“...“Эрдэнэс Тавантолгой” компани нь Хятадын төрийн өмчит Чалкод тавьсан өрөө энэ оны хоёрдугаар улиралд төлж дуусгахаар болсон. Төлөвлөснөөр бол сар хүрэхгүйн дараа дөрөвдүгээр сарын 1 гэхэд 90 сая ам.долларыг 1.5 сая тонн нүүрсээр, тавдугаар сарын 1 гэхэд үлдсэн 60 сая ам.долларыг нэг сая тонн нүүрсээр өрөө дарна...”. Энэ бол 2013 онд тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн хэвлэлд өгч байсан мэдэгдэл. Чалкогийн үлдэгдэл өр болох 148 сая ам.долларыг дарах болно гэсэн хүлээлт үүсгэсэн цуврал амлалтын нэг нь л юм. Түүнээс хойш 1.6 жил өнгөрөөд байгаа ч байдал дээрдсэнгүй Чалкод тавигдах өр хэвээрээ шахуу 110 сая ам.доллар өрийн үлдэгдэлтэй байгаа. Энэхүү төлбөр удаашраад байгаа нь нүүрсний үнийн уналттай холбоотой гэж салбарын сайд нь хэлж байна. Хэдийгээр энэ онд үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос өссөн ч орлого нь 40-өөд хувиар буурсан үзүүлэлттэй гэдэг. Нүүрсний үнэ унасаар байгаа тул Чалкогийн өр нимгэрэхгүй байна гэсэн учирлалтай ийм нэг ажил нь явдаггүй төрийн компани байгаа.
1
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарч ирэхдээ хэдэн толгойг “базаж” гацааанаас гаргана гэж хэлсэн нь биеллээ олж байгаа бололтой. Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил өрнөж эхлэхэд Хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг Ч.Сайханбилэг сайд ахалж ирсэн юм. Тэгээд ч Тавантолгойн нүүрсийг эдийн засагт мөнгө болгох менежментийг хийх компанийн эцсийн сонгон шалгаруулалт шуурхай явагдаж ялагчид тодорчээ.
1
Хятадын “Чайна Шэнхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар болсон. Тэд энэ ордын 51 хувийг авах эзэмших юм байна гэсэн төсөөлөл байгаа. Энэ нь нэг талаас төр болхи менежэр гэдгээ хүлээн зөвшөөрч хөрөнгө оруулагчдыг татаж ордоо үр ашигтай ашиглая гэсэн санаа. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийсэн компани ашиг хүртэх ёстой. Одоогийн төсөөллөөр бол Тавантолгойн орд төрийн мэдэлд байх бөгөөд гагцхүү хөрөнгө оруулалт хийж, ажлыг нь урагшлуулахыг дээрх гурван компанийн хамтарсан түншлэлийн хүрээнд явуулна гэж байна. Долоон тэрбум коксжих нүүрсний нөөцөөс олборлох, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулж Хятадын Чалко компанид тавьсан Монголын Засгийн газрын өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх үүрэг хүлээж байна. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцааг олгох ажлыг ч хариуцахаар болжээ. Түүнчлэн Засгийн газраас шалгарсан компаниудад баруун болон зүүн Цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх шаардлагыг тавихаар болоод байгаа юм. Гэхдээ төр хувийн хэвшлийнхний хэлэлцээр явагдаж үргэлжилж байна.
1
Тавантолойг хувийн хэвшлийнхэнд хариуцуулснаар төр түмэн зовлонгийнхоо нэгнээс сална гэж хэвлэлээр бичиж байна. Дэд бүтэц ч байхгүй Тавантолгойн нөгөө талд, Ухаа худаг гэж бий. Тэнд бүтээн байгуулалт өрнөж цахилгаан станц баригдаж, дэд бүтэц бий болж сум нь хот болж эхэлсэн. Төрийн мэдэлд алт ч байсан өнгөө алдаж нүүрс байсан ч үнс болж хэдэн хүний эрх ямба эд баялгийн эх болдгийг Тавантолгойн одоогийн хоёр өөр нүүр царайнаас харж болно. Тавантолгойн зургаан лицензээс хамгийн их нөөцтэй нь болох “Ухаа худаг”-ийн талбайн баялгаас “Энержи ресурс”-ийнхэн 30 сая долларын цэвэр ашиг олдог гэж яригддаг. Харин зүүн Цанхад нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК өрөө ч дараагүй л сууж байна. Гурван засгийн нүүрийг үзэж буй Тавантолгой дөрөв дэх төрийнхөө нүүрийг харчихалгүй, элэг зөв эзэнтэй болж тамир орох нь эдийн засагт амь тариа болно гэсэн хүлээлт байна. Том бизнест шалгарч том ордыг эргэлтэд оруулах компаниудад бизнесийн нэг хэлтэй байхыг л ерөөх үлдсэн бололтой.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/