Ажилгүйдлээ яах вэ
2014-12-19

Ажилгүй иргэдийн тоо арваннэгдүгээр сард 5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 51.6 хувь байгаа ч үүний цаана 50 орчим мянган ажилгүй иргэд байгаа юм. Ажилгүй иргэдийн 33 хувь нь дээд боловсролтой магистр, доктор бакалаврын зэрэгтэй, 44 хувь нь бүрэн дунд боловсролтой, үлдсэн цөөхөн хувь нь бага боловсролтой байх юм. 65 орчим хувийг 15-34 насны залуус эзлэж байна. Ид хийж бүтээх насныхан. Монголчууд дээд боловсролтой иргэдээрээ дэлхийд нэгд жагсдаг. Хөгжлөөрөө толгой цохидог АНУ, Япон, барууны орнуудыг хол хаячихсан. Улаанбаатарын гудамжаар явж байгаа хүмүүсийн араас доктор оо гээд дуудвал эргээд харах хүн гарын арван хуруунаас ч илүү гарна.

1

Оюуны потенциал ийм өндөртэй байхад улс орон яагаад хөгжин дэвжихгүй байна вэ. Ердөө л боловсролын систем, чанартай холбоотой. Сүүлийн хориод жилийн турш ерөнхий боловсролоороо гайгүй сайн тоглоод авсны шан. Өнөөдөр хэрэгжиж байгаа Кембрижийн тогтолцоо ч адил монгол хүнд тохирохгүй байгаа нь дээрх статистик мэдээ нотлоод байгаа юм. Их дээд сургуулиудын бэлтгэж байгаа боловсон хүчин хөдөлмөрийн зах зээл дээр тэнцэхгүй. Тэгсэн хэрнээ зах зээл дээр ажилгүйчүүдийг хангачих мянга мянган ажлын байр гарсаар байна. Аргаа бараад хятадаас ажиллах хүчнээ авч байна шүү дээ. Цалин бага уу гэтэл үгүй. Шүдлүүлэх нь холгүй шалгуулж Төв цэнгэлдэхийн үүдэнд хэдэн мянгаараа дугаарлаж гэмээн азтай нь Солонгост хар ажлын боол болох гэж явдаг байлаа. Сардаа нэг сая хүрэхгүй төгрөгийн цалин авахын тулд шүү дээ. Гэтэл өнөөдөр цалин хөлсний хэмжээ бараг л адил болчихсон болохоор энэ урсгал аяндаа саарчихсан. Солонгос руу ажиллахаар явлаа гэвэл бараг онигоонд орох шахуу яригддаг болсон цаг. Гэсэн хэр нь ажилгүйчүүд өсөөд байх ийм гажиг үзэгдэл боловсролын системийн гажуудлаас шууд үүдэлтэй.

1

Манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус 183 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд эдгээрт нийт 120-оод мянган оюутан сургаж төгсгөж байгаа. Өмчийн талаас нь үзвэл төрийн 48, хувийн 128 сургууль, долоон гадаадын салбар сургууль бий. Эндээс чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэнэ гэдэг юу л бол. Боловсрол арилжааны хэлбэрийг нэгэнт олж, боловсролоор дамжуулан бизнес хийх сонирхолтой систем бий болсон нь харагдаж байгаа юм.  Их дээд сургууль хэт олон, сургалтын хөтөлбөр, стандарт, лаборатори шаардлага хангахгүй байна, төгсөгчдийн боловсролын түвшин муугаас болон бусад шалтгаанаар шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг, мөн ажиллах хүчний зах зээл хязгаарлагдмал байхад сургуулиуд ямар ч баримжаагүйгээр асар олон оюутан элсүүлдэг гэхчилэн өнөөгийн бодит байдлыг олон хүн шүүмжилдэг нь хатуу боловч үнэн. Цорын ганц эерэг зүйл нь өнгөрсөн хугацаанд "хувь хүмүүс оюуны салбарт хөрөнгө оруулалт хийсэн" гэсэн тодорхойлолт.

1

Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2010-2011 оны хичээлийн жилд бүх шатны сургалтын байгууллагыг нийт 133.7 мянган хүн төгссөнөөс 35.8 мянга нь их, дээд сургууль, коллеж төгсчээ. Харин Төрийн өмчийн сургуулийн 20304 төгсөгчөөс 7393, Төрийн бус өмчийн сургуулийн 15543 төгсөгчөөс 5582 ажлын байртай болсон байна. Дөнгөж гуравны нэг хувь буюу 12975 нь ажлын байртай болжээ. Иймэрхүү байдлаар хэдэн жилийн нүүр үзэж байгааг хэн ч мэдэхгүй. Жилд 20 мянга гаруй ажилгүй залуус шинээр бий болно гэдэг нь үсрэнгүй хөгжлийнхөө гараанд ирсэн гэх Монгол улсын хувьд ямар их эмгэнэл вэ? Энэ бол яах аргагүй Монголын хөгжлийг гацаанд оруулах том хүчин зүйл мөн. Үүнийг гажуудал гэхээс ч өөр арга алга.

1

Дээрээс нь Монголд аж үйлдвэр хөгжөөгүй учраас аж үйлдвэрийн өмнөх үеийн нийгэмд яваа гэж хэлж болно. Гэтэл залуусын төгсч буй мэргэжлийн ихэнх нь нийгмийн ухаан, бизнес, хуулийн салбарт хамаарч байна. Улс орны хөгжлийн гарц, аж үйлдвэрийг нуруундаа үүрэх техник, үйлдвэрлэлийн чиглэлээр 4000 хүн төгсч байхад, нийгмийн ухааны салбарт 14000 төгсч байх юм. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийг түүчээлэн авч явах нарийн мэргэжилтэй залуус ховор байна гэж хэлж болно. Харин төр засгаас энэ асуудлыг шийдэхийн тулд МСҮТ-ийн оюутнуудад цалин олгох, ховор, нарийн мэргэжил сонгосон оюутнуудад тэтгэлэг, зээл олгох зэргээр арга ядсан үйлдлүүд л хийж байна. Энэ арга зам үр ашгаа өгч болох л байсан. Гэвч Боловсролын яам нь Хөдөлмөрийн яамтайгаа нягт хамтарч ажилладаггүй, өөд өөдөөсөө хараад суучихдагаас залуус хохироод байгаа юм. Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээлийн тухай ойлголт эцэг эхэд ч, төрд ч алга. Ямар мэргэжилтэн хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна ямар нь илүүдэлтэй байгааг шинжлэх ухаанчаар судлаад бодлогоо нэгтгээд явбал бид ажилгүйдэлд толгойгоо өвтгөөд байх шаардлагагүй л байхсан даа.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
tomor:
mongold ajilaas ih yum alga,zar medee abaad unsh
2014-12-20