Монголчуудын хувьд арванхоёрдугаар сарын 29 түүхэн өдөр. Эдүгээгээс 103 жилийн өмнө Монгол улс Манжийн эрхшээлээс салж тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залсан юм. Оросын эрдэмтэн И.И.Ломакина “Өглөөнөөс бүхнийг хамарсан өргөн цуглаан эхэлж, түүнд бүх л дээд лам нар, цэрэг, хоёр мянга орчим зэвсэглэсэн казахууд оролцож, жагсаалаар Богдын өвлийн ногоон ордоноос Хүрээ рүү хөдлөв. Богд болон түүний эхнэрийг хүүгийн хамтаар шар өнгөтэй, хаалттай сүйхэнд суулган өргөж, баяр ёслолд зориулан алтан болон шар өнгөөр бүрсэн асар том гэр хүрч, тэндээсээ Ордон руу шар өнгийн матералиар (сэрдан буюу шар дэвсгэр гэж нэрлэдэг) зассан замаар явав. Замын хоёр хажуугаар ноёдууд жагссан байлаа. Гэрийн хойморт зассан хоёр сэнтийд Богд Жавзандамба хаан, эх дагина Дондогдулам хатан заларсан...” гэж тэмдэглэсэн байдаг юм. Богд хаан их бууны дуутай зэрэгцэн хаан ширээнд заларсан гэж тодотгожээ. Энэ өдөр есөн цагааны бэлэг ердийнхөөс 100 дахин илүү өргөж бүгд цагаан хадаг барьсан юм. 900 цагаан тэмээний хүзүүн дээр булга хар үнэг болон бусад зэрлэг амьтдын арьс ч өлгөөтэй байжээ. Өргөл бэлэг хошуу бүрээс томоохон ноёд бүрээс мөн хүрээний хятадууд, Оросын цагаан хааны консулаас өгч байлаа.
1
Энэ өдрийн талаар тухайн үеийн гадаад улс орны хэвлэлүүдэд бичиж байсан нь. Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан “Харбинский вестник” сонин 1912 оны 1-р сарын 1-ний дугаартаа “Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо” хэмээн тэмдэглэжээ. Оросын Петербургийн “Речь” хэмээх сонинд “Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо” гэж бичсэн бол Оросын “Новое время” сонин “Монголд газар сайгүй... их баяр ёслол болж байна” гэж бичжээ.
1
Арванхоёрдугаар сарын 29-нд Монголын өнцөг булан бүрт даншиг өргөх ёслол болгохоор зарлигдсан юм. Түүнчлэн алив амьтан алахыг цаазлан ордны сайдууд ба бусад түшмэд монгол үндэсний дээл өмсөхийг тодотгожээ. Гадаад ертөнцөд Монголын тусгаар тогтнолыг эхэндээ хүлээн зөвшөөрч байсан боловч дараа дараачийн жилүүдэд Хятадын ашиг сонирхлоос шалтгаалан цааргалах хандлагатай болсон юм. Оросууд Монголын тусгаар тогтнолын ач холбогдлын талаар түүхэн гэж дүгнэж байлаа. Хятадаас халхавч улс болохын хувьд Орост Монголын тусгаар тогтнол ашигтай тусч байсан юм. Одоо Монголд цэргээ илгээн суулгаж энэ тусгаар тогтнолыг нь баталгаажуулснаар луугийн аюулаас хамгаалах гол жийргэвч болно гэсэн бодлого баримталж байсан юм. Харамсалтай нь Хятадын шахалтаар 1915 оны Хиагтын хэлэлцээрээр автономит эрхтэй хагас тусгаар тогтносон улс болгохоос өөр арга Орост үлдээгүй. Хятадтай муудалцахаас Монголын статус квог өөрчлөх нь тухайн үедээ Оросыг ийм сонголт хийхэд хүргэсэн юм.
1
Манжаас тусгаарлах үндэсний хөдөлгөөнийг Богд Жавзандамба хутагт толгойлсон нь учиртай. Халх, өвөрлөгчдийн ноёд түшмэдийн дунд түүнтэй зэрэгцэх нэр нөлөө бүхий хүчирхэг удирдагч байсангүй. Түүхэн нөхцөл байдлаас харахад Богд хаан тэмцлийг толгойлох хүнээр халхын дөрвөн хангийн аль нэгнээр удирдуулах санаатай байсан авч эцсийн бүлэгт өөрөө хариуцлагыг авахаар шийдсэн нь хан, ван, ноёдын уйгагүй ятгалгатай холбоотой. Сурвалжаас харахад Түшээт хан, Сайн ноён ханы нэрийг Богд Жавзандамба хутагт нэрлэж байсан ч тэд татгалзсан хариу өгч байсан гэдэг.
1
Монголын тусгаар тогтнол их өндөр үнээр олдсон юм. Манж гүрэн доройтсон үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглан тусгаар тогтнолоо тунхагласан боловч Хятадын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлогын золиосонд олон хан, ван, ноёд хороогдсон билээ. Эх оронч олон ч хөвгүүд дараагийн золиос болон эрсэдсэн юм.
1
Эзэнт гүрний хэмжээнд оршиж дэлхийн түүхэнд хамгийн том газар нутаг, хүн амыг хяналтандаа 300 гаруй жилийн турш барьж байсан Чингисийн Монгол ийнхүү дахин сэргэсэн юм. Үүнээс хойш хагас зуун жил гаруй тэмцсэний эцэст Монгол улс дэлхийн хүчирхэг орнуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар улс болсон түүхтэй. Энэ өдрийг монгол түмэн үеийн үед тэмдэглэх учиртай талаар Дотоодын явдлын сайд Да лам Цэрэнчимид нараас 1912 оны нэгдүгээр сарын 12-нд өргөн барьж Зарлиг гуйж айлтгасан бөгөөд Богд хаан мөнхүү сарын 24-нд дээрх айлтгалыг хүлээн авч “Зарлиг үнэхээрийн зүйтэй нийтээр зарлагтун” тунхаглаж улаан бийрээр цохсон нь эдүгээ хүртэл Улсын төв архивт байдаг билээ.
1
Н.Бадамжав