Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнесийн орчны талаар судалгаа хийж үзжээ. Энэ судалгааны үндсэн зорилго нь төр, засгаас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь иргэдийн ахуй амьдрал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байгаа, цаашдаа яаж өөрчлөгдөж нөлөөлөх талаарх тэдний хүлээлтийг харуулахад чиглэгддэг бөгөөд макро эдийн засгийн орчин нөхцлийг харуулдаг чухал судалгаа аж. Үүнийг тоочихын өмнө олон улсын байгууллагуудын энэ талаар өгсөн үнэлгээг мөн оршилд дурьдя. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр өмнөх оныхоос 10 байраар, эдийн засгийн эрх чөлөөгөөр 6 байраар ахисан байна. Эндээс хамгийн дэвшилттэй нь авилгын индексээр 26 байраар ахисан буюу дээшилсэн байна. Харин өрсөлдөх чадварын индексээр өмнөх оныхоос 14 байраар ухарсан дүн гарчээ. Олон улсын байгууллагууд ерөнхийдөө монголын эдийн засаг, бизнесийн орчин, нөхцөл байдалд ахиц дэвшил гарч байна гэсэн нааштай үнэлгээг өгсөн гэнэ.
1
Бизнесийн орчин гэдэгт юуг авч үздэг вэ. Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах төрийн хууль эрх зүй, бодлого зохицуулалтын нөхцөл, түүний хэрэгжилт, бизнесийн салбарт үзүүлэх төрийн үйлчилгээний бүтэц зохион байгуулалт, оролцооны түвшин зэргээс хамаарсан бизнес эрхлэх нөхцөл байдлын талаарх цогц ойлголт гэж үздэг юм байна. Дэлхийн банкнаас бизнесийн орчинг 10 үндсэн үзүүлэлтээр дүгнэн гаргадаг “Бизнес эрхлэхүй” судалгаагаар Монгол улс 185 орноос 76 дугаар байрт жагсч байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид болон олон нийтийн дунд санал асуулгын хэлбэрээр болон онлайнаар явуулсан судалгаанд оролцогчдын 34 хувь нь бизнесийн орчин бага зэрэг сайжирсан гэж үзсэн байна.
1
Манайд бизнес эрхлэхэд таатай нөхцлийг дурдах гэвэл нэлээн бодох хэрэгтэй болох байх. Харин сөрөг нөлөөллийн хүчин зүйлийг тоочьё гэвэл их урт жагсаалт гаргаж болно. Сүүлийн үед төрөөс бизнест оролцох оролцоо их болсон тухай байнга л ярих болсон. Ялсан нам сонгуулийн дараа төрийн өмчит олон компани, үйлдвэрийн газрууд байгуулж намынхаа анд нөхдөд “бэлгэнд” өгчихдөг гэмтэй. Үүний дараа төрийн хүнд суртал, бичиг цаас гарын үсэг зуруулах шат дамжлага буурах бус өссөн жагсаалт байдаг. Гурван дугуй нэгдэлдээ цохуулах гэж 10 дугуй гэж бичээд яамаар гүйдэг байсан нь төвлөрсөн төвөлгөөт эдийн засагтай үеийн явдал. Одоо бол нэг бизнес эхлүүлэх гэж 100 өдөр явж 10 гарын үсэг цуглуулах нь энүүхэнд. Энэ цагийн бизнес эрхлэгчдийн нэлээдгүй хувь нь орчуулгын төв, интернет кафегаар эргэлдэх нь их. Төвөгтэй олон материалын бүрдүүлэлтийг хийлгэхийн тулд сайн фотошоопчин хүүтэй найзалсан нь цаг хэмнэх тул ийн хавтас тамгаа тэврэн интернэт кафед өдрийн цайгаа уудаг болсон бизнесмэн цөөнгүй. Үйл ажиллагаа эхлүүлэхэд шаарддаг олон цаасных нь учир дарааллыг нь олж бэлэн драфтаар гаргаж хэвлээд, нэг хавтас болгоод өгчихдөг үйлчилгээ хүртэл бий болсон хэрэг. Ийм үйлчилгээ хийдэг сэргэлэнчүүдийн цаана бүрдүүлэлт нэхдэг яамны мэргэжилтэн түшмэдүүд зөвлөхөөр нь ажилладаг гэсэн яриа ч байдаг.
1
Засаг томорч яам агентлаг нэмэгдэхийн сөрөг тал нь хамгийн түрүүнд бизнесийнхэнд л хатуу тусдаг. Олон яам, агентлаг шинээр байгуулагдаж энэ хэрээр хүнд суртал нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулах болсныг яриад байсан намууд сая дахиад яамныхаа тоог нэмлээ. Жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд зээл олгох зохицуулалт алдагдсан гэдгийг энд хэлэх хүмүүс олон байдаг. Төрөөс, бондоос ЖДҮ-т амалсан, дараа нь шилжүүлсэн мөнгөний тоо том ч банкны өндөр шалгуурыг давж тэр мөнгийг нь бариад гарч ирэх барьцаа хөрөнгөтэй бэлтэй бизнесмэн цөөхөн. Зээлийн хүү ч бодитой буурахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргээр тодорхой салбаруудад төрөөс санхүүгийн болоод бусад дэмжлэг туслалцаа үзүүлж давуу байдал бий болгосон нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг алдагдуулж, бизнесийнхнийг шахах ажиллагаа болж байгааг төрд томоор анхааруулах ёстой байх. Импортын зарим бараанд татварын бодлогоор хяззгаарлалт хийгээгүй цагт үндэсний үйлдвэрлэгч бизнесүүд хөл дээрээ бостол удна гэдгийг бодитой харж шийдэх цаг болсныг шийдлийн засгийн газар олж харна гэж найдья.
1
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг бөгөөд Монгол улс 2013-2014 оны тайланд148 орноос 107-д орж өмнөх оныхоос 14 байраар ухарсан байна. Тус судалгаанд голчлон бизнесийн салбарынхныг хамруулдаг бөгөөд тэдний өгсөн хариултаас үзэхэд бизнес эрхлэхэд саад болж буй дараах хүчин зүйлүүдийг нэрлэжээ. Үүнд: Төрийн хүнд суртал, санхүүжилт, муу дэд бүтэц, бодлогын тогтворгүй байдал, авилга, засаглалын тогтворгүй байдлууд гэжээ. Энэ бол зүгээр нэг судалгааны хариулт төдий бус шийдлийн засгийн газраас бизнесийн таатай орчиныг дэмжиж цогц шийдэх асуудлын дараалал гэж хэлж болно.
1
Шинэ засгийн газар сэтгэл хөдлөл давамгайлсан популизмаар биш судалгаанд суурилсан бодлогоор улс орноо авч явдаг жишиг тогтоовол бизнесийн таатай орчин бий болох эхлэл болно гэж нуруун дээрээ хямралын дарамтыг давхар үүрсэн бизнесийнхэн хэлж байна. Одоо бол бизнес эрхлэгчдэд сайхан санаа их байвч түүнийгээ эхлэх гэдэг бэрх даваа хэвээр байгаа юм. Зээлийн хүү, татварын дарамтыг хөнгөлөхөөс эхлээд төрийн хүнд суртлыг хумьж таатай орчныг бий болгоод өгвөл савны ёроол дахь шанага гурилаараа юм хийж, цаашлаад Монголоо тэжээчихнэ гэсэн зүтгэл, сэтгэлтэй иргэд зөндөө л байна.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/