"Бид өнөөдөр яг ямархуу байдалтай байна, Монгол гэдэг айл маань яаж шуухан аж төрж байна гэдгээ одоо илэн далангүй нэг ярьж авцгаая. Ингэж ярихын тулд эхлээд элдэв улс төрөө хойш тавья, хойтонгийн их хурлын сонгуультай гэдгээ түр мартацгаая, хэн нь илүү эх орончоороо ч уралдахаа зогсоё, энд тэндгүй бор хоногоо төөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор, хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё. Асуудлуудаа эрүүл саруулаар, элдэв эмоцигүйгээр нэг ярьцгаая". Энэ үгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийнхээ эхэнд дурдсан. Мөн тэрбээр улс орны нөхцөл байдалд хэцүү хүнээр бол хүнд өвчин туссан. Бидэнд нэг сайн, нэг муу мэдээ байна. Муу мэдээ нь бид доод ёроолдоо хүртэл унаж дуусаагүй байна. Энэ нь арга хэмжээ авахгүй бол одоогийн нөхцөл улам муудна гэсэн үг. Харин сайн мэдээ нь бидний өвчний онош нь тодорхой, эмчлэгдэх боломжтой, хамгийн гол нь бидний гарт, бидний мэдэлд хяналт нь байсаар байна хэмээн мэдэгдсэн. Улс орны нөхцөл байдал хэвийн гэж өнгөлөн далдалж, зарим түшээд нь хямраад байгаа юм уу хэмээн мэдэн будилахыг харж суусан иргэдэд Ерөнхий сайдын мэдээлэл түгшүүрийн дохио шиг л байсан.
н
Хүнд өвчнийг эмчлэхийн тулд тууштай арга хэмжээ авч, дээр нь гашуун эм өгөх хэрэгтэй. Тэр гашуун эмийг гаднаас авах зээл гэж хэлж болно. Нэг үгээр бол өр. Төсвийн тогтвортой байдлын хуулиар бол өрийн тааз ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байх ёстой. Одоо бол 55.2 хувь байгаа. Харин Шийдлийн Засгийн газар энэ хэмжээ 70 хувьд хүргэж, эм гашуун ч өвчинд тустай гэж үзэв. Хууль нь зөрчигдөж, аль хэдийнэ 15.2 хувиар хэтэрсэн өрийн таазыг дахин нэмэгдүүлж, ДНБ-ий 70 хувьд хүргэх нь амиа хорлосонтой дүйнэ гэж үзэгсэд цөөнгүй байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг улам дордуулж, ангалын ёроол руу унахгүйн тулд ямар нэг арга хэмжээ авах ёстой. Дараа дараагийн үр дагаврыг нь яг таг тооцоолох боломжгүй ч яг одоогийн зөв арга бол өр тавих. Тиймээс нэг өдрийн өмнө ч атугай өр тавьж, нэгэнт хийх ажлаа шуурхайлах хэрэгтэй байна. Өртэй хүн өгсдөггүй, өттэй мал таргалдаггүй гэх хуучны үг ул болсон.
б
Гэвч хаанаас, хэнээс зээлэх вэ? Энэ өнөөдөр ч тодорхойгүй. Учир нь хамтрагч гэдийсэн. МАН, АН-ын байгуулсан хамтрах гэрээнд гаднаас авах өрийг нэмэхгүй гэсэн үг өгүүлбэр байдаг гэнэ. Тиймээс МАН-ынхан гэрээнийхээ заалтад үнэнч үлдэж, зарчмаа барина хэмээн гэдийж, гацаанд оруулчихав. Уг нь МАН улс орны нөхцөл байдлыг өөд нь татах гэж Засгийн газарт хамтарсан. Харин яг одоо бол хойш нь татагч болчихоод байна. Хаа нэгтэйгээс зээл авахаас өөр гарцгүй байгааг ах намынхан мэдэхийн дээдээр мэдэж буй. Нэгэнт нэгтгэсэн замаараа хөтлөлцөөд алхах нь илүү гоё харагдана.
б
Магадгүй жилийн дараа болох сонгууль МАН-ынхны хоолойд тээглэчихээд байгаа байх. Гэвч өнөөдөр сонгууль бодож суух цаг хугацаа биш. Улс орноо бодно, ард түмний төлөө гэх үгс зөвхөн телевизийн камерийн өмнө хэлэгддэггүй гэдгийг харуулах шаардлагатай байна. Мянга мянган хүнийг ажлаас нь хална гэдгээ мэдэгдсэн. Тэдэнд амьдрах боломж олгох хэрэгтэй. Халамжлуулаад сурчихсан ард түмэн чинь эх, хүүхдийн тэтгэмжийг хасах сургаар боож үхэхээс наагуур бужигнаж буй. Зүгээр л бодит байдлыг улстөрчийн бус хүний нүдээр харахад л улс оронд чинь зайлшгүй арга хэмжээ шаардлагатай байгаа нь үзэгдэнэ. Ямар ч арга хэмжээ авсан АН, МАН-ынхан Шийдлийн Засгийн газрын лайг нь хамтдаа үүрч, гавьяаг нь ч хамтдаа эдэлнэ. Өр нэмэхийн эсрэг гэдийсээр нөхцөл байдал улам дордвол АН-МАН-ын хамтарсан Засгийн газар муу ажилласан. Дээр нь хий хоосон эх оронч царайлж, амин хувийн амбиц гаргадаг нэр МАН-ынханд үлдэнэ. Сүүлийн үеийн трэнд үгээр бол жинхэнэ попилистууд. Харин нөхцөл байдал дээрдэхээс наана тогтворжвол хамтарч чаддаг нэр хоёуланд нь ирнэ.
ө
Ч.Сайханбилэгийг ард түмэн сонгоогүй. Өөрөөр хэлбэл, ард түмэн энэ хүнд итгэсэндээ Ерөнхий сайд болгоогүй. Харин АН, МАН бусад улс төрийн хүчин түүнд итгэл хүлээлгэж, Ерөнхий сайд болгосон. Итгэл хүлээлгэсэн хүндээ итгэл өгөхгүй байна гэдэг өөрсдөдөө итгэхгүй байгаатай агаар нэг. Бас итгэсэн гэж ажил өгчихөөд хийлгэхгүй байвал хоолойг нь боомилж байгаагаас ялгаагүй. Тиймээс Ч.Сайханбилэгт, Шийдлийнхэнд зүгээр л итгээд үзье. Тэр өрөө тавиад өөрийн зорьсон зүйлээ хийгээд үзэг. Боломжийг бололцоотой нь хамт олгочихоод эцэст нь хариуцлага нэхэхэд оройтохгүй.
ө
В.Хэрлэн