Баялгийн хяслан гэж ойлголт байна. Жозеф Штиглиц/Нобелийн шагналт, эдийн засагч / гэх эрхмийн хийсэн тайлбараар бол баялгийн хясланг ерөнхийд нь байгалийн асар их баялагтай орнуудад ихэнхдээ хүмүүс нь ядуурдаг, улс нь өсч, хөгждөггүй, баялгийн өгөөж харьцангуй цөөн хүнд ноогддог гэдгээр тодорхойлж болно гэжээ. Манай өнөөгийн нөхцөл байдал энэ тодорхорйлолтод яв цав нийцэж байгаа нь харамсалтай.Цаашлаад энэ хүрээнд ярих таван асуудал байгаа нь мөнл бидний одоогийн байдалтай бараг л яв цав таарч байгаа юм.
Баялгийн хяслангийн эхний асуудал нь улс орнууд баялаг гэж нэрлэдэг зүйл дээрээ мэхлүүлдэг явдал гэж байна.Дараагийн асуудал нь баялгаас цөөн тооны хүмүүс ашиг хонжоо олох, түүнийг өөрийнболгохоор бүх арга, хэрэгслийг ашигладаг явдал. Үүний үр дүнд нийгэм бүхэлдээ хохироламсдаг. Гутгаар нэг асуудал бол байгалийн баялаг ихтэй орнууд түүнээсээ хэтхамааралтай болж, үнийн маш их тогтворгүй байдал бий болдог бөгөөд энэ нь эдийн засгийнихээхэн хор холбогдолтой. Дөрөв дэх нь олон улсын банкууд байдлыг бүр дордуулдаг явдалюм. Тавдахь асуудал нь Голланд өвчин. Энэ нь товчоор хэлэхэд баялгийг засгийн газруудзөвхөн ойр, зуурын ашиг олоход ашигладаг, үүний үр дүнд баялаг урт хугацааны тогтвортойхөгжилд хүргэдэггүй явдал юм. Энэхүү Голланд өвчин бидэнд хамгийн ноцтой бэрхшээл болох тухай тайлбарыг дэлгэрүүлж харвал одоо улс орны минь хөгжил юун дээр тээглээд байгаагийн нэг суурь шалтгааныг харж болохоор.
... Байгалийн баялгаа амжилттай борлуулснаас орж ирэх гадаадын долларын нөлөө, ялангуяа үнийн өсөлтийн үед ихэснэ. Мөнгөний ханш өсч, үүнийг дагаад бүтээгдэхүүн экспорлоход бэрхшээлтэй болж ирнэ. Дотоодын үйлдвэрлэгчдэд их хэмжээгээр орж ирэх импорттой өрсөлдөхөд хүндрэл учирна. Үүний үр дүнд улсын эдийн засаг дажгүй үзүүлэлттэй атал үр ашиг буурдаг. Энэ үзэгдэл анх Нидерландад гарчээ.Энэ орон их хэмжээний байгалийн хий, Хойт тэнгисийн газрын тосны орд нээсний дараа ихээхэн баяжсаны үр дүнд тохиолдсон учраас түүнийг Голланд өвчний бэрхшээл гэж нэрлэсэн. Тэгэхэд Нидерланд харахад баян чинээлэг атлаа улам ядуурсаар байсан юм. Ажилгүйдлийн хэмжээ, хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн тоо эрс өсч, эдийн засгийн өвчин нь бүр нийгмийн өвчин болсон байсан гэжЖозеф Штиглицонцлон хэлжээ.
Манай төрийнхөнд онцгой хамаарах өөр нэг бэрхшээл нь Засгийн газрууд байгалийн баялагаа улс, орныхоо урт хугацааны хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн оронд ойр зуурын ашиг хонжоо харан ашиглах хандлага.Энэ нь засгийн газрын нийтлэг шинж бөгөөд тэд 3-4 жилд болох сонгуулиар сонгогчдоо аргалах бодлого баримталдаг.Гэтэл хөгжил гэдэг нь урт удаан хугацааны үйл явц бөгөөд цаг, хугацаа шаардана.Энэтодорхойлолт бол сүүлийн 8 жилд хийсэн бидний хоёр сонгуулийн бодит дүр зураг. Урьдчилгаа гэж сая сая доллар харийнхнаас аваад, баялгийн хишиг гэж хувааж тараагаад одоо зээл болж хувиран төсвөөс хүү төлж байгаа энэ байдал.
“Өнөөдөр бид үнэнээ хэлэх боллоо” гэж Ерөнхий сайд чуулган дээр мэдэгдсэн. Тэгэх цаг нь үнэхээр болсон. Энд олон үнэнийг тоочиж болох ч баялгаа дагасан хар бооминд орсоор байгаагаа төр баригчид онцлон хэлэх ёстой байх. Байгалийн баялагтай оронд бий болдог хяслан бэрхшээлийн “хар зураг” манайд улам тодорч байгаа үнэнийг одоо олон түмэнд ил хэлэх хэрэгтэй. Эндээс төр ард түмний итгэлцэл бас түншлэл эхэлнэ.
Баялгийг цөөн хэдэн олигархиуд гартаа авч нийгэм нь эмх замбараагүй болж хүнд суртал, авлига ноцтой хэмжээнд хүрсэн, төрийн хяналт алдагдсан төдийгүй гадаадын үл мэдэгдэх субьектууд эрдэс баялгийн эзэмшигч болж, ус, ойн нөөц, цөлжилт, газрын элэгдэл, хөрсний эвдрэл, агаарын бохирдол нь бараг гамшгийн байдалд ойртож очоод байгаа үнэнийг бид бүгд харж, мэдэрч байна. Гэхдээ ил хэлээд хүлээн зөвшөөрөх эр зориг улс төрчдөд дутаж байна. Товчхондоо баялгийн хяслан бэрхшээлээр өвчилсөн ядуу орны бүх хам шинж нь манай улсад илрээд байгаа харагдана. Энэ нь ужиг шинжийг олж эдийн засгийн гүнзгий хямрал болоод байгаа. Үүний хариуцлагыг олон нийт улс төрийн намуудаас нэхэж байгаа нь ч шудрага. Өнөөдрөөс төр энэ үнэнийг хүлээн зөвшөөрч гарцаа олох шаардлага бий болсон.
Голланд өвчнөөр өвчилсөн орон яавал зохих вэ? Үүний хариултыг манай эдийн засагчид сайн мэдэж байгаа. Гадаадын эрхмийн зөвлөснөөр бол Голланд өвчнөөс сэргийлэх хамгийн зөв арга бол гадаадын валютыг хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх импортын капитал худалдаж авахад зарцуулах, өөрөөр хэлвэл, долларыг үндэсний мөнгөн тэмдэгт болгон хувиргах арга гэж байна.Ингэх нь Голланд өвчний гол шинж болох ханшны хэт өсөлтийг барина.Эсвэл мөнгөө гадаадад хадгалуулж, шаардлага гарсан үед зарцуулах, нэг бол импортын капиталын бараа худалдаж авах замаар зарцуулвал мөнгөний ханш унахаас сэргийлж, мөн Голланд өвчнөөс сэргийлж болно....Хятад эдийн засгийнхаа өсөлтийг байгалийн баялгаас бус, экспорт дээр суурилсан гэдгийг мэдэж байна.Тиймээс Хятад мөнгөнийхөө ханшийн өсөлтийг тогтоон барих хэрэгтэй.Харамсалтай нь үүнийг хөгжиж буй орнууд ойлгож, Хятадын энэ туршлагаас суралцахгүй байна.Тэд мөнгөний ханшаа зөнд нь тавьж, ингэснээр өндөр ханш эцэстээ ажилгүйдлийн хувь хэмжээг мөн өсгөж байна... гэж өнөөх Штиглиц “Хөгжил ба Байгалийн баялаг ” илтгэлдээ бидэнд анхааруулжээ.
Монгол орон минь асар их баялгаасаа сүүдэрлэж харийн хяналт, хараа нөлөөнд орж эхлээд байна уу гэсэн асуултыг айж бэргэлгүй тавих цаг болсон. Би хувьдаа тэр ирээдүй тун ойрхон байна гэж муу амламааргүй байна. Гэхдээ бид баялгийн хясланд бараг л багалзуурдуулсан, Голланд өвчнөөр хүнд өвчилсөн гэж дүгнэж болохоор байдалд байна.
Өнөөдөр улс төрчид үнэнээ хэлэх, алдаагаа хүлээн зөвшөөрөх цаг үнэхээр болжээ. Тулгарсан бэрхшээлийг хамтдаа туулж гарахын тулд чухам юутай тулгараад байгаагаа бид бүгд мэдэх хэрэгтэй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/