Эмч, багш нар гудамжинд гараад удаж байна. Ээлжит гудамжны ажлаа өнөөдөр хийх гэнэ. Бүр 10 мянгуулаа. Цаана нь өвчтөн нь үхэж байна уу, сэхэж байна уу, эмчид хамаагүй. Сурагчдын хичээл тасарч байгаа нь ч багш нарт падгүй. Тэд цалингаа нэмүүлэх амин хувийн ганцхан зорилготой. Жилийн жилд л лоозон барьж, гудамжинд зогсдог хэсэг бүлэг хүмүүс. Уг нь тэд нийгмийн сэхээтэн хэсэг нь. Мэргэжил, мэдлэг гээд аль ч талаараа аливаа зүйлийн наадах цаадахыг мэдэхтэйгээ хүмүүс. Товчхондоо бол багш, эмч нар улс орны нөхцөл байдал хүнд байгааг мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч тэдэнд цалингаа нэмүүлэх амин хувийн үзлээс өөр юу ч алга. Нэг үгээр хэлбэл ухамсарын доройтолд орсон сэхээтэн нэртнүүд.
с
Шийдлийн Засгийн газар байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд зарим нэг хэмнэлтийг хийхээр болсон. Ингэхдээ багш, эмч нарын цалинг энэ онд нэмэхгүй гэв. Өөрөөр хэлбэл одоо авч байгаа цалингаараа амьдралаа залгуулж байгаарай гэсэн хэрэг. Хална, солино, цомхотгоно гэж хатуурхаагүй. Гэвч үүнийг ойлгох ухаан, ухамсар тэр сэхээтнүүдэд алга. Тиймээс ч гудамжинд гарч, орилж бархирах гэнэ. Улс орны нөхцөл байдал хүнд хэцүү байна, боломж боломжоороо аргалъя гэсэн учирлалыг ч үл тоомсорлов.
с
Анх Засгийн газар захиргаа, үйлчилгээ гэлтгүй төрийн бүх байгууллагын албан хаагчдыг 30 хүртэлх хувиар цомхотгох тухай ярьж байв. Ингэхээр 12 мянган төрийн албан хаагч цомхотголд өртөж, ажилгүй болно. Энэ цомхотгол багш, эмч, соёл урлагийнханд ч хамаатай. Гэвч хэтэрхий олон хүнийг ажилгүй болгох нь хүндрэлийг улам хүндрүүлнэ хэмээн үзэж, зөвхөн төрийн захиргааны төв байгууллагад 15 хувийн цомхотгол хийхээр болсон. Ингэснээр улсын хэмжээнд багадаа л 1600 хүн цомхотголд өртөж, ажилгүй болох тооцоог Хөдөлмөрийн яамнаас хийжээ. Хөдөлмөрийн яам түүний харьяа байгууллагуудаас гэхэд 43 хүн ажилгүй болно. ШӨХТГ-ын шинэхэн дарга Т.Аюурсайхан ч ажлаа авангуутаа Засгийн газрын үүргийг биелүүлж, 15 хувийн цомхотгол хийнэ гэдгээ мэдэгдэв. Энэ мэтээр 1600 хүн ажилгүй болж буй. Харин төрийн үйлчилгээний алба буюу багш, эмч, соёл урлагийнханаас энэ цомхотгол холуур өнгөрнө. Ажил албыг нь оролдохгүй өнгөрөөж байхад тэдний сэтгэл ханасангүй. Нэг тогооноос хоол иддэг хэсэг нөхөд нь ажилгүй болж байхад нөгөө хэсэг цалин нэмсэнгүй гээд гудамжнаас орилж зогсох нь. Тэд 1600 хүнийг ажилгүй болгож, хэмнэсэн мөнгийг авахыг хүсч буй бололтой. Шударга ёс уу? Уг нь ажилгүй болж байгаа хүмүүс гудамжинд гарч жагсах ёстой. Гэтэл эсрэгээрээ. Ажлын байр нь баталгаатай, тогтмол нэмэгддэг цалинтай эмч, багш нар л илүүг харж, билүүг долоож байгаа нь үнэхээр гутамшигтай. Хэрэв сургууль, эмнэлгийн орон тоог цөөлнө, багш, эмч нарыг хална гэсэн бол өдийд тэд боож үхэхээс наагуур, өлсгөлөн зарлана хэмээн элийрч явах байсан биз.
с
Цалин нэхэж байгаа багш, эмч, соёл урлагийнхны жагсаалыг төрийн үйлчилгээний албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоод зохион байгуулж буй аж. Үйлдвэрчний эвлэл нь цалинг 60-аас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьж байгаа. Нэгд, энэ үйлдвэрчний эвлэл хэний эрх ашгийг хамгаалдгаа мэддэггүй бололтой. Эсвэл бусдын хэрэгт хошуу дүрэх дуртай. Төрийн үйлчилгээний албаныхныг хална, солино гэж хэн ч яриагүй. Гэтэл төрийн албаныхны цомхотголын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна хэмээн хийрхэж, гудамжинд гарах дуртай эмч, багш нараа уриалан дуудаж. Хоёрт, үйлдвэрчний эвлэлийнхэн улс орны нөхцөл байдлыг мэдэхгүй байгаа мэт мэдэн будилах нь утгагүй хэрэг. 116 мянган хүний цалинг 60-аас дээш хувиар нэм хэмээн шантаажлах нь энэ нөхцөл байдалд нийцэх шаардлага мөн үү. Ажилчин ангийг хамгаалах үүргээ хэтэрхий ухамсарлаж, амныхаа зоргоор бурдгаа болихгүй бол нэг л өдөр нийгмийг буруу зүйлд уриалан дуудсан хэрэгтэн болж магадгүй.
с
Мэдээж улс орны нөхцөлд байдал хүндэрсэнд эмч, багш нар буруугүй. Нэгэнт үүссэн нөхцөл байдлаас буруутан хайгаад ч нэмэргүй. Харин хүнд байдлаас гарахын тулд хамтдаа хичээвэл үр дүн ойртох ч юм билүү. Амьдралаа залгуулж болоод л байсан цалингаараа хэсэг хугацаанд тэвчихэд үхчихгүй нь ойлгомжтой. Харин тэвчиж чадахгүй, хийж байгаа ажил хүнд хэцүү, авч буй цалин нь чамлалттай бол төрийн албанаас татгалзаж болно. Хувийн хэвшилд ажилд ороод жил бүр цалингаа нэмүүлнэ гэж хэлээд үз л дээ. Чадваргүй л бол лааз өшиглөгчдийн эгнээнд шуудхан л элсэнэ. Тэр үед муу муухай бүхнийг чихэж, амандаа орсон мөнгөний тоогоо нэхэж байсан төрийн албыг санагалзах нь тодорхой. Хамгийн баталгаатай ажлын байр, тогтмол өсөн нэмэгдэж байдаг цалин урамшуулалтай төрийн алба хэнээр ч дутахгүй. Нэг нь цалингаа голоод гарахад түүний орыг нөхөгсөд жагсаалт дүүрэн бий. Тэгэхээр багш, эмч нар цомхотголд өртөөгүйдээ талархаж бас сэхээтэн нэрээ бодож, цаг үеэ ямар байгааг сэхээрвэл сайнсан. Дээр нь зөвхөн багш, эмч нарын амьдрал хэцүүдээд байгаа мэтээр аяглах нь зүйд нийцэхгүй гэдгийг мэдэж буй биз ээ.
с
В.Хэрлэн