Хацар хайрч, хүйт тачигнасан өвлийн жаврыг сөрж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАНАН татуулан бүрэлдэх нь. УИХ дахь сөрөг хүчин МАН Засгийн газрын хамтарч ажиллах саналд толгой дохисон шийдвэрийг өчигдөр гаргалаа. Баасан гаригт хуралдах товтой МАН-ын бага хурал хойшилсон нь зөвшилцлийн ажлын хэсгийнхний санал зөрөлдөн, нэгдээгүйгээс улбаатай. АН, МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн мөн өдрийн орой дахин хуралдан ойлголцож, баримт бичигт гарын үсэг зурснаар МАН-ын бага хурал бямба гаригт хуралдлаа. Сөрөг хүчин эрх баригчдыг хөлдөө суулгаад хүчтэй гэдгээ харууллаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ынхан МАН-ын тавьсан саналыг хүлээн авсан сурагтай. Хэрвээ МАН-ын саналыг хүлээж авахгүй бол зөвшилцөл үргэлжилж, хугацаа алдан, энэ хэрээр Засгийн газар бүрдүүлэхэд ч саадтай тулах байсан гэж ажиглагчид дүгнэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч Засгийн газраа тогтвортой ажиллуулж, хүлээж авсан сул эдийн засгаа хямралаас гаргахын тулд өөрийг үл хүлээн зөвшөөрсөн сөрөг хүчинтэй тулж ажиллахаар бага хуралд нь амжилт хүсч, “ахаа намайг бодоорой” хэмээн илгээлт явуулсан нь тусыг олоод байна. МАН-ын хоёрдугаар бага хурлын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжигдэн, АН-тай хамтарч улсаа хямралаас гаргах төлөвлөгөөтэйгээр гар барилцан, Засгийн газрын бүрэлдэхүүнд сөрөг хүчин багтлаа. Засгийн газарт хамтарч ажиллах саналыг хүлээж авснаа маргааш МАН-ын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бичгээр хариу илгээх биз.
1
Засгийн газарт хамтрах эсэх МАН-ын хариулт бусад улс төрийн хүчинд ч хүлээлт үүсгээд байсан. Харин одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүрэлдэхүүний зураглал ерөнхийдөө тодорхой болоод ирлээ. 1.6 жилийн хугацаанд эдийн засгийн хямралыг сөрж давах төлөвлөгөөтэй Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрын АН, МАН-аас бүрдэх эхний хувилбар байна.
1
Эдүгээ 13 яам бүхий 16 сайдтай Засгийн газрын бүтэц ажиллаж байгаа. Бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр бүрэлдэхүүнээ өргөн баривал МАН Шадар сайд, ерөнхий чиг үүргийн хоёр, бусад гэсэн нийт зургаан яамыг авах тохироо хийгдсэн гэсэн бор шувуу нисч байна. Үндсэн чиглэлийн яамнаас Сангийн яамыг МАН авах төлөвтэй. Харин парламент дахь ИЗНН, МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийнхэнд УИХ дахь голлох байнгын хороодыг хариуцуулах тохироо хийгдсэн сурагтай.
1
Өөр нэг хувилбар нь гэвэл АН, МАН ба бусад улс төрийн хүчнээс бүрдэх Засгийн газар. Ингэхдээ мөн л Шадар сайд болон ерөнхий чиг үүргийн хоёр, нийт дөрвөн яамыг МАН авах. Харин ИЗНН-д одоогийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг хэвээр хариуцуулах аж. “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-д Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хариуцуулахаар яригдаж байна. Харин сайд нарын томилгооны тухайд “давхар дээл” энэ удаад хэвээр үйлчлэх бололтой. “Давхар дээл”-гүй байх асуудал хуульчлагдаагүй учир зөрчил үүсэхгүй гэдгийг улстөрчид хүлээн зөвшөөрдөг.
1
Эдийн засгийн хямралыг улс төрийн хямрал болгон гүнзгийрүүлэхгүйн тулд өнөөдөр АН-ынхан нүүр өгөхгүй хэмээн хөөрч байсан сөрөг хүчин МАН-тай эдүгээ үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа хамтарч ажиллахаар боллоо. Ийнхүү парламентын бүрэн эрхийн үлдсэн хугацаа сөрөг хүчингүйгээр үргэлжлэх нь. УИХ дахь бие даагчид сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр парламентад гурван дайчин ганцаардахгүй ч шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхөд хүч дутах нь ойлгомжтой.
1
АН, МАН-ын төр, засгийн эрх барилцсан өдрүүдэд эдийн засгийн хямрал суларч, иргэдийн амьжиргаа сайжирч, эх орны хөгжилд түлхэц болох шийдлүүдийг шуурхай хэрэгжүүүлэхийг олон нийт хүсч, хүлээж байгаа. Ямартай ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай ажиллах зорилгынхоо эхний алхмыг амжилттай хэрэгжүүллээ. Үргэлжлэл нь ч улс орны эдийн засаг, хөгжилд ээлтэй урагшлах болтугтай.
1
Н.Энх