэ онд 845 сая ам.доллар болж буураад байгаа. Ам.долларын урсгалыг нэмэх ойрхон харагдах том төсөл одоогоор алга. Ингээд олон хэцүүг нийлүүлэн тооцсон шийдлийн засгийн газар зээл авах ганц гарц байгаа гэж учирлаж байна. Гэтэл одоо авчихаад байгаа зээл нь хуулийн хязгаарыг давж ДНБ-ий 50 хувийг давчихаад байгаа гэдэг. Үүнийг шууд 70 хувь болгож өрийн таазыг нэмэх хууль Их хурал дээр унасан ч хоёр дахь хувилбар нь өргөн баригдлаа. Ойрын өдрүүдэд зээл авах зайлшгүй шаардлага байгааг олон нийтийн “маханд” нь хэлж өгөх гэсэн мэт ам.долларын ханш өссөөр 1900 даваад явчихлаа. Үүнтэй зэрэгцээд өрийн таазыг нэмэх хууль дахин өргөн баригдаж байгаа нь хоорондоо уялдаатай харагдана. Ам.доллар өсөхөд Монголбанкны оролцоо, үгүй дээ буруутай үйл ажиллагаа их байгаа гэсэн хардлага шүүмжлэл зарим эдийн засагчид байгаа юм.


Долларт дарлуулахгүй байх үндэслэл байгаа гэж үзэх хэсгийн байр суурийг бөөгнүүлье. Манай улсын алтны нөөц сайн байгаа гэж мэдээлэгдсэн. Валютын нөөц дундарсан ч нөхөөд авчих хэмжээний алт Монголбанкинд тушаагдаж байгаа. Мөн манай гадаад худалдаанд Хятадын юань зонхилж буй. Хоёр хөрштэйгээ ам.доллароор бус өөрсдийнх нь мөнгөн тэмдэгтээр төлбөр хийх своп хэлэлцээр үйлчилж байна. Үүн дээр төгрөгийн ханшийг унагааж байсан бэлэн мөнгөний урсгал зогссон зэрэг хүчин зүйлүүдийг хэлж ам.долларын ханш бол зохиомол хөөрөгдөлт гэж үзэж байна. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2013 оны 2 дугаар сард 506 кг байсан бол 2014 оны хоёрдугаар сарын байдлаар 1.320 кг болж 2.6 дахин нэмэгдсэн байна. Алт ийн нэмэгдэж байхад гадаад валютын нөөцөө зоригтойхон зараад эргээд нөхөж чадна. Энэ бүхнээс ам.долларын нөөц тэгтлээ хомсдож амьсгаа давчдуулах цаг болоогүй гэж тэд үзэж байна. Харин ч долларын өөдөөс чангарч буй юаны ханшийг бид анхааралтай харж байх ёстой гэж хэлэх хүмүүс ч байгаа юм. Ханшийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээний тухайд тэд Монголбанк бодлогын хүүгээ /одоо 12 хувь байгаа/ дахиад өсгөх хэрэгтэй гэж хэлж байна.


Миний бие эдийн засагч биш. Эдийн засагчдын саналын зөв буруугийн туйлыг хэлж дүгнэхгүй. Ам.долларын өмнө бүгд гараа өргөөд байгаа үед энэ бол асуудал биш гэж үзэж байгаа нөгөө талын байр суурийг цухас тоймлон хүргэлээ. Шийдлийн Засгийн газар зээл авч хөдлөхгүй л бол төсөв үндсэндээ хүндэрсэн гэдгийг олонтаа хэлж байгаа юм. Өрийн тааз 60 хувь болж дээр дурьдсан нэг тэрбум ам.долларын зээл авах хүртэл доллар дээшээ цойлж анхаарлын төвд байсаар байх бололтой.



Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Shuud.mn
Сонин хачин
дорж:
эдийн засагчидаас асууна гэх юм тэд чинь 25 жил маньтайгаа адилхан байсан учир ингэж доройтлоо тэгэхээр э/ з гэгч улсуудийг шоучид худал чалчигч нар гэж нэрлэхз хэрэгтэй
2015-01-15
дорж:
эдийн засагчидаас асууна гэх юм тэд чинь 25 жил маньтайгаа адилхан байсан учир ингэж доройтлоо тэгэхээр э/ з гэгч улсуудийг шоучид худал чалчигч нар гэж нэрлэхз хэрэгтэй
2015-01-15
u78888888888:
ham shinj ovchin
2015-01-14
zow bodol:
binzenii une hezee buurah we
2015-01-14
zow bodol:
altaa zarah heregtei
2015-01-14