Ардчиллын 25 жилийн ойн “настирин” орон даяар давалгаалж байна. Ардчилсан
тодотголтой нам эрх баригч байхад тохиосноороо энэ ой улам сүрлэг болж байна. Ардчиллаар
жагсч явсан олон партизан, жирийн дэмжигчдийн өвлийн жаварт цантаагүй зориг нь хэвээрээ ч, сэтгэлийн гал
нь бөхсөн ч юм шиг харагдлаа. Сурагч халимагтай шахуу жагсч явсан ардчиллын анхны
хэд сайн сайхан явааг бид харж байгаа. Улсын Ерөнхийлөгч, хотын дарга, төрийн сайд
түшээ гээд хүрч болох өндөрлөгт гарсан лидерүүдээр нь бахархмаар л байна. Бас
өдий 25 жил болоход нэг хүүхдийн эмнэлэг барьчихаагүй явж ирснийг нь сонсохоор
гомдмоор ч юм шиг. Тийм болохоор ардчиллын баярын мэнд хүргэсэн ил захидлын
буланд гомдлын хэдэн үг татлах л ёстой болж байна.
Ардчилал бидэнд үг хэлэх эрх чөлөө, гадаадад зорчих улаан паспорт өгсөн. Хөдөлмөрлөж, хөрөнгө мөнгөө өсгөж баяжих боломжийг 100 хувь гэж амласан. Шударга өрсөлдөөнийг хангаж иргэн бүрийг ижил гараанаас хөдөлж эрх тэгш баяжигтун гэж өмч хувьчлалыг эхлүүлсэн. Ахмад үеийнхний 70 жил хөдөлмөрлөн босгосон үйлдвэр, барилга обьектыг хувааж эзэмшие гэсэн. Цэнхэр ягаан тасалбар гаргасан. Хар зах дээр оймсны үнээр зарагдаад учир мэдэх хэдэн хүний гарт төвлөрсөн. Одоо харахад ардчиллаар овоглож байсан ах нар маань өөрсдөө хуваагаад авчихжээ. 25 жилийн дараа 3 сая дөхөж бүл нэмсэн монголчуудын 60 хувь нь ядуу байна. Ганзагын наймаа хийж галт тэргэнд амьдарч явсан тэргүүн фронтынхон бараг бүгдээрээ хилийн цаана гадааддаа үлдсэн байна. Улс төр хийсэн ганц нэг нь хоёр гүүрний цаана Зайсан хавьд амьдарч байгаа. Ардчиллын буянаар анхны сая төгрөгтэй наймаачин төрж байсан тэр цагаас хойш 25 жил өнгөрөхөд Монгол улсаас долларын тэрбумтан төрсөн бахархмаар мэдээ дэлхийд түглээ. Хийж бүтээж өндийж боссон нэгэндээ хөмхий зууж, барьцах муухай. Баялгийг бүтээгч, үндэсний саятан төрсөн нь сайн мэдээ. Гэхдээ 25 жилийн өмнөөс манай ардчилагчид бултаараа ижил гараанаас гарч хамтдаа бүтээцгээе, бүгдээрээ баяжицгаая хэмээн мөн ч олон хэлсэн нь тод сонсогдоод байх юм.
Архины, тамхины, эмийн, эд барааны гээд импортын гол зах зээлийг атгасан хэд бараг бүгд Их хуралд гараад суучихжээ. Одоо тэд энэ амьдралдаа бүр дасаад сонгосон ч эс сонгосон ч энэ танхимдаа суусаар тэтгэвэртээ гарах хуулийн төсөл боловсруулж суугаа. Харин гутал өмд, будаа төмс зэрэг унац багатай наймаа удам залгах мэт жирийн иргэдийн нуруун дээр үлдсэн харагдана. Бид бас муулахааргүй хөгжжээ. Олон барилга их хотод өнгө нэмж сүндэрлэсэн байна. Дүүрэг бүр тамгын газрын барилгаа томсгож, намууд өөртөө зориулж ордон хүртэл барилаа. Харин эмнэлэг цэцэрлэг барьсангүй. 1982 онд барьсан хүүхдийн нэгдсэн эмнэлгээс өөр нэрлэчих томоохон эмнэлгийн барилга энэ 25 жилд алга даа. Төр мөнгө муутай байгаа гэнэ. Мөнгөгүй эр хүн, шүдгүй матар хоёр адилхан гэдэг хорон үг байдаг. Харин төрийн хүч сульдахын хэрээр намуудын хэтэвч зузаарч ирсэн 25 жилийг бид нэгэнтээ үджээ.
Ардчилал төгсөх үйл явц биш гэж ардчиллын лидерүүд хэллээ. Түүнийг төгс болгоход төрийн бодлогын төгөлдөржилт, нам институцийн хөгжил бус зүгээр л цаг хугацаа л хэрэгтэй мэт. Ардчилал үргэлжилж байгаа юм байна. Гэхдээ өнгөрсөн 25 жилд ардчиллын чанар муудаж, төр авилгад идэгдэж иргэдийн итгэл алдарч байна. Төрд намуудын хаанчлал тогтож, хяналт алга болсоор. Жишээ их. Ардчиллаар олж авсан эрхээ эдэлж сонгууль хийдэг бид. Нэг биш удаа сөрөг хүчний нам гаргалаа. Алга болчихно. Хаачив. Иргэдийн толгой дээр МАНАН болоод суунагласан харагдана. Эх орны төлөө гэж эвийн цавуугаар наалдсан бус том бүлгийн гэх эрх ашгаар түрдээ нэг тэрэгний морьд болсон нь энэ. Их хуралд итгээд томилсон элч нь авлигатай тэмцэхийн оронд өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллах болсонд цочих хүн одоо алга болжээ. Үндсэн хуулиар тогтоогдсон ардчилал өнгөрсөн 25 жилд олон сорилт бэрхшээлийг давж ирсэн цаг, түүхийг үгүйсгэхгүй. Ардчиллын 25 жилээр бахдах юм олон. Бас гомдох юм ч их бий. Төрийн хууль тогтоох дээд байгууллага нь, цагаан захтнууд, албан тушаалтнууд нь эрх зүйт ёс буюу хууль дээдлэх зарчмыг дээдэлж жирийн иргэддээ үлгэр болохыг харах хүлээлт дэндүү удаан үргэлжилж байгаад гонсгор байна.
Ардчилал үл төгсөх үйл явц гэсэн. Амьдрал үргэлжилж байхад ардчилал бас хөгжөөд л үргэлжлээд л байх юм байна. Хүмүүс ажлаа хийж, замынхаа цасыг цэвэрлэж, гутлаа тосолж, ээжүүд гэртээ хүүхдээ харж, өрхийн бизнесүүд хонгилд оёдлоо хийж, замын цагдаа нар замаа зохицуулж бөглөрөө гаргаж, эмч нар өвчтөнүүдээ үзлэгийн өрөө, коридортоо хэвтүүлж, багш нар 60 хүүхэдтэй ангид шахуу программтай хичээлээ зааж, микронууд нисэх мэт хүнээ зөөж, оюутнууд далан мянгаа хүлээж, бараг бүгдээрээ ухаалаг утсаараа интертайнмент амьдарч, бидний амьдрал бас үргэлжилж байна. Гэхдээ талын монгол тайван амгалан бус байна. Учир нь ардчиллын чанар муудаж байна. Үүнийг зогсоох гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж байна. Үнэн ч байх.
Ах дүү элгэн саднаараа сэрэгтүн “баяжигтун” гэж эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын ойн мэндийг та бүхэнд хүргэе. Бултаараа баярын “настирин” орцгооё доо.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/