Эдийн засгийн хямралаас гарахын тулд импортлогчоос
экспортлогч улс болох нь хамгийн зөв гарц. Татвар, банк санхүүгийн дарамт
баялаг үйлдвэрлэгчдийг зовоож байгаа нь үнэн. Татварын таатай орчин, банк
санхүүгийн эрүүл үйлчилгээгүйгээр Монгол Улс цаашаа явахгүй. Эдийн засгийн ил
тод байдлын тухай хууль хийгээд татварын хуулийн шинэчлэлгүйгээр хямралаас гарз
багатай гарна гэдэг юу л бол. ДНБ-ний 60 хувьд хүрээд байгаа далд эдийн засгийг
багасгахын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа батлах учиртай. Эдийн
засаг далд хэлбэрийг дэмжсэн мэт хуулиуд батлаад байвал мөддөө сэргэхгүй.
Сүүлийн хоёр жилийн турш аж ахуйн нэгж компаниуд ам.долларын хэлбэлзэл
төгрөгийн уналтаас шалтгаалаад олсон ашгаа төрдөө тушаагаад дууслаа. Ашиг
орлогоос нь хуу хамаад байхаар татвараас зайлсхийх далд хэлбэр рүү эрхгүй ороод
эхэлсэн. Хөрөнгө чинээ сайтай том компаниуд хоёр дахь тайлан тооцоондоо хэдийнэ
шилжиж хямралаас гарахын тулд олон зуун ажилтнаа цомхотголоо. Үр дүнд нь улсын
түрийвч хоосорсон. Хямралын ардаг моринд ташуур өгсөн болохоос амыг нь татаж
чадаагүй. Бага дунд бизнесийнхэн бултаараа шахуу ашиг орлогоо нууж байна.
Өнгөрсөн онд л гэхэд сүүдрийн эдийн засаг дахь мөнгөний хэмжээ ДНБ-ний 5.73 их наяд төгрөг байснаас хоёр дахин өссөн судалгаа гарчээ. Асар их мөнгө. Үүнийг ил болгож гэмээн Ерөнхий сайдын толгойгоо гашилгаад байгаа төсвийн орлогын тасалдалыг элбэгхэн нөхчихнө. Хүүхдийн мөнгө, Алдарт эхийн одонгийн мөнгөнд хуруугаа дүрэхгүйгээр, цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй гэж учирлахгүйгээр төсөв цэгцрээд явчихна. Эдийн засгийн ил тод байдлын хууль гарч гэмээн Монголын санхүүгийн систем эрүүлжигдэн шинэчлэгдэнэ. Мэдээж араас нь залгуулах хууль бол Санхүүгийн өршөөл, татварын зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх шат дараалсан арга хэмжээ болно. Манай улсын иргэдийн хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө мөнгө гадаадын банк санхүүгийн байгууллагад хадгалагдаж байна. Сүүлийн нэг жилд 1.5 дахин өссөн энэ хөрөнгө мөнгийг улс орондоо буцаан авчрах, хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулах нь банк санхүүгийн өнөөгийн гажигтай системийг даруй сайжруулахаас эхэлнэ.
Оны эхний өдрөөс Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. 5000 гаруй төрийн байгууллагын данс тооцоо ил болох учиртай. Гэвч 500 гаруйхан нь л энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлж эхэлжээ. Ийм тогтолцоонд орохгүй бол хүлээх хариуцлагыг хуульд чангатгасан. Харамсалтай нь хууль гарсан өдрөөсөө эхлээд хэрэгжсэнгүй. Ийм хууль эрхзүйн тогтолцоотой байхад эдийн засгийн гэхээсээ засаглалын хямралаа цэгцлэхийн тулд хамаг цагаа зарцуулна. Цаг хождох тусам байдал улам бүр ээдрээтэй болно. Шинэ Засгийн газар амласан шигээ нэгдүгээрт эдийн засаг хоёрдугаарт бас гуравдугаарт эдийн засаг гэж үзэж, нэгэн дээвэр дор хөтлөлцөөд орсон л бол иргэдийн нуруун дээр ачаагаа үүрүүлэх биш өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой. Өрийн тааз хэтэрсэн, МАН танхимаас гарна гэж бие биенээ шантаажлах биш хамтраад асуудлаа шийдчих цөлх ухаантай байх ёстой. Эрх мэдэл албан тушаалын төлөөнөөс, 2016 оны сонгуулийг хүлээхээр шийдсэн бол эртхэн гараа өргөсөн нь дээр. МҮЭХолбоо цалин тэтгэвэр тэтгэмжийг 60 хувиар нэмэгдүүлэх бололцоо байна гэж мэдэгдэж байгаа. Ямар үндэслэл тооцоо байгааг нь Засгийн газар сонирхох учиртай. Боломж байгаа бол хамтар л даа. Боломжгүй бол тэр тайлбарыг нь өг. Юу юунаас илүү аж ахуйн нэгж, иргэдтэйгээ ойрхон байх цаг нь ирсэн. Аж ахуйн нэгжүүд татварын өршөөлийг хүлээж суугаа. Импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ижил төстэй импортын бараан дээр өндөр татвар ноогдуулах, оруулахгүй байх зохицуулалтыг хүсч байгаа. Ижил гараанаас аж ахуйн нэгжүүдээ хөдөлгөөд нэг үзье л дээ. 2005 онд хийсэн өөрчлөлт шиг ялгаварлалгүйгээр өршөөл үзүүлчихье. /Татварын өршөөлийн уг хуулиар нийт аж ахуйн нэгжийн 10 хүрэхгүй хувь нь хамрагдсан байдаг/ Алдсан алдаа маань мэдээлэл хомс түгээсэн, жижиг дунд аж ахуйн нэгжүүд хойрго хандсан гэхчлэн олон алдаа байсан. Тиймээс эдийн засагт дорвиотой өөрчлөлт анзаарагдаагүй. Өнөөдөр энэ бүх алдаагаа зассан дүрэм журам гаргаад, үүнээс цааш газар үгүй гээд өршөөл үзүүлчихвэл эдийн засагт сэргэх хандлага бий болно.
Бид том том мөнгийг эдийн засаг руугаа цутгасан. Эдийн засаг хөөсрөөд өсөлт нь 17 хувьд хүрч байлаа. Харамсалтай нь микро түвшин тэр их мөнгөний урсгалыг шингээж чадаагүй. Элсэн дээр ус асгасантай адил алга болчихсон. Чингис бондын 1.5 тэрбум, Самурай бондын 500 сая ам доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гурван их наяд төгрөгийн аль нь ч ашиг тусаа үзүүлээгүй. Санхүүгийн ертөнц өөрөө хаагдмал болохоор тэр их мөнгө хаачсныг тогтоож чадаагүй. Нөгөө л далд эдийн засаг руу шингээд алга болсон хэрэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гурван их наяд төгрөг цөөхөн хэдэн компанийн ашиг орлого болоод шингэсэн. Бондуудаас босгосон хөрөнгө оруулалт царцсан хэдэн барилга, дуусаагүй зам, хэрүүл уруултай цахилгаан станцын төсөл болоод замхарчихсан. Энэ сүүдэр дэх хөрөнгөөс 7.8 их наяд төгрөг босгож болно гэж эдийн засагчид дүгнэдэг юм билээ. Багаар бодоход шүү дээ. Шинэчилж байна гэж эдийн засгаа зогсоочихсон төр засаг энэ удаад шийдээд зөв хөдөлвөл боломж их байна.
Сүүдрийн эдийн засгийн бүдүүвчийг хялбархан гаргаж болно. Монгол Улсад 94 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн 70 мянга нь Х тайлан гаргана. Үлдсэн 21 мянга нь ажлын байр бий болгож үүнээс 400 нь томоохон татвар төлөгч байна. Гуравны нэг нь сүүдэрт байна гэсэн үг шүү дээ. Ямар их боломжоо төр засаг хүнд суртал, хууль эрхзүйн таагүй орчноосоо болж алдаж байгаа нь үүнээс харагдана.
Баялаг бүтээгчдээ татвараа төлсөнгүй гэж адлах хэрэггүй. Олсон жаахан ашгийг нь төр хомхой сэтгэлээр хуурайлаад байхаар аль болох нууц хаахыг л хичээнэ. Цагдаа, татварын байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар өчүүхэн юман дээр өөнтөглөөд зах замбараагүй мөнгө нэхнэ, торгууль тавина. Тэд дураар тоглочих сиймхий хадаг шиг хууль бариад эхлэхээр ямар ч цэцэн нь тэнэг буруутан болоод л хувирчихаж байна шүү дээ.
Н.Бадамжав