Монгол улс он гарсаар 392.2 сая ам.доллароор 374.1 мянган тонн түлш шатахуун худалдан авч авто машинуудаа хөдөлгөжээ. Энэ их бензинийг шатааж агаарын бохирдол болгодог авто машинууд болоод жолооч нартай холбоотой хэдэн тоо харья. 392.2 сая ам.долларын ард байх хар сүүдэр гэж хэлж ч болно. Нэлээн урт статистик тоо хөврөх тул няцалгүй уншихыг хүсье.
1
Бид 392.2 сая ам.доллароо зарлагадаад 736288 тээврийн хэрэгслийг хөдөлгөдөг. Үүнээс Улаанбаатар хотод 62.1 хувь, 37.9 хувь нь орон нутагт авто тээврийн хөдөлгөөн үүсгэж байгаа юм. Энэ тоо өдөр тутам өсөж байгаа. 2014 оны эхний 11 сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар аваад байгаа талаар холбогдох сайтад мэдээлсэн байна. Үүнээс 41606 тээврийн хэрэгсэл нь нийслэл хотод бүртгэгджээ. Ер нь бол сая илүү хүнтэй нийслэл хотод маань 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2014 оны эхний 11 сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. 4 жилийн дотор 2.6 дахин нэмэгдсэн байна. Унах унааагүй, гартаа барих утасгүй бол ажил явахаа больсон цаг үед амьдарч байгаа тул төмөр хүлгийн тоо нэмж байгаад бухимдах нь дэмий болно.
1
Харин зам тээврийн ослоор цаг бусаар амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо өссөөр байгаа хар статистик гарсаар байгаад эмзэглэхээр байна. Улсын хэмжээнд бүртгэж шалгасан 18367 зам тээврийн ослын 17848 буюу 97.2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 475 буюу 2.6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 44 буюу 0.2 хувь нь замын нөхцлөөс шалтгаалан гарсан гэж бүртгэгджээ. 17848 жолоочийн алдаа, анхаарал болгооомжгүй их бага осол бүртгэгдсэн хэрэг. Хатуу хэлэхэд та бидний хэн нэгэн төмөр хүлгийн дугуйны нөхөөс болох эрсдэл дэндүү их болсныг эндээс харж болно.
1
Нийслэлийн замын цагдаагийн газрын сайтад мэдээлснээр2014 оны эхний 9 сарын байдлаар нийслэлд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4193 хүн гэмтэл, бэртэл авч 122 хүний амь нас хохирч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 34.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 3 тэрбум 184.1 сая төгрөгийн буюу 78.9 хувийг нөхөн төлүүлсэн гэж байгаа ч ард нь юугаар ч үл нөхөгдөх эрдэнэт хүний амь байгаа юм. Хөдөлгүүрт машиныг ухаант хүн барьж явдаг хэдий ч алхаж яваа явган зорчигчийн амь насыг хөнөөсөөр байгаа тоо нэмэгдсээр байна. Авто ослоор амь насаа алдаж буй хүний дийлэнх хувийг явган зорчигчид эзэлдэг гэж байна. Алхаж явалтгүй л эрсдэлтэй болжээ. Мөн энэ төрлийн хар мэдээний багцад 2014 оны байдлаар 8 хүүхэд авто машины ослоос амиа алдсан гэсэн харамсалтай мэдээ ч байна.
1
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэл багадаагүй. Харин санкц нь зөөлдөж байж болох юм. Морь унадаг шигээ машин барьдаг жолооч олонтой, морин тэрэг шиг төмрөөр багласан тэнхлэгтэй шаардлага хангаагүй машин ихтэй ийм хотод жолоо барих эрх авах босго өндөр, бас сургалт нь уян хатан байх ёстой байх. Солонгос зэрэг улсад жолооны дамжаанд явахад сурах цаад хоног хугацаа хамаардаггүй. Хүн өөрөө өөрийгөө бодитой үнэлж жолооны сургалтаа дуусгана. Хэрвээ та үнэхээр жолоо барихыг сайн эзэмшсэн, үүнийгээ сургалтын үндсэн хоногтоо харуулж шалгалтаар тэнцсэн бол үнэмлэхээ авч болно. Өөртөө итгэлгүй, жолоо мушгихад бэлэн бус бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байгаа бол сургалтын хугацаагаа сунгаад байж болно. Дахин хоёр сар сурч сургалтын талбай дээр жолоонд гараад байж болно. Хэзээ өөрийгөө хотын хөдөлгөөнд оролцох чадвартай боллоо гэж үзнэ тэр үедээ төгсөж үнэмлэхээ авч болно. Үнэмлэхээ авсан ч чадмааргүй бол дахин дадлага сургалтад суугаад байж болно.
1
“Уучлаарай шинэ жолооч” гэсэн анхааруулгатай жолооч хааяа явж л харагддаг. Энэ бол шалгалтандаа тэнцсэн ч сайн сураагүй тул “уучлаарай” яаж ч мэднэ шүү гэсэн сэрэмжлүүлэг. Нүдээ аниад тормос гишгэчихдэг, өвдөг нь чичирсэн түүхий жолооч нар хэчнээн явж байгааг хэлэхэд хэцүү. Хугацаандаа сурч шалгалтандаа тэнцэх хатуу болзлоос жолооны сургалтыг чөлөөлөх хэрэгтэй санагдана. Хүний аминд хүрчихэлгүй жолоо мушгидаг чадвартай болтлоо сурч л байг. “Машиныг барьж байж сурдаг” гэсэн монгол сургаалаа орхиж, “сурч байж машин барь” гэсэн стандарт шаардлагаар солих ёстой болжээ.
1
Манайд жолооны сургалтын төвүүдийн жолооны багш нь ямар шалгуураар ирсэн нөхдүүд байдаг билээ. Хэд нь өөрийн гэсэн дромтой билээ. Жолооны шалгалт тойрсон танил талын сүлжээ, жижиг авилга ямар их билээ. Замын хөдөлгөөний нягтрал ачаалал хэр их билээ гээд харвал хоёр сарын жолооны сургалт тийм ч хангалттай бус санагдана. Гэхдээ 20 хоноод сайн сурчихсан залууг 3 сар суу гээд мөнгө нэхээд уяад байлтай биш. Тэгэхээр жолооны сургалтын хоног хөтөлбөр нь хүн хүний онцлог чадварыг харгалзсан байдаг бусад орны жишгээр байх нь зөв байх. Дээр нь хотын соёлын тухай хичээлийг жолооны сургалтын хөтөлбөрт нэмэхэдбас илүүдэхгүй. Хөдөө орон нутгаас шилжин ирсэн жолооны эрхтэй иргэдийг хотын хөдөлгөөний соёлд сургах дамжаанд хамруулсан ч гэмгүй. Морь, мотоциклтэй уралдаж сурсан хөдөө орон нутгийн жолооч нарыгосол гаргаж байж хотын хөдөлгөөний эрсдлийг ойлгох байх гэж хүлээх хэрэггүй. Жилд 17848 жолооч өөрийн алдаа, анхаарал болгооомжгүй байдлаас осол гаргаад байгаасудалгаа байгааг төгсгөлд дахин хэлье.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/