Шийдлийн Засгийн газар багаа бүрдүүлсэн, одоо шийдэж хийж эхлэхийг нь олон нийт хүлээж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа шинэчлэлийн Засгийн газрын бүтцээ өөрчилж, 13 яамтай байх хувилбар хэлэлцэж байх үед төсвөө их хурлаар оруулж батлуусан. Харин шийдлийн Засгийн газар намуудын наймаалцлалаар 15 яам, 19 сайдтай ажиллахаар болж, бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан учраас 2014 оны төсөвт тодотгол хийх шаардлага үүсээд байгаа. Тодотголыг том тоонуудаас нь тодруулж харья. Засгийн шинэ бүтцээр Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам бие дааж ажиллах болсон. Мөн Монгол Улсын сайд гэсэн шинэ бүтэц бий болсон төсөвт мөнгө суулгах хэрэгтэй болсон хэрэг. Томорсон засгийг дагаж төсөвт зардал нэмэгдүүлэхээс гадна тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж байгаа иргэдийн тоо өссөн тул Нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн бололтой юм.
Төсөвт томоор тавигдаж байгаа дараах мөнгө бол Бондын үндсэн төлбөр төлөх мөнгө. Цацаж цалгиад эхэлсэн 1.5 тэрбум долларын “Чингис” бондын хүүгийн төлбөрийг жилд хоёр удаа буюу хагас жилд нэг төлөхөөр худалдан авагчидтай тохиролцсон. Энэ бондын хүүгийн төлбөрт эхний 5 жилд хагас жил тутамд 50 гаруй тэрбум, сүүлийн 5 жилд хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлнө. Мөн 5 жилийн дараа 500 саяа, 10 жилийн дараа нэг тэрбум ам.доллараа төлөх ёстой. Энэ эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах уу, өөр арга зам байна уу гэдэг дээр яг тэр гээд тогтоод хэлчих хариу иргэдэд төдийлөн сайн сонсогдохгүй байсаар өдий хүрсэн. Ямартай ч 2015 төсөвт бондын үндсэн төлбөрт 21 тэрбум 413.3 сая төгрөг тодотголд тавигдсан харагдав. Араас нь Оюутолгойн урьдчилгааны хүүг төлөх мөнгө яригдаж байгаа юм байна. 2009 онд “Оюутолгой” компаниас урьдчилгаа хэлбэрээр авсан 250 сая ам.долларын зээлийн хүүнд энэ онд бэлэн мөнгөөр 15 сая ам.доллар, татварын орлогоос 3.5 сая ам.долларыг тус бүр төлсөн нь нийт дүнгээрээ 18.5 сая ам.доллар болсон байна. Сонгуулийн популист амлалтын гор нь гарч төсөвт дарамт үзүүлж эхэлснийг төр анх удаа мэдэрч, алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа нь энэ. “Эх орны хишиг”-ийн 70 мянга, сар бүр 21 мянган төгрөг иргэддээ тараасан нь одоо төсөвт бодитой хүндрэл учруулж байна. Оюутолгой компаниас татвараар дамжиж төсөвт төвлөрөх сая сая доллар 250 саяын урьдчилгаа төлбөр рүү шууд татагдаад байгаа. “Оюутолгой” компани энэ онд 700 мянга гаруй тонн зэсийн баяжмал гаргаж, экспортолсон ч орлогоос нь Монголд минь наалдсан юм одоогоор алга. Үүнд Рио Тинто хөрөнгө оруулагчийг муу хэлэх нь өрөөсгөл. Тэд бизнес хийж байгаа. Манай засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ажилласан. Ухаалаг гэрээнийхээ үр шимийг хүртэж байгаа эрхмүүд. Урьдчилгаа төлбөрөө зээлээр өгөөд түүнээсээ давхар хүү цохиод сууж байна гэдэг нөгөө өнцгөөс харах юм бол үнэхээр хүүгээр бэрс цохисон хэрэг.
Монгол Улс дээрх 700 мянган тонн зэсийн өөрт ногдох 34 хувийг гадаад зах зээлд борлуулсан бол 3 их наяд төгрөгт хүрэх байсан гэдгийг Г.Уянга гишүүн ууртай хэлээд байгаа нь аргагүй юм байна. Энэ 3 их наяд гэдэг манай улсын нэгдсэн төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх мөнгө юм байна. Мөн ч амархан, дарамтгүй амьдарч болохоор боломж бидэнд ойрхон байжээ. Харамсмаар.
С.Ганбаатар гишүүн ч бас Оюутолгой гэрээг олиггүй гээд бачимдаад байдаг нь зөв юм байна. Төсөв хүндрэх нь төрийн алдаатай шийдвэрүүдээс ихээхэн хамаарч байгаа нь жил бүрийн тодотголоос “тод” харагддаг. Шийдлийн Засгийн газар Оюутолгойг нэг тийш болгож чадвал төсөв дарамтнаас гарч эхлэх дүр зураг энэ тодотголоос бодитой харагдаж байна. Олон нийтийн зүгээс Рио Тинтотой яаж ам хэлээ ололцохыг Ч.Сайханбилэгт шууд заахгүй ч ямар ч байсан бэлэн доллароор үлдсэнээ зарчихаад ээлжит популизмаа хийхийг зөвшөөрөхгүй байх. Гэрээний автор С.Баяцогт одоо шинэ засгийн гал тогоонд орж шинэхэн халаадаа өмсөөд ажилдаа орсон. Оюутолгой, Таван толгой хэрхэх вэ гэсэн хүлээлт, шийдээч гэсэн нэхэл эдийн засагт бий нэгэнт бий болсон байна. Оюутолгойн асуудлыг эргэн харна гэхээр гэрээний үүргээ бухаж, буцна гэж туйлширбал дэлхийд нэрээ унагаана гэсэн үг. Тэгэхээр маш зөв мэргэн шийдлийг энэ засгийн газар олох ёстой болж байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/