Улирч одсон сайн муу үйл явдал, учрал тохиол бүхий нэгэн нас наран ургахуйд хуучин цаг хугацааны хуй салхинд эрчлэгдэн хаа ч юм бэ алсран холдоно. Хуучныг үдэж шинийг угтах энэ л торгон мөчид улам бүр ухаажиж, өөртөө тулгарсан оон асуудлуудыг хэрхэн яаж даван туулах байснаа бодож цэгцлэн хариулж оюуны ертөнцөө тэлнэ. Хүн гэгч аугаа амьтны гайхамшиг нь энэ биз ээ.
1
Шинэ оны эхний өглөө. Наран зүг хандан зогсохдоо ийнхүү санааширна. Өнгөрснийхөө алдаа эндэгдэл бүрээс санаа сургамж авч ирээдүй хойчоо төсөөлөн эргэцүүлэх нь энэ л санаашрал бодролоос үүдэн гарах бас нэг гайхамшиг. Агшин хором бүхэн нь давтагдашгүй. Бүх зүйл эргэж хэзээ ч ирэхгүйгээрээ хөнгөхөн гуниг асаавч ирээдүйн гэрэл гэгээг түрүүлж харж зүтгэн тэмүүлдэг итгэлийн цучлыг өөртөө агуулж байдгаараа цаг хугацаан дунд оршигч хүмүүн биеийн олдошгүй хувь зохиол. Огт оргүйн дээрээс зөөлхөн лавсах цасны ширхэг бүрээс амьдралын үнэ цэнэ мэдрэгдэнэ. Амьсгалд минь хайлан тэр даруйхнаа усан дусал болох цасан ширхэг нэг биеэс нөгөөд шилжих агшин үхэл амьдралыг сануулна. Бяцхан молор дусаал нь хөлдүү газар унаад мөс болон гялтганана. Өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн хэлхээсийг юмс үзэгдэл бүхэн сануулна. Бид л анзаардаггүй болохоос юм бүхэн давтамжтай. Өчигдрийн хийсэн үйлийн үр өнөөдөр боловсрон биежиж хэрхэн ариун сэтгэлээр тордохоос шалтгаалаад маргаашийн дүр төрхөө олно. Цас сормуусанд бүжиглэж аньсганад чийгтэхэд нарны эхний цацраг бурхны гоо үзэсгэлэнг нь тодотгон гялбуулна. Цасны бурханлиг шинжийг тольдогч адил хүн өөрөө бурхан аж.
1
Шинэ оны эхний өглөө. Хүйтэн жаварт хайруулан дотор жихүүцэвч нарны туниа муутай илч гэрэл царцанги бүхнийг гэсгээхээр тэмүүлэхийг мэдэрнэ. Ижий аав, хань ижил, үр хүүхдээ бодно. Эрүүл энх, сайн сайхан байгаасай гэж эрхгүй залбирна. Тэгэхийн сацуу тэдэндээ тийм элбэрэл ачлалтай байж чадлуу гэх харамсал цухалзана. Залбирах мөртөө харуусал бөхөгнөнө.
1
Зулзаган мод тарьж өвгөнөөс “Та ийм өндөр настай байж хэзээ жимсийг нь хүртэнэ гэж мод тарьж байгаа юм бэ” гэж нэгэн залуу гайхшран асуужээ. Өвгөн зэргэлдээх өндөр саглагар алимны модыг заагаад “Энийг манай өвөө тарьсан юм. Үр жимсийг нь аав хүртсэн. Аавын тарьсныг би, миний тарьсан модны үр шимийг үр хойч минь хүртэнэ” гэж хариулжээ.
1
Ухааралд хязгаар гэж үгүй. Үр хүүхэд-залуу нас-эцэг эх гэдэг амьдралын энэ л гурвалсан холбоос, урвуу давтамжаараа эцэг эх-залуу нас-үр хүүхэд гэх ороомог хөгжлөөрөө хэдий үед хэнд илүү анхаарал тавих учиртайг илэрхийлнэ. Бид өсч нас биед хүрэх цагт ээж аав өтөлж, тэдэнд анхаарал халамж тавих хэрэгтэй болно. Харин гэрлэж, өөрийн үр хүүхэдтэй болох тэр цагт үр хүүдүүддээ их анхаарал тавих хэрэгтэй болно. Сайн сайхан байх залбирлын зуурт харуусал, харамсал бүү төрөг. Сэтгэлдээ ариусал, итгэлдээ зүтгэл, үйлс маань цагаан байх аваас хойчийн зам мөр цагаахан байдагт хүн төрөлхтөн итгэдэгтээ хүчирхэг аж.
1
Шинэ оны эхний өглөө. Хэн нэгэн мөрөөдлийг минь биелүүлэх юм шиг аминч бодол шинэхэн цасны мөсөн болж гялтганах хоромхноо биелнэ. Хатуу, уйтгартай, хөдлөшгүй заримдаа өршөөл энэрэлгүйн бэлгэ тэмдэг болон гялтганана. Хайраа бусдад түгээж бусдыг эс хайрлах нь гагцхүү өөрийгөө гэсэн аминч бодлоос үүднэ. Энэ ертөнцөд бид олуулаа. Бие биенээсээ мөнхөд хамааралтай оршино. Эд хөрөнгө, эрх мэдэл хийгээд авах хүртэхийн шунал өөрийн мэдэлгүй мөсөн хүн болгож хувирна. Өнөөдөр өглөөний наран шиг хайраа бусдад харамгүй түгээж гэмээн Таны амьдралын мөн чанар оршино.
1
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохионо...
1
Яруу найрагчийн энэ шүлгийн мөр бүхэн нүцгэн ирээд нүцгэн буцах оршихуйн нууцыг нээнэ.
Угаас бид цөмөөрөө адилхан. Инээж хөөрч, гуниглаж, алдаж онож, асч бөхөж цаг хугацааны нэгэн үеийг элээнэ. Дараах үе маань ч энэ л хувь төөргөөр замнана. “Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор, Өөр юу хэрэггүй бие биенээ хайрла” гэдгийг сануулахын тулд энэ нарны дор сая живаа цасан ширхэг хөгжилдөн бужигнадаг биз ээ.
1
Шинэ оны эхний өглөө хорвоо ертөнц хийгээд хүмүүн бидний сэтгэлд ийм хөнгөн гуниг, хүсэл мөрөөдлийг нарныхаа цацраг бүхнээр сийлэн, цасныхаа ширхэг бүрээр сануулан ирлээ. Угтан авагтун.
1
Н.Бадамжав
Уншиж байна |