Хүүхдийн мөнгөө дансанд орхиод хураагаад байсан бол өдийд 520 мянга төгрөгтэй болох байсан гэдгийг мөнгө сайн барьдаг хүмүүс бидэнд хэлж өгч байна. Ханшны уналтыг тооцож үзвэл яс юман дээр 300 мянга орчим буюу бэлтэй айлын цагаан сарын нэг том ууц. Гэхдээ энэ мөнгийг ууц ав, ууж ид гэж өгдөггүй. “Хүүхдэд зориулав” гэсэн ногоон гэрлээр төрийн халааснаас гардаг мөнгө. Манайхан сурцаараа өнөөдөр юу хэрэгтэй байна түүндээ зориулалтыг нь тааруулаад явчихдаг тул хүүхдийн мөнгө нь эцэг эхчүүдийн “зүгээр” авдаг мөнгө болсон талтай. Ам бүл олуулаа бол хүүхдийн мөнгөөр хоол залгуулдаг айл ч олон. Үүний эсрэгээр энэ мөнгөө огт авдаггүй боломжтой айл ч бас бий. Халамжийн сандаа үлддэг энэ мөнгийг яадаг юм бол. Дансандаа үлдсэн мөнгө Хүүхдийн хөгжлийг дэмжих санд үлддэг сураг байна. Энэ мөнгийг хүүхдийн төлөө ашиглах барилга байгууламжинд зориулна гэсэн чиг байдаг ч одоогоор ийм тийм обьектод тийм хэмжээний мөнгө үлдсэнийг зарцуулсан гэсэн тайлан мэдээ сонсогддоггүй. Хүүхдийн мөнгөө үлдээсэн иргэд энэ мөнгийг нь юунд хэрхэн зарцуулсныг мэдэж байх ёстой л байх. Ер нь бол Засгийн газар л шийдэж зарцуулдаг болов уу. Одоогоор энэ мөнгийг ямар нэг зүйлд зарцуулаагүй байгаа бололтой.
1
Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг дахин олгохоор болсон. Статистикээр бол 0-15 насныхныг хүүхэд гэж тодорхойлдогийг энд хэлэхэд илүүдэхгүй. Дээрх ангиллаар авч үзвэл манай нийт хүн амын 36 хувь нь буюу 170 гаруй мянган хүүхэд энэ мөнгийг авч байгаа гэсэн тоо байдаг.
1
Хүүхдийн мөнгийг хавтгайд нь өгдгийг зогсоож ангилал тогтоож өгье гэсэн саналыг Ерөнхий сайд гаргаад байгаа. 1 сая төгрөгнөөс доош орлоготой өрхийн хүүхдүүдэд халамж өгье гэвэл 84 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо байна. Үүнийг энэ онд тараачихаад байгаа мөнгөтэй харьцуулбал 140 тэрбум төгрөг хэмнэх тооцоог төрийнхөн гаргажээ. Яармагийн дэнжид баригдах ёстой Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажилд нийт 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас хамгийн сүүлд 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилт зогсч ажил нь нам зогссон гэдэг. Хүүхдийн мөнгийг хэмнэх тооцооноос харвал дээрх мөнгө элбэг гарч Яармагийн эмнэлгийн сураг наашлах л юм байна.
1
Хүүхдийн мөнгө гэдэг нэрнээсээ энэ мөнгийг хэдэн кг мах, гурил гэж харалгүй хүүхдийн сурах хөгжихөд нэмэр болгох өөдрөг зорилго агуулагдаж буй. Хүүхэддээ хуримтлал болгож ч болно гэж банкууд ятгадаг. Та хүүхдийнхээ мөнгийг нэг наснаас нь эхлэн 18 хүртэл нь хадгалбал таны хүүхэд дөрвөн сая 380 мянган төгрөгтэй болно гэсэн тооцоог тэд гаргасан байдаг. Харин ирэх оноос амьдралын бололцоог харж өгч эхэлбэл хоол унданд нэмэр болгож байгаатай бараг адил утгатай болж ирнэ.
1
Одоогоор “Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 988.3 мянган хүүхдэд 200 гаруй тэрбум төгрөгийг олгоод байгаа тухай мэдээ байна. Нэг сая төгрөгнөөс доош орлоготой гэсэн босго тавиад өгөхөд 140 тэрбум төгрөг улсын төсөвт хэмнэлт болон үлдэнэ. Сардаа нэг авдаг хүүхдийн 20 мянгаа нийлүүлж нэг сайн цаддаг айл ч байна. Зүгээр дээ, баярлалаа гээд дансанд нь үлдээдэг аавууд ч байна. Хэзээ ч энэ 20 мянгаа авч байгаагүй хотойхгүй айлууд ч байна. Хүүхдийн мөнгөнөөсөө татгалзаж хэмнэлтийг дэмжих өрх олон бий. Төр хариуд нь эмнэлэг, тоглоомын талбай бариад өгчихөд л энэ мөнгөнөөсөө татгалзсан иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь болох юм. Мөн өнгөрсөн хугацаанд үлдээсэн хүүхдийн мөнгө хаана байгаа, юунд зориулагддагийг зохих албаныхан хэлж тайлагнах хэрэгтэй байх.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/