Чөтгөрийн тойрог
2014-12-01

Энэ тойрогт орсон хэнбугай нь өөрийгөө татаж авах чадваргүй болно. Тойргийн давалгааны гадна гарах юм бол зомгол адил үл мэдэгдэх танил бус орчинд орно хэмээх мухар таамаг байх тул энэ тойргоос салж хагацах хүсэл зорилго төдийлөн төрөхгүй. Улс төрийн хүчнүүд тойргоо улам хүчтэй эрчтэй байлгахын тулд улам ихийг өөртөө шингээхийг эрмэлзэнэ. Болж өгвөл тэргүүнээс хөлийн улыг хүртэлх бүхий л бие организмыг хүндийн төв рүү шилжүүлнэ. Нэгэнт тойрогт орсон аваас гарах боломж муутай гарах эцэсгүй болтол ажиллуулах механизмыг бий болгож ажиллуулна. Ямар нэгэн шинэ санаа олон ургальч бодлыг өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөх боловч далд сүүдэртээ үгүйсгэх бүхий л бололцоог хяхаж хавчина. Механизм хэдий чинээ төгс үйлчилнэ төдий чинээ чөтгөрийн тойрог эвдэршгүй эргэлдэх болно. Зөрүүдлээд байгаа нэгнийг хүчээр чихэж оруулаад хүчирхэг араа шүднийхээ хооронд нягт үйрүүлнэ. Гарах гарц гэж үгүй. Сонгогчдын олонхийн саналыг авсан нацистууд, хувьсгалаар дулдуйдан хүчирхийллээр төрийн эрх мэдлийг авсан большевикууд хэдхэн жилийн дараа хүн төрөлхтний эсрэг ямар аймшигтай геноцит үйлдсэн аугаа хүчин болсон тухай XX зуун гашуунаар инээмсэглэн өгүүлдэг. Хүн сүргийн гунигт сонголт. Ийм сонголтыг хүний өвөг үүссэн цагаасаа л хойш олон зуун удаа хийсэн. Хийсээр ч байхын жишээ XXI зуунд давтагдаж байгаа, байх ч болно. Тэр жишигт л бид орчихгүй юмсан.

1

МАН, АН хоёрыг хичнээн үзэн ядавч тэдний төлөө л саналаа өгч байна. Төрийн эрх мэдлийг атгаад л эсрэг хүчнээ намнах идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Юун түрүүн хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьж өөртөө дуугаргадаг болсон. Өөрийнх нь эсрэг дуугарсан, төрийн халаасанд багтаагүй л бол санхүүжилтээр нам зогсоно. Он гарсаар хэчнээн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалгаа барьж хэчнээн сэтгүүлч гудамжинд гарав даа. Улс орны нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг нэмэр хачиргүй мэдээлж байх ёстой Үндэсний статистикийн газар эдийн засгийн байдал ахицтай байгаа тухай оны туршид тайлан мэдээндээ дурдаж хямрал болоогүй гэж хуурсаар ирсэн. Гэтэл бүхий л үзүүлэлт нь бодит байдал дээрээ эсрэгээр байж Засгийн газрын булхай илэрлээ. Ерөөс ийм байдалтай л 90-ээд оноос хойш явж ирсэн. Төрөөс ангид байх учиртай ийм ҮСГ байсан цагт бид хэзээ ч нийгэм эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллийг авч чадахгүй. Мэдээллийн эрх чөлөө ардчиллын амин сүнс. МАН, АН-ын аль нь ч эрх барихдаа энэ мэдээллийн эрх чөлөөг хаахаар чармайж ирсэн. МАН ил цагаан амыг нь барьж байсан АН далдуур дүүжлүүрийнх нь гогцоог аажмаар чангалдаг зуршилтай.

1

Гуравдагч олигтой хүчин байхгүйн харгай ч үүнд хамаатай. Гудамжинд орилолдоод эрх баригчдыг газар дор ортол нь муулаад байсан нэгэн засагт оруутаа л сандал ширээ хөөцөлдөөд хэн нэгнийх нь халаасанд ичих ч үгүй гүйгээд орчихно. Засгийн танхимд багтаагүй үлдсэн улс төрийн хүчин бие даагч болгон идэвхтэй хонзогногч болж хорлолын дээдийг үйлдэнэ. Эрүүл нийгэм бодит мэдээлэл, зөв анализ дүгнэлт дээр оршин тогтнодог. Иргэний оролцоотой, тунгалаг төр шилэн дансны тухай яриа ийм нөхцөлд утаа адил замхарна. Хэн ч хариуцлага хүлээдэггүй хуулийн бус засаглалын булхайг хэвлэл мэдээлэл олонд таниулах үүрэгтэй. Гагцхүү тэр үүргээ биелүүлэх боломж бололцоо бүхнийг ТӨР хааж чадаж байгаа нөхцөлд эрүүл нийгмийн талаар зүүдлээд ч хэрэггүй. Бид арай ч боомилуулчихаагүй байна. Гэхдээ хүзүүн дэх гогцоо чангараад эхэлчихсэн. Хөл доорх хэмхэрхий сандлыг өчүүхэн төдий л ганхуулчихвал нэгмөсөн амьсгал хураана.

1

Өнөөдөр шинэ засаг бүрэлдэх гэж дуншиж байна. Нэгэнт парламентад аль нь ч олонхи болоогүй нөхцөлд эвсэхээс өөр аргагүй. Гэхдээ ойлгомжгүй зүйл олон бий. АН-ын мөрийн хөтөлбөрөөр бус хамтарсан 1.6 жилийн мөрийн хөтөлбөрөөр цаашид явна гэж АН амласан тохиолдолд МАН эвсч болох тухай тулган шаардалт хүргүүллээ. АН хүлээж авч л таарна. АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж 35 суудалтай болгосон сонгогчдын итгэл яах болж байна вэ. МАН-ын хөтөлбөртэй нийлээд холион бантан болж хувирна. Тэдний эвсэх эвсэхгүй хэдхэн дарга нарынх нь наймаа биш шүү дээ. Таны ч миний ч сонголт. Эвсч хамтарсан үедээ улс орны нийгэм эдийн засагт тулгамдсан олон асуудлыг шийдсэн гэх зэргээр сайхан үгээр халхавчилж байна. Уучлаарай нэг нь засгаа бариад нөгөө нь хяналтаа тогтоогоод улс гэрээ өөд тат гэсэн болохоос нэг хөнжилд шахцалдаад ардын татварын мөнгийг сэм хулгайлж, нам хуйвалд гэж бид 2012 онд сонголтоо хийгээгүй. Тойрогт чөтгөрүүд нэгдэж байгаа нь энэ. Хэн ч хариуцлага хүлээхгүй. Нэгнээ шүүмжлэх ч арга байхгүй. 2014 оны сонгуулиар тэднийг дахиад л бид сонгоно. Дахиад л тэд өвөртөө орцгооно. Чөтгөрийн тойрог дахиад л үргэлжилнэ. Уг нь тэд баруун, зүүний үзэл баримтлалтай нам гэж өөрснийгөө зарладаг. Олон улсын жишгээр бол нэг нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмжийг чухалчилдаг, нөгөө нь нийгмийн халамж үйлчилгээг орхигдуулалгүйгээр эдийн засгийн өсөлтийг алгуур хангахад анхаарлаа төвлөрүүлдэг үзэл баримтлал. Манайд бол холилдоод аль хэдийн өнгөрсөн. Засаглалын эл хямралаас болж чөтгөрийн тойрог үүсч ардчиллын үнэт зүйлс шороотой хутгалдаад дуусч байна даа. Хар гинжин хэлхээсийг таслах сонирхол МАН, АН-ын алинд нь ч алга. Ядаж давхар дээлээ тайлж, сонгуулийн хуулиа эхний ээлжинд цэгцлэхгүй бол тойрог улам бүр бөхжинө.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongortsog:
goy niitlel baina
2014-12-02
зочин:
ан-арчаагаа алдаж төрөөр тоглож түмэн олноо элгээр нь мөлхүүлсэн энэ үед ман засагт орох нь маш зөв шийдэл болсон. цаашдаа хамтарч байж л энэ хямарлаас гарах нь ойлгомжтой байна. хэрэв ман засагт хамтрахгүй гэсэн шийдвэр гаргасан бол хямрал улам гүнзгийрч, ард түмэн энэ хоёр намд аль алинд нь сэтгэл алдрах байсан шүү. одоо харин хамтарсан шиг хамтарч ард түмний амьдралыг богино хугацаанд босгох хэрэгтэй. ард түмэн үүнийг л хүлээж байгаа шүү.
2014-12-01
сонгогч иргэн:
тэгэхээр 3дагч хүчин хэрэгтэй. харин тэр нь байхгүй. ийм байдлаар удвал нөгөө хэт үзэлтнүүдэд ашигтай болж ирнэ. ард түмэн ман, анаас залхахдаа тэднийг сонгоход хүрнэ.гадаадынхан, ялангуяа хятадуудаас залхсан тэд үндсэрхэг үзэлтнүүдийг дэмжихэд хүрнэ шүү.үүнийганхаараач ээ, томчууд аа
2014-12-01