Үндсэн хууль гэдэг цоожтой авдар бус
2015-01-12

Эдүгээгээс 23 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батласан түүхт өдөр тохиосон юм. Үндсэн хуулийг дагаж мөрдөх огноог тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ноос буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний өдрийн барилдлагат шар морин өдрийн морин цагт тогтсон нь чухамдаа өдрийн сайн, цагийн өлзийг эрхшээн бэлгэдсэн явдал байлаа. Энэ өдөр төрийн ордны өмнөх талбайд төрийн шинэ бэлгэ тэмдгийг өргөн мандуулж, төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо дүүргийн захиргааны байр болон Монгол улсаас гадаад улс орон, олон улсын байгууллагад сууга бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад 12 цагт өргөн мандуулж төрийн дуулалыг эгшиглүүлсэн юм. Мөнхүү улс даяар ёслолын буудлага энэ мөчид хийж байжээ.   Монгол улс түүхэндээ 1924, 1940,1960 онуудад тухайн цаг үеийнхээ утга агуулгад нийцсэн Үндсэн хуулиа батлаж байсан боловч 1992 онд батлаж өнөөг хүртэл мөрдөж байгаа шинэ Үндсэн хууль нь утга агуулга, мөн чанарын хувьд өмнөхөөсөө эрс ялгаатай. Зургаан бүлэг, 70 зүйлтэй Үндсэн хууль Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны эх үндсийг тавьсан юм. Парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийг дээдлэх утга агуулгыг шингээсэн юм. Анхны Үндсэн хууль 1924 онд Коминтерний шууд шахалтан дор батлагдахдаа монгол төрийн уламжлалт тогтолцоо, монгол хүний үнэ цэнд шууд халдаж хүний эрх эрх чөлөөг боомилсон Нам төвтэй төр нийгмийн тогтолцоог шууд тулган хүлээлгэсэн билээ. Төр нийгмийн олон зүтгэлтнүүд энэ тогтолцоог эсэргүүцснийхээ төлөө амь насаа алдаж, нийгмийг оройлон дагуулж байсан давхарга бүхэлдээ хэлмэгдэлд өртөн шинэ социалист нийгэмд амьдрах орон зайгүй болсон юм. Монгол улс хэдийгээр тусгаар тогтносон, НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн улс байсан ч Москвагийн хараан дор тэдний тоглоомын дүрмээр утсан хүүхэлдэй болохоос өөр аргагүй байлаа. Үндсэн хууль нь удирдагч, удирдагч улстөрийн байгууллагын хэмжээ хязгааргүй эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн шинжтэй байлаа. Эсэргүүцсэн хэн ч нийгмийн дайсан болно. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхгүй, хувь хүний бие даасан хараат бус байдлыг бүрэн үгүйсгэсэн тоталитар засаглал байсан юм. Хувь хүнд өмч хөрөнгө байх ёсгүй, нийгмийн баялаг, баялагийн үйлдвэрлэл, хуваарилалт ноёрхогч хэсэг бүлгийн бүрэн хяналтан дор зарцуулагдана.   Шинэ Үндсэн хууль энэ тогтолцоог бүрэн үгүйсгэсэн юм. Тоталитар нийгмээс ардчилсан нийгэмд шилжих амаргүй шилжилтийг 23 жилийн турш хийж байна. Олсон ололт, алдаа эндэгдэл дүүрэн амаргүй он жилүүдийг монголчууд туулсан. Нийгэм эдийн засгийг цоо шинэ үндэс суурин дээрээс өөрчлөх хууль эрхзүйн орчинг Үндсэн хуулийн хүрээнд хийхийг чармайж байна. 23 жилийн тэртээх нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдсөн. Нийтийн өмч, эрх ашиг бүхэнд хайр найргүй хандаж, хувь хүний хязгааргүй эрх чөлөөг дээдлэсэн. Үр дүнд нь ямар ч зохицуулалтгүй нийгэм бий болжээ. Үндсэн хуулийн анхдагч агуулга үүнд чиглээгүй ч дагалдаж гарсан хийгээд гарч буй хууль эрхзүйн орчин ийм үндэс суурийг баттай суулгаж чаджээ. Чадалтай нь амьдарч чадалгүй нь мөхөх ёстой зэрлэг капитализмын үр үндэс хэдийн боловсорчихлоо. Хүн амынх нь 5-10 хувь нь хэт баяжиж, 20 хүрэхгүй хувь нь дундаж амьдарч үлдсэн нь ядуу буюу нэн ядуу амьдарч байгаагаас ямар нийгмийг бид байгуулах гэж 23 жилийн турш зүтгэсэн вэ гэдэгтээ эргэлзэхээс өөр аргагүй. Бүхнийг зохицуулах гэж чармайсан ч нийгмийн байгуулалдаа гэхээсээ бизнесийн ашиг сонирхолд таацуулан хууль эрхзүйн орчин бий болгож ашиг сонирхол нь захирагдсан. Өнөөдөр л ашиг орлого олж байвал маргааш хамаагүй мэтээр үздэг болсноор хөгжлийн тодорхой бодлогогүй болсон. Өнөөдрийн энэ нийгмийн төлөв байдалд дуртай хүний тоо нийт хүн амын 10 хүрэхгүй хувийг эзлэж байгаагаас харахад Үндсэн хуулийн шинэчлэлтийг юунаас эхлэх вэ гэдгийг тод харж болно. Үнэн хэрэг дээрээ хүнлэг ардчилсан бус 19, 20 дугаар зууны Европын туулаад ирсэн зэрлэг капитализмтай туйлын төстэй байдал нэгэнт бий болчихож. Энэ байдлаас гарсан сургамж туршлага хангалттай бий. Бусдын хамрын үзүүрээр өөрийнхөө эрх чөлөөг хязгаарлуулах ардчилсан хязгаарлалтад захирагдсан, улстөр нийгэм эдийн засгийн тогтвортой байдал, цөөн хүний бус бүх нийтийн хангалуун амьдарл чиглэсэн өөрчлөлт Үндсэн хуульд зайлшгүй хэрэгтэй. Зах зээлийн гэх хий хоосон гарт баригдсан бус тодорхой хэмжээний төрийн зохицуулалт бүхий эдийн засгийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй.   Үндсэн хууль гэдэг хар авдартаа хийгээд хав дарчихдаг үнэ цэнгээ тоосонд даруулчихдаг зүйл бус. Цагийн эрхээр өөрчлөгддөггүй зүйл гэж энэ хорвоод хаа ч үгүй. Шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ эрх баригчид өөрсдийн хүслээр эрх мэдлээ өргөтгөж, явцуу эрх ашгаа өөгшүүлэх сонирхлоор Үндсэн хуульд гар хүрэхийг огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй. Хууль тогтоох ёстой УИХ-ын гишүүн хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн танхимд орж суучихсан сүүлийн арваад жилийн гажуудлаас олон ч боломжоо монголын төр алдсан. Давхар дээлийг нь тайлах гэхээр өнгөн дээрээ хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч хэрэг дээрээ жадлан эсэргүүцнэ. Засаглал ямар айхтар хямарч улстөр эдийн засгийн бүлэглэл энэ улс гэрийн хувь заяаг шийддэг болсноор харагдана. Эрх мэдлийг төвлөрүүлэх бус сааруулж хувийн ашиг сонирхлыг нийтийн сайн сайхан гэсэн ойлготтой уяж өгөхгүйгээр нйигэм эдийн засгийн ашиг сонирхлын туйлшрал хэзээ ч намжихгүй. Аль аль эрх ашгийг хүндэтгэсэн тэнцвэржсэн зүйл заалтаар Үндсэн хуулиа тэтгээд ирвэл дураар нийгэм эмх замараагаа олно. Нөгөө талаар Үндсэн хуулийн Цэц цоожтой авдар сахих бус түүний мөн чанарт харшлах хууль тогтоомж бүрийг хаалгаараа оруулахгүй байх үндсэн үүргээ биелүүлэх учиртай. УИХ ч гуравны хоёроороо хууль зөрчсөн гэх Цэцийн шийдвэрийг үл тоомсорлодог байдалд ч анхаарлаа хандуулах учиртай.   Н.Бадамжав  
Shuud.mn
Сонин хачин
hongortsog:
sain niitlel baina
2015-01-13
тэгээд:
цоож цуурга ч үгүй хэн дуртай нь онгичиж байдаг нэг муу хэмхэрхий авдар байх ёстой юу?
2015-01-13
иргэн:
манай үндсэн хууль цоожтой авдар бус цоорхойтой авдар болчхоод байна. цоорхойтой юманд цоож хийгээд нэмэргүй
2015-01-12