Архи, тамхи, шатахуун адилхан
2015-01-12

Энэ оны төсвийг бодитой харж боломжоо шавхах арга зам хайсан чуулганы хуралдаан олны анхааралд байна. Энэхүү тодотголоос олон тийш салаалсан халамж тэтгэлгийн бэлэн мөнгөнүүдийг тавьсаар Хүний хөгжлийн сан “өрийн сан” болсон нь тод харагдана. 2009 онд буюу С.Батболдын Засгийн газар уул уурхайн баялгаас иргэдэд хувь хишиг хүртээхээр болж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаас хойш энэ сангийн өрийн хэмжээ 900 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Санг бүрдүүлэх эх үүсвэрүүдээс орох мөнгө байнга саатаж байснаас энэ өр үүсчээ. Сар бүрийн хүүхдийн 20 мянган төгрөг олгох болоход мөнгө байхгүйн эрхэнд бонд гаргах замаар эх үүсвэрийг бүрдүүлсээр ирсэн байх юм. Энэ нь өнөөдөр төрийн сангийн өр мэт байвч явсаар бидний хэтэвчинд нөлөөлөх нь одоо мэдрэгдэж байна. Аливаа бонд гаргах түүний хүүнд төлөх мөнгө татвар төлөгчдийн халааснаас гардаг. Энэ сан ирэх онд 404 тэрбум төгрөгийн бондыг эргүүлэн төлөх болоод байна. Ингээд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь хүртээж нийт өрийн 60 хувьд олгохоор тооцжээ. Орлогогүй хоосон сангаас нөөцгүй мөнгө тэтгэлгийг тарааж байснаа хүлээн зөвшөөрсөн нь энэ төрийн нэг гавьяа ч гэж болох байх. Он гарангуут халамжийн мөнгөнүүд хасагдана гэсэн цочир мэдэгдэлд бараг нийгмээрээ шоконд орох шахуу боллоо. Эдгээрээс хүүхдийн мөнгийг ялгавартай олголоо гэхэд 800 мянга гаруй өрхийн 10 хувь нь хүүхдийн мөнгө авахгүй болох юм байна. Төрийн мөнгө харахгүйгээр үр хүүхдээ тэжээгээд явчих өрх энэ 10 хувьд багтсан байх. 


Төсөвт ордог мөнгө багассан тул төр гарах зардлаа хасах тухайд тодотгон ярьж байгаа нь тодорхой. Шийдлийн засгийн газар төсөвт авдаг юмаа өсгөхийн тулд арга бүхнийг сувэгчилэхдээ заримыг нь арай ч хэтрүүлчих гээд байгаа харагдана. Хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулахдаа аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөө явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг зохицуулахаар тусгажээ. Үүнд анчин гөрөөчин эрчүүдийн бууны татвар 4000-5000 байсан нь 40-50 мянга болж даруй арав дахин өсөхөөр яригдаж байна. Банкны зээлийн хүүнээс өөрөөр татаас өгдөггүй малчид хонин толгойд шилжүүлсэн дүнгээр татвар өгөх болж байна. Татварын хэмжээ нь 1000 төгрөгөөс ихгүй байх ёстой ба өрхийн нэг иргэн бүрт 50 толгой мал шилжүүлэн чөлөөлж байгаа тул цөөн малтай иргэдэд татвар хөнгөн тусна гэж малчдаа тайвшруулж байна. 4 ам бүлтэй 200 гаран малтай айл бол татвар төлөхгүй л юм байна. Анхны нэгдэлжих хөдөлгөөний үе гэдэг шиг татвар авах сургаар хэдэн малаа нутгийн ах дүүсийн нэр дээр хуваагаад бичүүлэх аян өрнөчихгүй бол энэ татвар нэлээн шударга тусч болохоор л харагдана. Бямба гарагт нөхөн ажилласан чуулганаас хэлэлцэхээр тогтсон татварын хуулийн өөрчлөлтийн багц дотор “элдэв сонин” их байгаа харагдана. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины татвар мөн багтсан байгаа. Засгийн баазын машинуудыг “Prius” машинаар сольё гэсэн мэдээ телевиз сайтаар их явсны балаг гарч байх шиг байна. Гишүүд энэ машиныг хамгийн их хэмнэлттэй төдийгүй бас их ашиг өгдөг унаа гэж үзсэн бололтой цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж ногдуулдаг татварт “Prius”-ийнхийг гурав дахин өсгөхөөр тусгажээ. Энэ машиныг унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн өөрчлөлтөөр 108 мянган төгрөгийн татвар төлөхөөр болно.


Мөн өөрийн нэр дээрээ олон орон сууцтай, түүнийгээ түрээсэлж ашиг олдог иргэдийн хувьд мөн татварын хаалга тогшдог болох нь. Гэхдээ гурав дахь орон сууцнаас нь татвар авахаар тусгаад байна. Гурван өрөө сууцаа гал тогоотой нь хөлслүүлээд түрээслэгчдээрээ байр, ус цахилгаан, дулааны мөнгийг нь төлүүлээд сардаа сая төгрөгийн цэвэр ашиг олж “гэдсээ илнэ” гэдэг болж яваа хүмүүс нэлээн бий. Эдгээр иргэд татварын тойрогт орохоор болж байна. Олон байртай эзэд хариуд нь түрээсийн үнийг нэмж манийгаа хөлдөө чирчихгүй бол үүнийг шударга л татвар гэж иргэд дэмжих байх. Манай улсад ер нь үл хөдлөх хөрөнгийн татварын орчин байхгүйтэй адил явж ирсэн байдаг.


Татварын өөрчлөлтийн хүрээнд нүд орой дээр гаргасан нэг төсөл яригдаж байгааг онцлох ёстой. Ам долларын ханш өсөхөд импортлогч аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд хэлмэгдсэн.Үүнийг төр анхаарахдаа архи тамхины салбарынхныг эхлээд харж үзэхээр шидсэн байх юм. Архи, тамхины Онцгой албан татварыг ам.доллароор бус төгрөгт шилжүүлэн тооцохоор өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэхээр болчихлоо. Мэдээж дан ганц архи тамхийг дэмжсэн өөрчлөлт хийх хаашаа юм зэрэгцүүлээд шатахуунд ногдуулдаг онцгой албан татварыг мөн энэ өөрчлөлтөд хамруулахаар тусгажээ. Архи, тамхи, импортын шатахуун гурав зиндаа нэг төрийн анхааралд орсон байх юм. Энэ өөрчлөлт биеллээ олбол архи, тамхинаас төвлөрдөг ОАТ-ын хэмжээ 67 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоог төслийг эсэргүүцэгчид нь гаргаад байна. Л.Эрдэнэчимэг гишүүний тооцоо үндэслэлтэй энэ асуултад Сангийн сайд “Татварт нөлөөлөхгүй” гэсэн тайлбар хийсэн нь үнэхээр содон байна. Архи, тамхи татварын таатай орчинд шилжиж ард түмний унаа “Prius” ад үзэгддэг нь юуны учир вэ гэж заргач нэг нь туйлширвал ямар хариулт байгаа юм бол доо.


Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа татварын хуулиудад өөрчлөлт оруулах замаар төсвийн шархаа нөхөх арга замыг тун мэрийлттэй эрэлхийлж байна. Төр буй дор татвар буй гэдэг. Гэхдээ тэрхүү татвар ямар орлоготой хэний халааснаас гарч буйг тун сайн ялгаж салгаж, тунгаан харна гэж найдья. 


Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Shuud.mn
Сонин хачин
no parlament:
76 hun huivaldaj idej uusanaas 1 hun arai zambaraatai baih boluu parlamentiig taraa erunhiilugchiin zasagtai boloy
2015-01-12
1958mn :
bair asar ih hymdarch bna ulam buuh bhooo
2015-01-12
88671597:
hog bolson ene heden tsaasiig mini zugeerch gesen avch uguuch dee ta mini
2015-01-12
mahh:
bathuu batbold 2 mundagaa
2015-01-12
kkkk :
bi*eee darga saidgui zuvhun tagnuuliin erunhii gazaraar udirduulaad yamarch ih hurliin gishuungui 3 jil bolhod bosood irnee ingeed bodhoor ene darga nar mun chih gai tarij bna daa
2015-01-12
urund orood gazaraa ug:
ch balarsanaas emleg surguuligui heden jil amidartsgaayaaa
2015-01-12