Нэг баррель газрын тосны үнэ өнөөдөр 50 ам.доллароос доош орчихоод байна. Цаашдаа ч энэ уналт үргэлжилнэ гэж судлаачид дүгнэж байгаа. Оны сүүлд бага зэрэг өсөх хандлага бий ч эргээд 50 доллар дээрээ очиж зогсоно гэсэн прогноз бий. Америкчууд сүүлийн арван жилд байгаагүй хямд үнээр түлш шатахуун нь хямдарсанд баярлаад сүйд. Европын холбооны улсууд ч гэсэн тун таатай байгаа. Хямралын цунами өмнөх шигээ тийм ч хүчтэй нэрвэхгүй гэсэн өөдрөг дүгнэлттэй байна. Учир шалтгаан нь ОПЕК-ийн орнуудын нийлүүлэлт өссөн. АНУ хэрэгцээнийхээ газрын тосны бүтээгдэхүүний 80 хувийг шатдаг занараас гаргаж авдаг болсонтой холбоотой. Хамгийн том хэрэглэгч гэгддэг АНУ руу цутгадаг байсан Венесуэл, Нигери, арабын орнуудын нефть бусад зах зээлд гаран хэрэгцээнээс илүүдэл бүтээгдэхүүн бий болгосон гэж “Блүүмберг” агентлаг уламжилж байна.
1
Түлш шатахууныхаа 90 гаруй хувийг гаднаас импортолдог манайхны хувьд таатай мэдээ. Үнэ хөөрөгдөх шалтгаануудын нэгдүгээрт түлш шатахууны үнийн өсөлт байдаг гээд бодохоор эдийн засаг хямарсан энэ үеийн ачааг бага ч болов зөөллөнө. Гэхдээ бид түлш шатахуунаа голчлон авдаг оросуудтай тогтвортой үнийн гэрээ байгуулсан болохоор энэ бууралт хэр зэрэг ашиг тусаа өгөх вэ гэдэг нь бүрхэг байна. Дэлхийн зах зээлийн үнэ ханшаар түлш шатахуунаа авах гэрээ хэлцэл байгуулах нь Засгийн газрын хөндүүрийг бага ч гэсэн багасгах учиртай. Нөгөө талаар дэлхийн зах зээлийн үнээр өмнөд хөршөөс авах түлш шатахуунаа нэмэгдүүлээд эхэлбэл оросууд нэг их дургүйцэхгүй шударга наймаа болно. Гадагш урсдаг валютын хэмжээ ч багасна. Татвар нэмж, нийгмийн халамжийн бодлогоо чангатгаж иргэдийн бухимдлыг нэмж байхаар энэ мэт гарцыг зөв олж хараад ухаанаа уралдуулбал тийм ч яахаа алдсан дүр төрх харагдахгүй байгаа юм.
1
Дэлхийн олон орон шатдаг занарыг нэрж синтетик газрын тос, хий гарган авч байна. Газрын тосны нөөц шавхагдаж байгаа өнөө үед газрын тосыг орлож чадах эрчим хүчний том эх үүсвэр. Өнөөдөр бид хэнээс ч гуйхааргүй арвин их шатдаг занарын нөөцтэй. Өнөөдрийн байдлаар 788 тэрбум тонн гэж тодорхойлсон. Гэхдээ энэ нь шатдаг занар тархсан талбайн ердөө 19 хувьд л хийгдсэн судалгаа. Цаашдаа нэмэгдэнэ. Шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очно гэсэн судалгаа ч байдаг юм. Түүхий эд нь байна. Түлш шатахууны үнийн таатай байх энэхэн хугацаанд шатдаг занар нэрж түлш шатахуун гаргаж авах үйлдвэрүүд барих бүрэн бололцоотой. Манайд шатдаг занар хангалттай бий. Хамтарсан үйлдвэр байгуулья гээд санал тавихад техник технологи хийгээд хөрөнгө мөнгөний өндөр чадавхитай компаниуд ороод л ирнэ. Дан ганц түлш шатахуун ч биш эрчим хүчний асар их нөөцийг шатдаг занар өөрөө агуулдаг. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 10 орчим хувиар өсч байгаа нөхцөлд эрчим хүчний ийм эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Энэ бүхний үр дүнд аж үйлдвэр хөгжинө, улсын эдийн засаг бөхжиж импортлогчоос экспортлогч болох бүрэн боломж бидэнд энэ мэтээр олон бий.
1
Таатай мэдээ үүгээр зогсохгүй. Бусад түүхий эдийг бодвол үнэ нь үргэлж савлагаатай байдаг өнгөт төмөрлөг, нэн ялангуяа зэсийн эрэлт хэрэгцээ 2015 онд өсөн нэмэгдэж, үүнийг даган үнэ нь эрс өснө гэж дэлхийд нэр хүнд бүхий ихэнх шинжээч үзэж байна. АНУ-ын дийлэнх шинжээч оны эхний хоёр сард л нэг тонн зэсийн үнэ даруй 600 гаруй ам.доллароор өсч 7725 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Үүнийг Европ болон АНУ-д зэс хэрэглэдэг аж үйлдвэрийн салбар эргэн өсч байгаатай холбон тайлбарлаж байгаа аж. Зэсийн эрэлт хэрэгцээ манай урд хөршид буурах болсон ч дээр дурдсан бүс нутагт өсөх төлөвтэй байгаа нь манай улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
1
Лондоны металын бирж дээр сүүлийн гурван хоногт нэг тонн зэсийн үнэ 6170 ам.доллароос 6230 ам.доллар хүртэл өсөөд байна. Өнгөрсөн онд Монгол улс түүхэнд анх удаа нэг сая гаруй унци алт, 1.3 тн зэсийн баяжмал үйлдвэрлэж нэг их наяд 300 тэрбум төгрөгийг улсын санд төвлөрүүлсэн. Зэсийн үнэ өсвөл энэ орлого эрс нэмэгдэнэ. Нөгөө талаар алтны татварын бодлогодоо уян хатан бодлого баримтлах болсноор олборлолт нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засаг таагүй байж болзошгүй дүр төрх ажиглагдаж байгаа энэ жилд улс орнууд алтны нөөцөө арвижуулахыг чармайна. Тиймээс алтны үнэ ханш тогтвортойгоос өсөх хандлагыг бий болгох дүр төрх харагдаад байгаа юм. Тавантолгой гацаанаас гарлаа. Оюутолгойд бага ч гэсэн зулын гэрэл туслаа. Боломж хаа сайгүй л байдаг. Гагцхүү түүнийг олж харах нүд Засгийн газар, УИХ-д байх ёстой.
1
Гадаад зах зээл энэ онд бидэнд ээлтэй байгаа дээр хөрөнгө санхүүгээ босгоод авах нь чухал. Мөнгөтэй болж байна гээд баруун солгойгүй цацаад байх биш хурааж хуримтлуулж ашгаа өгөх салбаруудад хөрөнгө оруулалтыг дэс дараатай хийж гэмээн хямралын хүндэд өвдөг бохирчихгүй өндийх бололцоотой болно.
1
Н.Бадамжав