Боломж бидэнд байна уу гэвэл байна. Мөнөөх л хямралыг үүсгэж байсан төрийн гацааг дахин эхлүүлэхгүй гэж парламентад суудалтай намууд зөвшилцсний үр дүн. Заавал ямар нэгэн жоом алах гэж хоорондоо гэрээ түйвээх шахаж байснаас хамтраад асуудлаа шийдсэн бол юу боллоо гэж дөрвөн ханат минь ингэтлээ гуйвж дайвах билээ. Сангийн шинэ сайд төсөв аймаар хүнд байгаа тухай дуулгалаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нь 64 хувьтай, он дуустал 600 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх шаардагатай. Дээр нь 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тасалдчихаад байгаагийн 300 тэрбумыг энэ үлдсэн хоногуудад хийх ёстой. Жинхэнэ холион бантан болж байна. Үүнийг парламент эртнээс мэдэж байсан. Гагцхүү нэгийг нь ямар ч үнээр хамаагүй унагаж нөгөөг нь ямар ч үнээр хамаагүй босгохыг хичээж байсны үр нөлөө. Төсвийн жил дуусах гэж байна шүү дээ. Хаанаасаа энэ их мөнгийг олох билээ. Яаж ч шавхаад талыг нь гаргаж дийлэх нь нөгөө тал нь яах вэ. Иргэдийн цалин тэтгэвэр, тэтгэмж ёстой лөөлөө л болно.
1
Давхар давхар ачааны дороос хамтын хүчээр л гарна. Гэхдээ хамтраад шийднэ гэдэг хамтраад унагаана гэсэн үг биш. Энэ гацсан тэргийг явуулах шатахуун хэрэгтэй. Бусдаас шатахуун үнэ төлбөргүй зээлдэх хөг өнгөрсөн. Монгол улс ядуурлаас гарч өрийгөө санхүүжүүлэх тодорхойлолтыг 2005 онд ОУВС, Дэлхийн банкнаас гаргаснаас хойш хоёр дахь эдийн засгийн хямралын давлагааг туулсан. 2008 онд бидэнд мөнгө байсан. Уул уурхайгаас олох орлого үлэмж хэмжээнд хүрч мөнгөнөөс хямд зүйл бидэнд үгүй байлаа. Дажгүй туулсан. Харин өнөөдөр битгий их санаарай. Юу ч байхгүй шүү. Халаасаа эргүүлээд нэг үзээрэй. Амьжиргааны төвшин, хүн амын орлого, инфляцийг тогтворжуулахад шаардлагатай хөрөнгө мөнгө үр ашгаа тооцоогүй зам, барилга руу цутгагдаад алга болсон. Дээр нь данхар төрөө санхүүжүүлэхийн тулд.
1
Өнөөдөр үндэсний хэмжээнд буцалтгүй тусламж өгөх олон улсын хийгээд донор орнууд байхгүй. Хөнгөлөлттэй зээл ч ховор. Хоёр талын ашиг орлого дээр тулгуурласан харилцан ашигтай зээлийг л санал болгоно. Иймэрхүү зээлийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлэнд амташсан Төр маань ашиглаж чадах уу.
1
Мянганы хөгжлийн сорилтын сан анхны гэрээнийхээ 285 сая ам.долларын санхүүжилтийг Монголд ок гээд хэрэгжүүлсэн. Дараагийн шалгаруултад Монголыг багтаасан ч ямар салбарт ямар хөрөнгө оруулалт хийхээ шийдээгүй байна. 4-6 сар шаардагдана. Бид энэ хөрөнгийг юунд хүсэх вэ гэдгээ одоо нухацтай бодох учиртай. Өмнө нь бидэнд гар сарвайх асар олон хөрөнгө оруулалт байсан. Ихэнхийг нь үргүй зарцуулсан. Хөрөнгө оруулагч нар дайжаад алга болсон. Хамгийн гол нь дотогшоо чиглэсэн шинэ төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт санал болгох нь Монголын хувьд ашигтай. 1893 болчихоод байгаа ам.долларын ханшийг бууруулах гарц нь экспортыг ямар ч үнээр хамаагүй дэмжиж импортыг хязгаарлах шүү дээ. Алт унци нь урьд хожид байгаагүйгээр 1223 ам.доллар луу орчихлоо. Зэс ч 6495 руу дөхчихлөө. Боломж бас л харагдаад байгаа юм. Төмөр замын тогоо руу олон хошуугаа дүрэлцэхгүйгээр ая эвээ олчихвол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Хятадын 1.5 тэрбум, Оросын 160 сая хүн амаар тогтохгүй цааш нь арилжаалчих боломж үүсэх юмсан. Даанч бид хоёр парламент дамжаад хэрэлдсэн. Одоо өвөр түрийндээ орсон хойно боломж ургана.
1
Бүтээгч нараа дарамталдаг төрийн арангаас болж хэчнээн ч олон Үндэсний томоохон үйлдвэрлэгч нар ажилчдаа цомхотгож байна вэ. Хуугаараа л олигархи тэмдэг зүүлээ. Архи уулгаад, талх идүүлээд байгаа нь тэд биш биз дээ. Сумыг хот шиг болгоод байгаа нь тэргүүний олигархи биш баймаар. Төртэй зууралдаж олигархи бүтэц бий болгосон нь хуулийн өмнө хариуцлагаа хүлээдэг л юм байгаа биз. Бусдад нь ямар хамаа байна. Манай төр “шударга” болохоор өстэй бүхнээ татвараар дарамталж шорон гянданд хатааж ирлээ. Алив хийрхлийн хэнээрхэл төр барьж байгаа нөхдүүдтэйгээ нийлэхээр Монголыг жинхэнэ бусниулж байгаа юм. Үр хойчийн засагтаа л хэлэх юм хуна. Холхон л байгаарай даа хийрхлийн хэнээрхлээс олох ашиг орлогоос... Түмний нэрийн өмнөөс боломж хайна гэдэг өөртөө халааслахын нэр биш. Ардууд энэ Засгийг өрөвдөж байгаа. Өр битгий өшиглөөрэй.
1
Н.Бадамжав