Ноён долларын ханш 1895 төгрөгт хүрлээ. 1800-ын босгыг давуулахгүй гэж яаж ч хичээгээд дийлсэнгүй. Мэдээж нийлүүлэлт нь хомсдохын хэрээр үнэ өсөх нь зах зээлийн хууль. Доллар орж ирэх суваг бөглөрснөөс үүдэлтэй. Гадаад хөрөнгө оруулалт сайжрахгүй, экспортын орлого өсөхгүй, зээлийн боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд ийм дүр зурагтай байхаас өөр яах билээ. Гадаад хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг өөртөө татаж байсан уул уурхайн салбарыг 2012 онд УИХ-аас батласан хөрөнгө оруулалтыг нь төрөөс зохицуулах тухай хуулиас шалтгаалаад хөрөнгө оруулагчид огцом дүрвэцгээсэн. Зах зээлийн гольдролоор зүв зүгээр татвараа төлөөд явж байсан хөрөнгө оруулалтыг гудамжны жагсагчид төрөө дарамталж байгаад өндөр хувьтай татвар гээчийг бий болгоод ирэхээр хэн дуртай байхав дээ. Зах зээл дээр зэс нүүрсний үнэ унаад байхад манайхан тогтоосон дээд үнээр татвар авах гээд зүтгэхээр олсон жаахныгаа шуудайлаад баяртай гээд л арилчихсан. Ихэнх нь зүгээр л дээрэмдүүлчихсэн. Гадна орчинд очоод Монгол шиг хогийн газар алга гээд л шогширч сууна. Баялгаараа азийн Эльдарода гэгдэж олны анхаарал татаж хөрөнгө оруулагчдын аазгайг хөдөлгөөд байсан Монгол жилийн дотор л хөрөнгө оруулалт нь 60 орчим хувиар багасч дагалдаад эдийн засаг нь навс унасан. Алдаагаа ухаарч хуулиа зассан ч өөдлөх шинж харагдахгүй л байна. Алдсан нэр хүндийг эргүүлэн олж авахад амаргүй. Бага багаар дээшилж байгаа нь валютын нөөцийг зохих хэмжээнд хүргэж ханшийн өсөлтийг гүйцэхэд хол байна. Ноён долларыг хэвлээд зах зээлд гаргаж чадахгүйгээс хойш шинэ Засгийн газрын нэн тэргүүнд аргыг нь олох амаргүй сорилт. Хэрэглэгч, импортлогч улсын заавал эдлэх ёстой хувь заяаг зөөлрүүлэх урт хугацааны байтугай ойрын бодлого байгаагүйн харгай энэ. Энэ сорилт Ч.Сайханбилэгийн танхимыг нилээн чилээх бий.
1
Ам.долларын нөөцөө нэмэгдүүлэх хэдэн сувгийн хамгийн чухал нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ч энэ бололцоо урт хугацаа шаардагдах нь тодорхой болоод байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Үүнийг хүлээгээд гар хумхиад суух арга бидэнд алга. Боломж бас бий нь алтны үнэ ханш өсч нийлүүлэлт нэмэгдэж байгаагаас харагдаж байгаа юм. Хонгконгт байрладаг “Euromoney Institutional Investor Company”(CEIC)-ийн цахим хуудсанд энэ оны эхний есөн сард Монголын алтны үйлдвэрлэл тогтвортой өссөөр өнгөрсөн аравдугаар сард огцом дээшилсэн тухай мэдээлжээ. Монгол Улс байгалийн баялаг ихтэй бөгөөд зөвхөн алт олборлолтоор дагнадаг 67 компанийн үйл ажиллагаа УИХ-аас уул уурхайн хуульд өөрчлөлт оруулан алт олборлогч компаниудын улсад төлөх татварын хэмжээг бууруулж уул уурхайн эрэл хайгуул, олборлолт хийх газар нутгийг наймаас 20 хувь хүртэл өсгөсөн нь нөлөөлжээ гэж дүгнэжээ. Эрэл хайгуулын ажиллагаа сүүлийн 12 жилд анх удаа нэмэгдэж аравдугаар сард алтны экспортын хэмжээ 324 сая ам.долларт хүрч жилийн дотор 9.4 хувиар өсчээ. Олон таагүйн дундах гэрэл гэгээтэй мэдээлэл. Алт олборлогч нар урт нэртэй хуулийн өөрчлөлтийг УИХ хийж чадвал алтны жилийн экспортын хэмжээ 900 сая ам.долларт хүрэх бүрэн бололцоотой талаар ярьж байна. Үнэн үг. Байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж олборлоход төрөөс хатуурхаад байх явдалгүй. Улсын сан хөмрөг л арвижина. Монголбанкинд өмнө нь төлдөг байсан 10 хувийн татварыг 2.5 хувийн бууралтын бодлого зөв байсны үр дүн. Энэ бодлогоо цаашид ганхуулчихгүй явбал хууль бус алт олборлолт боловсруулалт багасч алтны үйлдвэрлэл сэргэнэ. Зарлагаа нэмэгдүүлээд байснаас ам.долларын эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэхийг бодоогүйн алдааг давтах эрх бидэнд байхгүй. Дараагийн алхам болох нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг буй болгоход анхаарлаа яаралтай хандуулах ёстой. Элсэнд ус асгаж байгаа юм шиг томоохон бүтээн байгуулалтанд хөрөнгө мөнгө цутгаж байхаар жижиг дунд үйлдвэрээ хөл дээр нь босгомоор байна. Ядаж л ижил төстэй бүтээгдэхүүний импортын татварыг өсгөх замаар үйлдвэрлэлээ дэмжиж, татварын хөнгөлөлтийн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх учиртай. Ингэж гэмээн импортоор гадагш урсч байгаа валютын урсгал хумигдана. Монголдоо үйлдвэрлэж чадаад байгаа гутал, хувцсаа заавал гаднаас оруулах гэж зүтгэхийн хэрэг юун. Энэ урсгалыг зохицуулах нь тун чухал. Цаг хугацаа мэдээж шаардагдана.
1
Энэ цаг хугацааг тэсч өнгөрөөхийн тулд бидэнд гадны зээл зайлшгүй хэрэгтэй. Гэтэл хуулийн дагуу зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувьд хүрчихээд байна. 2017 оноос эхлээд хоёр их наяд төгрөгийн зээл эргүүлэн төлнө. Зээл авья гэхээр дарамтны түгшүүрийн дохио хэдийн хангиначихаад байдаг. Ядаж байхад ирэх жилийн төсөвт зээл төлөх тал дээр ганц ч төгрөгийн санхүүжилт тусгагдаагүй. Байдал тун эвгүй. Шинэ Засгийн газар юун түрүүн зээл төлөх мөнгийг бүсээ чангалаад ч болов нөөцлөх учиртай. Өрийн удирдлагын тухай хуулийг парламент нь яаралтай гаргахгүй бол цаашид ч ийм байдал давтагдана. Ямар учиртай зээлийг хэрхэн яаж хэдий хугацаанд эдийн засагт дарамт бий болгохгүйгээр авах вэ. Зээл төлөх үйл явцыг маш тодорхой болгож үүрэг хариуцлага, зориулалтыг нь нарийн заасан хуульгүйгээр цаашаа явахгүй. Зээлдүүлэгчийн ашиг сонирхол ч ийм л байгаа. Хятадаас нэг тэрбум ам.долларын зээл авах тухай саналаа Ерөнхий сайд хэлсэн. Улстөрчид маргалдах нь зөв. Хэрвээ авчихвал ДНБ-ий 40 хувьтай тэнцэх ёстой зээл даваад явчихна. Гэхдээ бидэнд зээлийн босгоо өндөрсгөж хөрөнгө мөнгө босгохгүйгээр цаашаа явах хэцүү гэдгийг ойлгох учиртай. Эдийн засгаа төрөлжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргэтэл энэ хүндрэлээс гарах суваг нь зээл авах болчихоод байна шүү дээ. Шинэ засгаас хүсэх шинэ алхмуудын нэн тэргүүнд ам.долларын ханшийг хязгаарлаж валютын нөөцөө нэмэгдүүлэх явдал болов уу.
1
Н.Бадамжав