Ирэх он биднийг юу хүлээж байна вэ. Иргэдийн мөнгөн орлого буурч худалдан авах чадвар нь хэтийдсэн, төгрөгийн ханш суларч гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан... гээд олон таагүй урьдчилсан мэдээлэл бий. Бид батлахыг чармайж байна. Засаглалын хямрал үүний гол буруутнаар тодорч байгаа ч залуу Ерөнхий сайдын танхим энэ бүхэнд эцэс төгсгөл тавих байх хэмээн найдаж байна. Мэдээж амаргүй л дээ. Гэхдээ нэгэнт ачааны хүндийг үүрэхээр шийдсэн гүйцэтгэх засаглал нэгийг бодож нөгөөг сүвэгчилж суугаа. 2016 оны сонгуулийн өмнөх жил. Сонгууль бодсон бол энэ Засгийн танхимд хэн ч орохгүй байсан. Бодоогүйн зол ард түмэнд ирснээ тэд үзүүлж харуулах ёстой.
1
Ч.Сайханбилэгийн Засгийн эхний алхмууд өөрийгөө гаргуунд нь хаясан санаа байлаа. Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгон нийгмийн халамжийн олон бодлогод хязгаарлалт тогтоож, бүтээн байгуулалтыг шинээр эхлүүлэхгүйгээр үл барам малын хөлийн татвар бий болгохоор зорилоо. Тэдэнд хүндхэн 1.6 жил ноогдож байна. Өмнөхийнхөө ухсан нүхэнд хэр гүнзгий булагдахаа мэдэхгүй байгаа ч Исмайл шиг булагдах эрч хүч, найдвар тэдэнд хэрэгтэй. Учир нь Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан бүхий л намд ард түмнээс үнэлгээ авах алтан боломж нь энэ. Зоригтой удирдагчаа монголчууд хайрладаг. Хийснийг нь тухайн үедээ буруутгаж хэлд амаар доромжилж байвч эцэс хойно нь алдаршуулж магтдаг. Энэ хүндэтгэл өргөмжлөл гагц өөртөө бус өргөн түмэнд илүү наалдах учиртай. Ийм л боломж Ч.Сайханбилэгт бий. Парламент, гудамжин дахь улс төрийн ашиг сонирхлыг дагаж хуурнин шуугихгүй бол зүрхтэйхэн бодлогоо хэрэгжүүлэх юм бол энэ алдар гавьяаг үүрнэ.
1
Мэдээж улс төрийн карьер нь цэглэгдэх ч хандлага бийг Засгийн тэргүүн сайн мэдэж байгаа. Хямралын цунами хэдийнэ хаалга тогшчихоод байхад сөрөг арга хэмжээг ямар ч үнээр хамаагүй хийхээр тэр хүссэн. Мэдээж инфляци хаданд гарч иргэдийн худалдан авах чадвар доройтно. Харин дагаад цалин тэтгэвэр тэтгэмж өсөхгүй. Ийм боломж ч Засгийн газарт байхгүй. Ингэж арай ядан торгоосоор эдийн засгаа уруу нь биш юм аа гэхэд нэг хэвийн түвшинд барьж чадна. Гадаад орчин дахь эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй, эдийн засгийн орлогыг голчлон бүрдүүлж байгаа уул уурхайн эрдэс баялгийн үнэ ханш ирэх онд төдийлөн сайжрах төлөвгүй. Алтны ролятийг 2.5 хувьд унагаснаар жирийн эдийн засгийн үед байж боломгүй ч энэ үед АЛТ дахиад аминд орох нь. Таван толгой, Оюутолгой дээрээ учраа олж эхэлж байна.
1
Хар өдрүүд үргэлжилсээр сонгуультай золгоно. Олон нийт хийгээд улс төрийн ашиг сонирхол бүхий нам, бүлэг этгээдүүдээс шахалт дарамт тоймгүй их болно. Энэ бүхнээс парламент гүйцэтгэх засаглалаа аварч чадах уу. Усны эрэг дээр хаягдсан загасаа давалгаагаараа үе үе сэхээн амьдруулж чадах уу. Асуудлын гацаа энэ учиг дээр төвлөрнө. Засаглалын хямрал гэж яригдаад байгаа зүйлээс Ерөнхийлөгч хоромхондоо ч гэсэн “түр чөлөө” авч Засгийг дэмжинэ. Тэр Монголын ард түмнийг төлөөлөн буй эрхэм мөний тул байдлыг сайн ойлгож байгаа. Харин ааш нь олддоггүй парламент яаж аяглахыг тэр өдрийн тэнгэр мэднэ. Өнөөхөндөө Засгийн дэмжинэ л гэж байгаа. Сонгуулийн жилийн өмнөх босго болохоор Засгаар яаж ч тоглож мэднэ.
1
Гэхдээ л бид найдах учиртай. С.Зориг агсны хэлсэнлэн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэсэн үг энэ л үед хамгийн үнэ цэнтэй үг болоод байна. Хамгийн гол нь иргэдээ сөхрөөчихөлгүй, улс гэрийнхээ тооныг нураачихалгүй, хаяа хатавчаар нь жавар сийгүүлчихэлгүй урин дулаантай нүүр золгуулж байвал энэ Засгийн хамгийн том буян оршино. Бидэнд итгэл сэтгэл хэрэгтэй. Монгол хүн амны билгээр гэдэг. Сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр орон минь гэсэн сэтгэлээр хэн хэн нь хандвал цаг зуурын хямралыг өлхөн давах арга боломж бидэнд бий. Ирэх оны сүүлд дундуур дүүрэн, саахалтын айлын хоормог царайчлахгүй байвал сайнсан даа.
1
Н.Бадамжав