Засгийг сайхан бүрдүүлж эхэлж
байх шиг байна. Төсөөлснөөр нэг нь гомдож нөгөө нь данхайж улстөрийн тоглоом
хийх дажгүй гарц бий болох өргөө өрж эхэллээ. Хэдүүлээ нийлээд Засгаа
байгуулчихья гэж саналаа өгсөн Ч.Сайханбилэгийн 19 сайд, 15 яамтай байхаар
төлөвлөсөн нь МАН-ы эхний шахаанд өртөж байна. Сүүдрийн Засгийн газар байгуулна
гэж бие даагч болон УИХ-д суудалгүй намууд мэдэгдсэн нь уг нь зөв. Гэхдээ өс
хорслын зүгээс ийм шийдвэр гаргаж нуруунд нь хутга шаахаар төлөвлөсөн бол энэ алхам
Ч.Сайханбилэгт тун хүнд үйл явдал болно. Тэртэй тэргүй нийгэм эдийн засгийн
байдал хүндрэлээс хямрал руу аль хэдийн шилжсэн нөхцөлд гудамжны улс төр эрчээ
авна. Сүүдрийн Засгийнхан гудамжинд гараад эхэлбэл дэмжих олон нийт нь бэлэн
бий. Өнөөдөр байгуулагдах Засаг туйлын эмзэг. Төсвийн зохицуулалтаар төрийн
албанаас зуу зуун хүн ажлаасаа халагдсан, үнийн өсөлт иргэдийн амжиргаанд тун
хүндээр тусч байгаа. Өвлийн хахир хүйтнээр цахилгаан дулааны үнэ 10-13 хувиар
нэмэгдүүлэх шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Цаг үеэ олоогүй энэ нэмэлт гал
дээр тос асгасантай адил иргэдийн уурыг барна. Засгийн газар тэсэх үү. Жижиг
чулуу хөдөлгөхөд л бүхэл бүтэн уул нурна гэсэн үг. МАН данхгар бүтцийг
эсэргүүцэн хурал хаяж явлаа. Худлаа л даа. АН-д 10 сайдын орон тоо, МАН-д
зургаа ноогдож байхад уур нь хүрэхээс яахав. Нөгөөтэйгүүр АН-ын мөрийн
хөтөлбөрөөр явсаар ирсэн нийгэм эдийн засгийн зорилтыг МАН үлдэж буй 1.6 жилийн
АНМАН-ын цоо шинэ мөрийн хөтөлбөрөөр үргэлжлүүлнэ гэж гэдийж байгаа. Эв зүйгээ
олохын оронд ханцуй шамлан эрхий хуруугаа дунд, долоовор хурууныхаа хооронд
чихээд байхаар яаж ажил урагштай явах билээ дээ. Намрын чуулганы эхэнд 16 яамыг
13, 19 сайдыг 16 болгож цөөрүүлэн төсвөө баталсан. Гэтэл Ч.Сайханбилэг нэг
яамыг нь хасаад 3 сайд нэмж Засгийн газрын бүтцийг зүтгүүлж байна.
Хэцүү байгаа л даа. Парламентад суудалтай намуудаас дэмжлэг авахын тулд тэднийг аль болох багтаахыг чармайна. Гэвч хууль бол хууль. Төсвөө бид 13 яам, 16 сайдтайгаар баталсан шүү дээ. Төсвийн тодотгол хүлээж суухын оронд баталсан Төсвийн хуулийнхаа хүрээнд бүтцээ тодорхойлох нь Ч.Сайханбилэгийн эхний зөв алхам байлаа. Мордохын хазгай гэгчээр өөрөө л тоглоомын сул орхих хүү болж байх шиг байна. Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам хоёр салж, Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдана. Мөн Уул уурхайн яам, Эрчим хүчний яам хоёр салж, Спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгах нь. Ингэхдээ спортын асуудлыг Эрүүл мэндийн яаманд, соёлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд, аялал жуулчлалыг Байгаль орчны яаманд хариуцуулна. Жагсаалт цаашаа эцэс төгсгөлгүй үргэлжилж ордноор нэг хөлөө жийлцсэн улс төрийн хүчнүүдийн амбиц гаарч байна. Эвсэж шийдээд түргэхэн шиг улс орондоо анхаарлаа тавиач гэсэн олон нийтийн хүсэл зориг хугарч байна. Засгийн бүтэц бүрэлдэхүүний асуудал ингэтлээ сунжирч байгаа юм чинь он гартал нийгэм эдийн засгаа сэргээх эхний алхмууд хийгдэхгүй нь тодорхой. Өнөөдөр иргэдийн зүгээс хамгийн их хүлээлт үүсгэж байгаа зүйл бол инфляциа барьж үнийн өсөлтөө хязгаарлаж иргэдийн орлогыг нэмэгдүүлээч гэсэн хүлээлт л байгаа болохоос улс төрийн намуудын толхилцоон огтоос биш. Бүтэн жил үргэлжилж байгаа төрийн нэр хүндийг өргөх боломж шинэ Засгийн газарт л байгаа гэж найдаж байхад МАН, АН хоёр Шударга ёс эвсэлтэйгээ эвтэйхэн хэлэлцээд үг зүйгээ олчих байсан бол Засгийн бүтцээсээ эхлээд маргаад эхэлж байгаа нь намуудын өөрсдийнх нь нэр хүндэд л харш. Ард түмний төлөөллөөр шинэ Засгаа байгуулах гэж байна гэсэн уран гоё үгээр тэд хачирлаж байна. Хэн итгэх юм бэ. УИХ-д Ардчилсан нам 34, МАН 26, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг 11 суудал авсан. Таван суудал нь Сүүдрийн Засгийн газрынх буюу бие даагчид. Засагт бүгдийг нь багтаах чин эрмэлзэл Ч.Сайханбилэгт бий. Бүгдэд нь УИХ-ын болон Засгийн газрын давхар дээл нөмөргөх санаа улс төрийн намуудад бий. Харилцан огтлолцож байгаа ашиг сонирхлын золионд Монголын ард түмэн л гашуунаар хэлмэгдэнэ. Энэ ард түмэн удаан тэсэхгүй. Хаврын синдром цагаан сараас хойш магадгүй түүнээс өмнө ч хөдөлнө. Ийм уухай юунд хүргэдгийг улс төрийн намууд сайн мэдэж байгаа. Шинээр од болон гялалзагчид энэ боломжийг ашиглахгүй зүгээр өнгөрнө гэж байхгүй. Ялзарсан төртэй байснаас зоригтойхон гараад шийдэмгий хөдөлчих ямар нэгэн дуу хоолойг ард түмэн дуртайяа сонсоно. Ухаан санаанаас гарамгүй юуг ч амласан дагаад дэрвэчих нөхцөл байдлыг парламент өөрөө үүсгээд байна шүү дээ. Хувьсгалын гэж дөт дүгнэх аргагүй ч тийм л нэг эгзэгтэй тохироо бүрдчихээд байна. Ингэж ядарсан олон нийт хэтийн гэхээсээ ойрын ирээдүйдээ эмзэглэх нь зүйн хэрэг.
Н.Бадамжав