“Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт,
эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг...” хэмээн оны төгсгөлд шинээр
томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодотгосон нь Монгол улсын нийгэм эдийн
засгийн байдал хэрхэн хүндэрснийг бэлхнээ нотлоно. Шинэчлэлийн Засгийн газрын
авч явуулсан бодлогыг парламент 2013 оныг дуустал ихэд таашаан хүлээн авч
байлаа. Шаардлагатай хууль тогтоомжийг ч батласан. Чингис, Самурай бондоос орж
ирсэн хөрөнгө мөнгийг хүссэнээрээ үрэн таран хийж байлаа. Голцуу бүтээн
байгуулалтанд зарцуулсан. Гэхдээ эргэн төлөгдөх нь тодорхойгүй царцмал, хууль
эрхзүйн тодорхойгүй төлөв байдлаас шалтгаалсан хагас дутуу тооцоолол бүхий
хөрөнгө оруулалтууд хоёр жилийн турш хийгдсэн нь эдийн засгаа эргээд хөмрөх
нэгэн шалтгаан болов. Энэ их хөрөнгө мөнгөний замаас нь ч нэлээн гувчуулсны
жишээ АТГ-ын хатуу гарт гэсгээгдэж буй эрхмүүд. Торны хөврөх үзүүр дэх
чичирхийлэл. Алдаа оноо дүүрэн байлаа. Эдийн засгаа сэхээх гэж Засгийн газрын
танхим хэрэндээ хичээсэн. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр үр дүнд
хүрээгүй огцорсон. Эдийн засгийн хямрал нэртэй боловч үнэндээ хууль эрхзүйн,
засгалалын хямралаас үүдэлтэй байлаа. Хамтраад хямралаас гарахын оронд жоом
алах гэж бусадтай нийлж гэрээ шатаасан АН-ынхан өөрийн Засгийн газраа
огцруулсан нь тод жишээ болон үлдэв. Эргээд харахад бонд хийгээд зээлийн асар
их дарамттай үлдэв. Эдийн засгийг тэжээгч салбаруудаа унагачихсан байдалтай дүр
зурагтай 2015 оныг угтаж байна. Сайнтай муутай хорвоо гэхчилэнгээр алдаа оноо
дүүрэн байсан. Алдаандаа сургамжлан оноон дээрээ дөрөөлөн ирээдүйгээ цогцлоох
нь бидний үүрэг хариуцлага. Тиймээс ч ШУУД.МН өнгөрөгч жилийн эдийн засгийн хар
цагаанаар солонгорох арван үйл явдлыг нэрлэж байна.
Валютын ханшийн галзуурал
Эдийн засгийг доройтуулсан гол
шалтгаануудын нэг. Гадаадын хөрөнгө оруулалт багасч, эдийн засгийг голчлон
бүрэлдүүлэгч уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ ханш унаснаар импортлогч
улсын хувьд валютын ханшийн гүн цочролд орсон юм. Оны эхэнд 1714.3 байсан ам.доллартой
харьцах ханш өнөөдөр 1905 хүрлээ. Ханшид нөлөөлсөн хүчин зүйл болох гадаад
валютын нөөц 1.38 тэрбум ам.доллар болж оны эхнээс 37.8 хувиар доошиллоо.
Дараагийн статистикууд бүр ч сэтгэл унагамаар. Гуравдугаар улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 47.9 хувиар багасч 216.4 сая ам.долларт хүрсэн нь байдал хэр эвгүй болсныг илтгэнэ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оноос хойшхи доод хэмжээндээ уналаа. Бид импортлогч улс. Нийт хэрэглээнийхээ 70-аас дээш хувийг импортоор авдаг. Цаашид байдал удаан үргэлжилбэл гадаад валютынхаа цэвэр нөөцийг шавхана. Ам.долларын үнэ ханш буурахгүй бол импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч хэрэглэгчид шокын байдалд орно. Хэрэглээнийх нь 70 хувь нь байнгын өсөлттэй ч иргэдийн орлого нэмэгдэхгүй байгаа нөхцөл байдал ирэх жилийн эдийн засгийн бүхий л ололттой алхмыг үгүйсгэж болох юм. Инфляци хөөрөгдөх бас нэг шалтгаан. Тун таагүй нөхцөл байдал шүү. Засгийн газрыг нэрвэх гол зовлонгуудын нэг.
Шинээр нээгдсэн үйлдвэрүүд буюу 888 төсөл
Хөгжлийн банкны гаргасан судалгаанаас үзэхэд, энэ онд экспортын
өсөлтийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах чиглэлээр Хөгжлийн банкнаас уул уурхайн
салбарт 416.5 тэрбум, үйлдвэрлэлийн салбарт 395.7 тэрбум, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрүүдийн салбарт 269 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн нь улс
орны нийгэм, эдийн засагт бодитой нөлөөлөхүйц үр дүн гарч байгаагийн илрэл болж
байна хэмээн шинжээчид үзэж дүгнэжээ. Анхны металлургын цогцолбор “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэт
хивс” компани үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн, “Монгол ташуур констракшн”
ХХК-ийн "Цагаан замаскны үйлдвэр", “Best Shoes” ХХК-ийн
гутлын үйлдвэр үүдээ нээсэн нь энэ төслийн үр дүн байлаа. Харамсалтай нь
банк санхүүгийн байгууллага, төрийн хоорондох гэрээ хэлэлцээрийн ойлгомжгүй
байдлаас үүдээд өнөөг хэр нь 888 төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн олонхи
нь зээлээ авч чадаагүй байх юм. Ололт дагуулж байгаа ч зөв тооцож зөв
аргачлалаар хүссэн эзэнд нь зээлийг шуурхай түргэн олгох механизм банк
санхүүгийн байгууллагад дутагдаж байгааг анхааруулсан ч үр дүнтэй гэдэг нь
батлагдсан нь бага ч болов гэрэл гэгээ өгч байна.
Нүүрсний уналт
Монголын нүүрсний экспорт өссөн ч түүнээс олох орлого нь
буурлаа. Дэлхийн зах
зээл дээр нүүрсний үнэ ханш буурснаас шалтгаалсан хэрэг. Тухайлбал, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний
экспорт 822.6 мянган тонноор өсчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч нүүрсний үнэ дараах байдлаар буурчээ.
Нүүрсний үнэ 2011 онд 155 ам.долларт хүрч байж. Гэтэл энэ онд ”Эрдэнэс
Тавантолгой” компани уурхайн аман дээрээс нүүрсээ 34-37 ам.доллароор
"Чалко” компанид нийлүүлж байна. Энэ нь төрийн өмчит тус компанийг
алдагдалд оруулж байсан учраас олборлолтоо түр зогсоогоод байсан. Мөн тус
компаниас авсан зээлийн эргэн төлөлтийг удаашруулах шалтгаан болсон юм.
"Чалко”-д төлөх өр 110 сая ам.доллар хэвээр байгааг Уул, уурхайн сайд
Р.Жигжид хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн юм. Таван толгой гараанаасаа гарахад бэлэн
боллоо. Одоо уурхайн аман дээрээс бус төмөр замаараа тээвэрлэн ганц бус олон
зах зээл дээр гаргах боломжоо яаравчлах учиртай. Төмөр замаа ямар стратегиар
барихаа товлож чадсан. Одоо барих л үлдээд байна. Бага шиг улс төржөөд асуудлаа
зөвөөр шийдэж чадвал ирээдүй гайгүй өнгөлөг харагдаад байх юм даа.
Мөнгөний бодлого хатуурав
Өнгөрсөн оны хямралын байг парламент, Засгийн газраас ч
дутахгүй үүрсэн нь Монголбанк. Адлагдах болсон шалтгаан нь эрх баригчидтай
хүзүү сээрээ холбосны үр дүн. Гэвч хууль эрхзүйн хувьд тэднээс хараат байх
боломж байсангүй. Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувьдаа хүрч буурсан, валютын
нөөц шалдаа унасан, төсөвтэй
адилтгах хөрөнгө оруулалтын зардал буурахгүй байгаагаас үүдэлтэйгээр төлбөрийн
тэнцлийн алдагдлыг багасгах, инфляцийн дарамтыг зөөлрүүлэх, дунд болон урт
хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг учирч
болзошгүй эрсдлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор
төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх талаар Монголбанк улсын хөрөнгийн уутыг барьж
байдгийнхаа хувьд шийдвэртэй алхам хийхийг шаардаж байлаа. Ингээд долдугаар
сард мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиас 12 хувь хүртэл огцом нэмэгдүүлэх шийдвэр
гаргалаа. Гэвч үр дүнгээ өгсөнгүй. Хямрал хэдийн цар хүрээгээ өргөсгөсөөр байлаа.
2014 онд найман хувьд инфляцийг барина гэж байсан ч оны эцсийн байдлаар 11.5
хувьд хүрчихлээ. Яаж ч хичээгээд цунамид Монголбанк нөлөөлж чадахгүй нь
тодорхой болов. Монголбанк
энэ онд инфляцийг найман хувьд барина гэж амлаж байсан нь саяхан. Гэхдээ тэд
чадсангүй. Энэ оны эхний хагаст инфляци улсын хэмжээнд 14.9 хувьтай,
Улаанбаатарын хэмжээнд 15.4 хувьтай гарчээ. Энэ үед Мөнгөний бодлогын зөвлөлөөс
инфляцийг боломжит түвшинд барих зорилгоор бодлогыг чангаруулсан. Энэ аргыг авч
хэрэгжүүлснээр инфляци энэ оны төгсгөлд 12 хувь байх магадлалыг дэвшүүлж байсан
юм. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувьтай байна. Энэ тоо
ирэх оны эхэнд нэг их хөдлөхгүй
л болов уу. Улс төрийн тогтворгүй байдал, гадаадын
хөрөнгө оруулагчдыг
үргээх бодлого, хандлагын илэрхийлэл энэ онд эдийн засагчдын толгойны
өвчин болж байсан. Гадаадын
хөрөнгө оруулагчидтай итгэлцлийг бий болгохын тулд Засгийн газар бүхий л
арга хэмжээгээ авч ажилласан. Энэ нь “Эзэн 100” хөтөлбөрт багтсан юм. Монголбанк
ч үүнд шийдвэрлэх нөлөөтэй оролцох гэж хичээсэн боловч гадаадын шууд хөрөнгө
оруулалт сайжирсангүй. Оношийг нь зөв тогтоогоогүй өвчинд ямар ч эм тариа нэмэр
байдаггүй нь Монголбанкны эл үйлдлүүдээс тодорхой харагдаж байгаа юм.
Гэрээ хэлэлцээр
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочун нар үндэсний мөнгөн тэмдэгт
солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож
нэмэгдүүлэх шинэ гэрээнд наймдугаар сарын 21-ний
өдөр гарын үсэг зурсан нь эдийн засгийн хүрээнд болсон онцлох үйл явдлын
нэгд тооцогдоно. 2011 онд байгуулсан 10 тэрбум юанийн
дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп
хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан
өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хэлцлийн
хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах
үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх
чадварт дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх
зорилготой юм. БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд юань нь
хоёр орны хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг хоёр
дахь валют юм. Дашрамд дурдахад, Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан
холбооны нийгэмлэгийн судалгаагаар БНХАУ-ын юань нь дэлхийн идэвхтэй
арилжаалагддаг валютуудын долоодугаарт эрэмбэлэгдсэн худалдааны санхүүжилтэд
ашиглагддаг хоёр дахь идэвхтэй валютаар шалгарсан байдаг юм. 1.6 тэрбум хүнтэй аварга зах зээл дээрх
тоглолтын бас л нэг оноо байх нь дамжиггүй.
Тавантолгой гараанаасаа гарав
Бөөн харын дундах ганц цагаан итгэл
найдвар илүү төрүүлнэ. 2010 оноос эхлэн Засгийн газрын 265
дугаар тогтоолын хүрээнд Тавантолгойд хөрөнгө оруулагчийг сонгох ажил эхэлсэн.
Гэвч тодорхой үр дүнд хүрэлгүй удсан. Энэ шалгаруулалт энэ оны арванхоёрдугаар
сард эцэслэн шийдвэрлэгдэв. Тус төслийн хөрөнгө оруулагчаар Хятадын “Чайна
Шенхуа Энержи”, Японы “Сумитомо корпорац” болон Монголын “Энержи Ресурс”
компанийн хамтарсан консорциум шалгарсан юм. Засгийн газар болон хөрөнгө
оруулагч талууд ирэх оны нэгдүгээр сарын 5-наас хэлэлцээгээ эхлүүлж, илүү
нарийн тодорхой асуудлуудаар ойлголцолд хүрэхээр тогтоод байгаа гэнэ. Дашрамд
дурдахад, “Тавантолгой"-н хөрөнгө оруулагч шалгарсан талаар мэдэгдэл
гаргаснаас хойш “Mongolian Mining Corporation"-ийн хувьцааны ханш
Хонгконгийн Хөрөнгийн биржид зургаан хувиар өсчээ.
Долоон тэрбумын нөөцтэй, коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт ордог Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчаар Монголын Засгийн газар хэнийг тодруулах вэ гэдэг биднийг хөгжлийг түүчээлэх нь лавтай.
Төсөв батлагдав
Түүхэндээ анх удаа Ерөнхий сайд,
Сангийн сайдгүйгээр төсвөө баталсан. Нөгөө л улс төрийн тогтвогрүй нөхцөл шалтгаан. Уг нь
ирэх оны улс гэрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байхыг төсөв
тодорхойлдог. Муу төсөв болсон нь оны эцэст дахин хэлэлцснээр харагдана. УИХ 2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь амжиж дөнгөж сая
баталлаа. Ирэх онд Монгол Улсын төсөв 7.1 их наяд төгрөгийн орлоготой, 7.5 их
наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдав. Ингэснээр 439.2 тэрбум төгрөгийн
алдагдалтай байх юм. Засгийн газраас оруулж ирсэн анхны төсвөөс
100 орчим тэрбум төгрөгийн таналт хийж байж дээрх хэмжээнд очлоо. Алдагдлын
хэмжээ ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэж байгаа аж. Ирэх оны төсөв ам.долларын ханшийг
1750 төгрөгөөр тооцож баталлаа. Хямралын үеийн төсөв учраас зардлаа танах
шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзсэний дүнд бараг түүхэндээ анх удаа төсөвт
байгууллагын дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог танаж 345 хүнээр цомхотгож
байгаа нь энэ удаагийн төсөв батлах үйл явцын онцлог байв. Ингэснээр хоёр
тэрбум 900 сая төгрөг хэмнэхээр болов.
Хүчингүй болсон лицензүүд сэргээгдэв
Гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө
татаж сэргээхийн тулд жилийн турш бид хичээлээ. Нэгэнт нүүрээ буруулсан нөхдийг
эргээд оруулж ирнэ гэдэг тийм ч амар биш байдгийг яс махандаа тултал ойлголоо. Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лицензийг
олгохоор болсон. Энэ оны долоодугаар сарын 1-нд Ашигт малтмалын тусгай
зөвшөөрөл шинээр олгох тухай хуульд өөрчлөлт орсноор ийм боломжийг бүрдүүлж, илүү таатай орчинг бий
болгох хуулийн чухал зүйл заалт оруулсан гээд даллан дуудсан ч үл эргэлзсэн
байдлаар хандсаар ирлээ. Уг нь хайгуулын
лиценз дахин олгож эхэлснээр гадны хөрөнгө оруулалтыг эргэн татах нэн таатай
боломж нээгдэнэ гэж тооцоолж байлаа. Энэ 106 лицензэд хөрөнгө оруулсан
компаниудын хохирлыг барагдуулах зорилгоор дээрх зөвшөөрлийг дахин сэргээхээр
болсон юм. Их хурлын Өргөдөл, гомдлын байнгын хороонд байгаа мэдээллээр
106 лицензийг эзэмшиж байсан 20 гаруй компанид 6.5 тэрбум төгрөгийн хохирол
учирсан. Энэ хохирлыг
барагдуулах чадавхи бий юу үгүй юу. Нэг хэсэг нь цуцлаад нөгөө хэсэг нь
сэргээгээд байхаар хүний итгэл яаж ч сэргэх билээ дээ. Гэхдээ ирэх жилд хөрөнгө
оруулалтаа дахин сэргээх хүсэлтээ 10 орчим компани гаргажээ. Учирсан хохирлыг
нь бүрэн барагдуулж нөхөн олговор олгосон тохиолдолд шүү дээ.
Сүүлийн 20 жилд аваагүй ургац, түүхэндээ байгаагүй их мал сүрэг тоолуулж байна
Энэ онд нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс
489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн
хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн
ургамал буюу нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн
төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал
тус тус хураан авлаа гэж ҮХААЯ-наас мэдээллээ. Энэ нь сүүлийн 20 жилд
аваагүй их ургац аж. Тодруулбал, нийт хураан авсан үр тариа, улаанбуудайн
ургацаар 1991 оны түвшинд хүрсэн амжилтыг үзүүлсэн, нэгжээс хураан авсан
ургацаар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэн 55 жилийн түүхэнд авч
байгаагүй өндөр ургац, ургацаас 14 аймгийн 896 аж ахуйн нэгж, иргэн 340.0
мянган тонн буудайн гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн нь 1991 оны түвшинд хүрч буй
ажлын амжилтаас гадна зөөлөн буудайн гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангасан
үзүүлэлт юм.
Түүнчлэн Монгол улс анх удаа мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрлээ. 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр 3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрч, 2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор өсчээ.90-ээд оны эхэн үеийн картын барааны хүнд бэрх хэцүү цагт 20 хүрэхгүй сая толгой малтай байсны хүчинд гэдсээ тэгтлээ их эвхчихээгүй давсан гэдэг. Хоёр дахин их мал сүрэгтэй, экспортлох хэмжээнд хүрсэн үр тариа, төмс хүнсний ногоотой улс юу ажрах билээ гэсэн итгэл төрөөд байгаа юм даа.
Н.Бадамжав