Зөвшилцөл бол фашизм биш
2014-12-01

Очир огтлох уу, очироор огтлох уу

 ...

Зөвшилцлийг үзэн ядах хийрхэл

Ардчилал, иргэншлийн хамгийн түгээмэл зарчим нь consensus-зөвшилцөл  билээ. Зөвшилцлийн эсрэг утга нь хүчирхийлэл юм. Хүн төрөлхтөн зөрчлийг хүчирхийллийн замаар шийдвэрлэх нь дуусашгүй мөргөлдөөн, өсөрхлийг бий болгодог гэдгийг ойлгож мэдээд, илүү иргэншсэн арга бодож олтлоо маш урт замыг туулсан байдаг. Ардчилал бол хүчирхийллээс зайлсхийх, аль болох ойлголцох, зөвшилцөх зарчмаар нийгмийн асуудлыг шийдэхийг зорьдогоороо фашизм, коммунизмаас эрс ялгаатай тогтолцоо билээ. Монголын ардчилал анх мэндлэхээсээ л зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэх соёлыг төлөвшүүлж байлаа. “Нэг ч хулганын хамраас цус гаргаагүй” хэмээн бахархдаг ардчилсан хувьсгалын ололт нь зөвшилцлийн үр дүнд л бий болсон хэрэг.

а

Гэтэл монголд зөвшилцөл гэж бузар булай зүйл байдаг, нэг ухаантай эмэгтэй тэгэж хэлсэн юм гэж сурталдаад төлөвшиж явсан зөвшилцлийг үгүй хийн, олон нийтийг төөрөгдүүлэх явуургүй оролдлого удаа дараа гарсаар байна.

а

2010 оны 10 сарын 13-ны Зууны мэдээ сонин дээр УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “тал засаагүй” ярилцлага өгөхдөө “Зөвшилцөл бол фашизм” хэмээн хийрхжээ. Д.Энхбат ярилцлагынхаа дундуур “Би “Форум” нэвтрүүлэг хөтөлж байх үеэсээ л зөвшилцөл бол фашизм гэж хэлж байсан” хэмээн сайрхаж амжив. Үнэн, 2004 оны үест Соросын сангийн санхүүжилтээр хийгдэж байсан цуврал хэлэлцүүлгийг хөтлөж байхдаа тэр тухайн үед монгол хэлээр орчуулагдан гарсан товхимолоос цээжилсэн үгээ хэлэх боломжийг ашигласан байдаг. “Фашизмын тухай” үг тэр дороо түймэр мэт тархан яармагийн Яндаг өвөөгөөс өгсүүлээд Үндэсний удирдагч хүртэлх хүн бүрийн амны уншлага болон хувирав.

а

Д.Энхбат монголын зөвшилцлийн соёлд ихээхэн гай тарьсан энэ үгээ Ayn Rand хэмээх утопи үзэлт жүүдийн уншсан лекцийн ташаа орчуулгаас зээлдсэн юм. Орчуулагч Ж.Нэргүй орос хэлнээс уг товхимолыг буулгахдаа нэрийг ихээхэн зөрүүтэй өгсөн нь ухвар мөчид этгээдүүдийн зууш болсон бөлгөө. Эх хувилбар нь огт өөр утгатай. Энэ бол 1965 онд Бостонд Ford Hall Forum дээр Ayn Rand-ийн тавьсан илтгэл. Уг нэр нь The New Fascism: Rule by Consensus. Утгачилбал - Зөвшилцлийн дүрмийг ашиглах Шинэ фашизм. Энэ лекцийн гол илэрхийлэл нь хувийн өмчийг төрөөс хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэл, зөвшилцөл нэрийн дор бизнесийг түйвээх вий гэсэн Ayn Rand-ийн сануулга маягийн зүйл байдаг. Тэрээр: социализм, фашизм ба этатизм гэх улс төрийн нэр томъёонуудын толь бичгийн тодорхойлолтыг дурдахыг зөвшөөрнө үү гэж байгаад Фашизмыг – маш хүчтэй төвлөн удирдах засаглалын хэлбэр. Үйлдвэрлэл, худалдаа зэрэг бүх үйл ажиллагааг улс даяар хянаж, ямарч шүүмжлэл, сөрөг хүчнийг зөвшөөрдөггүй хэмээн дурдсан нь фашизм зөвшилцлийг хэзээ ч зөвшөөрдөггүй гэсэн утгыг бүрэн илтгэж байгаа юм. Зөвшилцөл бол фашизм гэсэн тодорхойлолт энд огт байхгүй.

а

Харин Д.Энхбат тэргүүтэнд орчуулгын гуйвсан нэр ихэд таалагдсан болохоор доторх утгыг үл тоов. 2004 онд бодит улс төрд өрнөсөн үйл явц нь сонгогчдын саналын дүнд зөвшилцөх нөхцөл үүссэн, сөрөг талууд улс орны эрх ашгийн төлөө ойлголцох, хамтрах шаардлага үүссэн. Хэн нэг нь нөгөөгөө үгүйсгээд хориглоод, хатуу хяналт, төвлөн удирдах ёсыг тулгаагүй. Шүүмжлэлийг ч хааж боох гэж оролдсонгүй. Нотлогоо нь мань Д.Энхбатын далий шүүмжлэл. Тэгэхээр монголын хаана нь фашизм амилсан байж таарах вэ? Д.Энхбатын хэт олон юм юмыг болгоосон тархин дотор л байх. Иймэрхүү хийрхлийн хор нөлөөгөөр олон нийт зөвшилцөхийг бузар булай зүйл гэж ойлгоод, нийгэм даяар нэгнийгээ үгүйсгэх, доромжлох, өөрийнхөө бодлыг тулгах нь ардчилал гэж бодох болжээ. Их хурлын гишүүдээсээ өгсүүлээд Ерөнхийлөгч асан хүртэл санаа бодол нийлээгүй хүн лүүгээ “салаавч” тавих, боож унагах, доромжлон зүхэх, харааж ерөөх нь элбэгшив. Зөвшилцөх, ойлголцох тухай ярьсан хүн фашист болж харагдах гээд байсан юм болов уу. Азаар нийгмийн зөвшилцлийг хэрэгжүүлэх эрүүл улс төрчид монголд байсан юм. Тэд улс төрийн хийрхэлд авталгүй, өөрсдийн нэр хүндийг энхрийлэн хайрлалгүйгээр, үндэсний эрх ашгийг гол болгон зөвшилцлийг явуулж чадсан учраас монголын нийгэм талцаад, тараад алга болчихолгүй өдий хүрсэн.

а

            Ардчилсан нийгэмд зөвшилцлийн 3 төвшин байдаг ажээ. Нийгэм даяараа үнэт зүйлс, зорилгын ижил ойлголттой, тэр нь нийгмийн гишүүдийн суурь итгэл үнэмшил, зарчим болж, бусдын бодлыг хүлээн зөвшөөрдөг болох эхний шатаа монголчууд давсан. Одоо улс төрчдийн араншин, ёс зүйг Үндсэн хуулиар тогтоож, хязгаарлан, хуулийн засаглалыг  олонхиороо хүлээн зөвшөөрөх, зөвшилцлийг “тоглоомын дүрэм” болгон хэвших дараачийн төвшиндөө яваа гэж судлаачид үздэг байна. Зөвшилцлийн дээд түвшинд хүрсэн нийгэмд «сөрөг хүчний эрх ашиг» тэргүүн ээлжинд тавигдаж, засгийн эрх барьж байгаа хүчин цөөнхөө хүндэтгэн тэдний санаа бодлыг сонсох, ойлголцохыг эрхэмлэн ажилладаг ажээ. Олон нийт нь ч ийм хэлбэрийн улс төрийг шаардаж, зөвшилцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Зөвшилцлийн ийм төвшинд үл ойлголцол, сөрөг байр суурь Засаглалын төвшинд бус засгийн газрын гишүүдийн хооронд л байх боломжтой гэнэ.

 а

Очироор огтлох заналхийлэл

 а

Монголын сонгогчид удаа дараагийн сонголтоороо улс төрийн намуудыг зөвшилцөлд түлхэж байгаа. 2012 оны сонгуулийн дүн аль нэг намд дангаар засаглах боломж өгсөнгүй. Зөвшилцөл зайлшгүй байсан учраас Ардчилсан нам Шудрага ёс эвсэл, ИЗНН-ийн эвслийн Засгийн газар байгуулагдсан. Одоо шинэ Засгийн газар бас л зөвшилцлөөр бий болох ёстой. Шинэчлэлийн Засгийн газар унахын өмнө эх орондоо бууж, мордоод явсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэгэн мэдээллийг олон нийт төдийлөн анзаараагүй хоцров. Тэрээр буддын шашны хөлгөн их судар “Очироор огтлогч”-ийг (Доржзовд) англи, орос, солонгос гурван хэл дамнуулан тулгалт хийн орчуулж байгаа гэж мэдэгдэв. Энэ үгтэй зэрэгцүүлээд “Би Ерөнхийлөгч ч байж үзлээ, шоронд ч орж үзлээ. Болсон үйл явдалд гомдолтой байдаг ч хэн нэгнийг өөрийнхөө туулсныг туулуулж хариу авах бодол алга, харин Монгол Улсаа хөгжүүлж л өшөөгөө авна” хэмээсэн нь харин ихээхэн эргэлтэнд орсон бөлгөө.

а

Олны анзаарагдаагүй Н.Энхбаярын үгийг одоо анзаарцгаая. Э.Нямсүрэнгийн орчуулгаар 2011 онд хэвлэгдсэн “Очир огтлогч”(Diamond cutter) номыг сөхөж харвал  уг судрын бүтэн нэр нь “Хутаг Билгийн Чанад Хязгаарт Хүрсэн Очир Огтлогч хэмээх Их Хөлгөн судар оршвой” байна. Харин мань Үндэсний удирдагч асан “Очроор огтлогч” гэж нэрийдэхээр шийджээ.

Ялгаа юу байна гэж үү? Байна аа, асар их ялгаа. Утгын том зөрөө гарч байгаа юм. Номын нэр нь хамгийн хатуу очир эрдэнэсийг ашиглан бусдыг огтлохыг оноогоогүй юм. Үүнийг гэвш Michael Roach-ийн тайлбарласнаас харж болно. Очир эрдэнэ бол чулууны хамгийн тунгалаг, хамгийн хатуу чанартай нь, тийм болохоор энэ чулууг зөвхөн өөрийнх нь хэлтэрхийгээр л огтолж болдог гэжээ. Гэвш Roach хамгийн хатуу “очирыг огтлох” гэх утга нь төгс гэгээрсэн оюун ухаан хатуу бэрхийг давах хүчтэй болохыг зүйрлэн харуулсан болохыг олонтаа тодотгож хэлсэн байна.

а

Харин гурав дахь Ерөнхийлөгч асан болохоор тэрхүү хамгийн хатуу эрдэнэсээр хэн нэгнийг огтолж, өс авах замаар улсаа хөгжүүлэх тухайд нэрийг оноосон юм биш гэж эмээх сэтгэл эрхгүй төрнө. Одоо МАХН-ынхны гаргаж байгаа зан авир ийм дүгнэлтийг эрхгүй өдөөж байгаа юм. Монгол айл бүр гэртээ дээлэн залдаг байсан хөлгөн судрын үзэл санааг гэвш Michael-ын тайлбарласнаас үзэхэд “Энэ ертөнцөд төгс төгөлдөр зүйл үгүй бөгөөд үүнд хүрэх хамгийн дөт зам бол зөв санаа, сэтгэл, хайр, хүндэтгэлийг агуулсан хүний оюун ухаан билээ. Хэрэв бидэнд зөв ухаан байх аваас цаашдын үйл бүхэн зөв байх болно, үйлийн үр нь арвижин дэлгэрнэ” гэж сургадаг юм байна. Очир огтлогч сударт зөвшилцлийн ач холбогдлыг маш тодорхой заасан нь “Ижил төрлийнхөнтэйгээ өрсөлдөн дайсагнахаас илүү баг болж хамтран ажиллах нь өгөөжтэй, үр дүнтэй” гэжээ. Энэ нь хүчирхийлэл, тулгалтаас зайлсхийж зөвшилцөхийн утга биш гэж үү.

а

            Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “орос хэлний боловсролоо” ашиглан “Очироор огтлогч” судрын ажилд гар бие оролцсон, үүний тулд солонгосын “Хваге” сүмд хагас өдөр хэртэй завилж суусан минь хамгийн зүдэргээтэй ажил байлаа хэмээн намынхандаа хуучилсан байдаг. Гэгээн судрын ариун мөр, бадгийг хүмүүст тараах гэж байгаад нь баярлавч, арайхийн ахин бий болох гэж байгаа Үндэсний зөвшилцлийг завилан суухтай адилтган гай удахвий хэмээн болгоомжлоно.

а

Бурхан багш хэлжээ: Очир огтлогчийн нэг бадгийг сэхээрсэн хүн хэмжээлшгүй буян хураана. Энэ судрын утга санаанаас эмээж цочилгүй, эндүүрч хөөрөлгүй авагч хэн бүхэн үлэмжийн их хувь золтой.

а

            Гурав дахь Ерөнхийлөгч асан болоод түүний эхнэр хөлгөн судрыг орчуулах нөр их ажлын явцад нэг байтугай бадгийг ухаарч, мэдэрсэн байх болтугай хэмээн залбиръя. Сайн амгалан болтугай.

аө

Г.Мөнгөнчимэг

х

Тойм сэтгүүл №251

Shuud.mn
Сонин хачин
зочин:
угтаа бол зөвшилцөл нь фашизм биш гэдэг нь тодорхой.харамсалтай нь манайд болж байгаа ман,ан-н зөвшилцөл бол хэсэг олигархууд бүх ард түмэнд эрх ашгаа тулган хүлээлгэж дарлан харгислах арга болж байгаа учраас фашизм гэхэд зөөлдөж харин садизм болоод байна.манай ард түмэн ман-ан-н садизмд тарчлан зовж байна.ман-ан-н удирдагчдыг фашистууд биш гээд батлаадахаач.
2014-12-01
ulin hutsaa г.мөнгөнчимэг chi :
уг нэр нь the new fascism: rule by consensus. утгачилбал - зөвшилцлийн дүрмийг ашиглах шинэ фашизм. eoe estoi yu ch oilgodoggui hun bas english meddeg boloh gej hutsaj ugchee, rule gedeg ni end durem bish zasaglal gedeg utgaaraa baina chi yaj ch hutsaad ene utgiig uguisgej chadahgui “зөвшилцлийн засаглал бол шинэ фашизм” гэдэг утга зөв байна
2014-12-01
уншигч:
өрөвдүүлэгч энхбаяр хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална
2014-12-01
данхар:
данхар энхбат гэж бас нэг донгио гар байсан одоо алга болж амраажээ, хөөрхий
2014-12-01
заах байх:
харин ч солонгосуудад яаж хор найруулахыг заах юм биш үү ? аугаа хорч маань
2014-12-01
самбар:
энхбаяр хамгийн хорчин солонгосоос их зүйл сурах уу эсвэл зааж өгөх үү
2014-12-01