Шүдтэй, жигүүртэн болгон ХААН биш
2014-11-30

Шүдтэй болохоор араатны хаан шүдгүй болохоор жигүүртний хаан болно гэж хөөрцөглөж явсан сарьсан багваахайн үлгэрийг өнөө цагт бодит явдал болгож байна. Төрийн машин гацаад цөөнгүй хугацаа өнгөрсний гол буруутан сарьсан багваахайнууд. Төсвийн харанхуйгаар ангуучилж хадан агуйдаа нарны гэрлээс дайжин бүгнэ. Муугаа далдлах үг хэлний уран хийгээд өвөр зуураа толхилцож наймаалцах ухаанаа улам сийрэгжүүлнэ. Нэг нь улаан нөгөө нь хөх өнгөтэй болохоос биш. Тэд өнөөдөр бүсээ чангалахыг сануулсан төсөв, царцсан бүтээн байгуулалт, амьжиргааны төвшний муудалт, цалин орлого нь эрс хумигдсан ард иргэд, үйл ажиллагаа нь алдагдаж хаалгаа барьсан үндэсний үйлдвэрлэгчид... Төр хэзээ эмх цэгцдээ орохыг итгэл алдран хүлээж сууна. Төрийн түшээ болгон л сайдын сэнтийд зүүдэлж, улс төрийн намууд эрх мэдэл хуваах эцэс төгсгөлгүй хэрүүл хийсээр нийгэм эдийн засгийн байдал хүндрэлээс хямрал, уруудалтаас мөхөл тийш тун хурдацтай мөлхөнө. Шүдтэй болохоор араатны хаан шүдгүй болохоор жигүүртний хаан болно гэж хөөрцөглөх сарьсан багваахайн үлгэрийг жинхэнэ утгаар нь улс төрийн амьдрал үзүүлж байна даа. Аж ахуйн нэгжүүд татварын дарамт, улстөрчдийн болчимгүй шийдвэр, бизнесийн таатай бус орчингоос шалтгаалаад үүд хаалгаа барихад хамгийн түрүүнд иргэд хохирч эхэлсэн. Жижиг дунд үйлдвэрлэл сэргэх хандлага бий болж байсан ч иргэдийн худалдан авах чадвар муудсанаар эргээд мухардлын байдалд орлоо. Зүй нь дэмий улстөрчид, сандал суудлын маргаанаа эцэслэн шийдэж нэгэн зүгт яаралтай харж эв зүйгээ харахгүй бол засахын аргагүй нөхцөл байдалд орно. Засаглал хэний гарт байгаагаас шалтгаалаад түүнийг дагасан бизнес эдийн засгийн суурь ганхана. Дөрвөн жилийн сонгуулийн циклээр бүх эд эс нь хувирч өөрчлөгддөг ийм нийгэм эдийн засаг хол явахгүй нь өдөр ирэх тусам тод мэдрэгдэх болов. Өшөө авалт, хардалтын синдром 24 жилийн турш ээлжлэн төр барьсан хоёр намын дунд үргэлжиллээ. Өнөөдрийн эрх баригчид маргаашийн ялтан, өнөөдрийн ялтан маргаашийн эрх баригч болох гаж үзэгдэл энэ хугацаанд үргэлжлэв. Мөнгө, эрх мэдэл хоёр өвөр түрийндээ орсны гай энэ. Бид ийм л сонголт хийсэн. Гэхдээ ийм сонголт хийхээс өөр аргагүй хууль эрхзүйн орчин, хөрөнгө мөнгөний хуваарилалттай явж ирлээ. Улс оныхоо нийтлэг эрх ашгийн төлөөнөөс энэ хоёр улс төрийн хүчин үнэн санаанаасаа гар гараа барилцаад засаглалын хуваарилалт хөгжлийн бодлогоо ул суурьтай тодорхойлж байсангүй.

1

Хөгжлийн нэгдсэн бодлогогүйгээс шалтгаалаад улс төрийн жижиг чичиргээ цунами болон бүхий л салбарыг нэрвэнэ. Өнөөдөр амжилттай сайн яваа салбар алга болтлоо хямарсны шалтгаан энэ. Улс орны нийт баялаг цөөхөн гэр бүл, компанийн мэдэлд төвлөрчээ. Тэд нь улс төртэй нягт холбоотой учраас бүгдийг сөнөөх чадварыг агуулж байгаа хэрэг. Төвлөрлийг сааруулж эдийн засаг олон хөлтэй болгох нь бидний энэ тэргүүний зорилт. Шинэ Засгийн газраас ийм зүйл хүлээх арга байхгүй. Улс төр эдийн засгийн томоохон бүлэглэлүүдэд хуваагдсан засаглалын суурийг үндсээр нь өөрчлөхгүйгээр ямар ч өнгө зүстэй, сайхан сэтгэлтэй нь гарч ирээд муу муухайгийн үлгэр жишээ болоод түүхнээ үлдэнэ. Ч.Сайханбилэгээс ямар ч бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт, өндөр цалин тэтгэвэр хүсээд нэмэргүй. Гагцхүү засаглалын бугшсан хямралыг хэтдээ гарз багатай засах, хямрал үргэлжлэх хугацааг хумьж гарч болох эрсдлийг багасгах нь л үндсэн үүрэг нь. АН нөхөр дайснаа сонгох биш хамтарч ажиллах түүхэн хариуцлагатай үеийн өмнө ирсэн. Улс төржилт хардалтын эсрэг шийдэм бариад ирэгч хэн нэгэнд хацраа тавьж өгч дэлдүүлээд гар барилцах шаардлагатай. Парламентад хэн нь ч олонхи болж чадаагүй өнөөгийн нөхцөлд МАН, АН хоёр эвлэрэх ёстой. Хорон үгээр зүрхээ зүсэлцэхийн оронд ширээ тойрч суугаад ирээдүйг аврах төлөвлөгөөн дээрээ нэгдэх учиртай.

1

Татварын орлогын 90 орчим хувийг үндэсний цөөхөн хэдхэн компани бүрдүүлдэг. Тэдний үйл ажиллагаа доголдоод ирэхээр эдийн засаг бүхэлдээ эвгүйцээд эхэлнэ. Төр мэдээж зохицуулалт хийх учиртай л даа. Гэхдээ алийн болгон тэдэнд бүхнээ даатгаж болох билээ. Үйлдвэрлэгч, бүтээгч дундаж давхаргаа өөд нь татахгүй бол эдийн засаг үргэлж хэврэг байх болно. Энэ томоохон компаниудын дийлэнх нь уул уурхайн компаниуд байгаа. Ашигт малтмалын үнэ ханш байнгын бууралттай нөхцөлд нэмэр болохоосоо нэрмээс болох нь их. Ашиг орлого унахаараа олон үйлдвэрлэгч, бүтээгч нарыг татан унагаана. Үүнээс гарахын тулд эдийн засгаа олон хөлтэй болгох хэрэгтэй. Дундаж нийгэм бол ардчиллын амин сүнс гэж хэлдэг оргүй зүйл биш ээ. Дундаж давхаргыг жижиг дунд үйлдвэрлэгчид бий болгодог. Даанч тэд маань татварын орлогын 20 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Тиймээс тэдний тоо хийгээд үйлдвэрлэж бүтээж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулах тал дээр төр ухаалаг бодлого боловсруулах шаардлагатай. Баахан хоосон мөнгө төсөвлөчихдөг. Мөнөөх нь банкны мөнгө хүүлэлт болоод жинхэнэ эзэндээ очдоггүйгээс жижиг дунд үйлдвэрлэгчид хөл дээрээ босч чадахгүй байгаа юм. Нөгөө талаар иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засаг эрүүлжихгүй. Нэг хэсэг нь үйлдвэрлээд л байдаг нөгөө хэсэг нь худалдан авах чадваргүй бол яаж мөнгөний эргэлт саруулсах билээ. Өнөөдрөөс эрэлт нийлүүлэлтийг тэгшитгэж эдийн засгийн судсыг чөлөөтэй байлгах арга хэмжээг шат дараатай авч мөнгөний урсгалыг байнгын хөдөлгөөнд оруулж чадвал шинэ Засгийн газрын гавьяа тэр байх болно.

1

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
пкдзүшгн:
дэмжиж байна зөв зүйл бичжээ
2014-11-30
boldoo:
говь алтайн бигэр сумын харьяат залуу дуучин э. марал эрдэнэ гэгч эмэгтэй 3 сард нутаг руугаа тоглолтоор яявахдаа хүнээс зээлж авчявсан мөнгөө өгөхгүй , улаанбаатарт ороргнож ,олдохгүй байгаа гэнэ
2014-11-30