Үнэнийг дэнслэх эрхийн төлөө
2014-11-28

Өнгөрөгч долоо хоногт, 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд хуульчийн мэргэжлийн шалгалт явагдаж өнгөрлөө. Шалгалтад 1698 хүн бүртгүүлсэнээс 1506 нь сорилгын шалгалтад оролцож, үүний 747 нь бодлогын шалгалтад оролцох эрх авсан бөгөөд сүүлийн дүнгээр 312 хүн тэнцсэн байна. Энэ нь өмнөх жилүүдийн дунджаас доогуур үзүүлэлт  юм.


Зохион байгуулагдах болоод 10 жил болж буй уг шалгалтад оролцогчдын 25-30 хувь нь тэнцдэг байв.  Гэтэл энэ жил 2013 оны шалгалт өнжсөнөөс шалтгаалан шалгалтад оролцогчдын тоо 2 дахин их байсан ч 20 хувь нь л тэнцсэн юм. (Тэнцээгүй оролцогчдын гаргасан шалгалтыг ахиж хянуулах хүсэлтийн дагуу энэ тоо өөрчлөгдөх боломжтой)  Жилд дунджаар 1600 гаруй эрх зүйч их, дээд сургуулиа төгсдөг, мөн өмнөх жилүүдийн шалгалтад тэнцэгчдийн хувь зэрэгтэй харьцуулахад тэнцэгчдийн тоо бага буй нь нэгийг өгүүлнэ. 


  Шалгалтад тэнцсэн нь шууд “хуульч болсон” гэсэн үг биш бөгөөд энэ нь зөвхөн тухайн эрх зүйчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох,  хууль зүйн туслалцаа үзүүлэхэд хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн гэдгийг баталж буй хэрэг юм. Иймээс тэнцэгсдэд “хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж” олгоно. Үүний дараа Хуульчдын холбооноос шалгалтад тэнцэгчийн ял шийтгэгдэж байгаагүй, хуульчаар ажиллахад харшлах зан байдлын болон эрүүл мэндийн шалтгаан (сэтгэцийн эмгэг болон бусад) үгүйг шалгаснаар, гишүүнээр элсүүлэх эсэхийг шийднэ. Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосноор шалгалтад тэнцэгч нь “хуульч” мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болж, цаашид өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, тухайн эрх зүйчид мэргэжлийн мэдлэг, чадварын шаардлагаас гадна эрүүл мэнд, зан байдлын шаардлага давхар тавьдаг болсон бөгөөд энэ удаагийн шалгалт зөвхөн мэдлэг, чадварыг л шалгасан юм.


Энэ жилийн шалгалт  шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчилж эхэлснээс хойших  анхны шалгалт бөгөөд өмнөх жилүүдийнхээс ялгаатай зүйл цөөнгүй байлаа.  Өмнөх зохицуулалтаар тус шалгалт нь шүүгч, прокурор, өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад орох урьдач шалгалт төдий байсан юм. Харин одоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх нээлгэснээр шүүхэд төлөөлөх буюу өмгөөлөх эрх нээлттэй болно. Энэ ч үүднээс шалгалтын сорилго, бодлого нь тухайн эрх зүйчийн онолын мэдлэгийг шалгахын хамт мэргэжлийн ур чадварыг нь сорих зорилготой байв.


  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, хүний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг, түүнчлэн зээлийн гэрээний шимтгэлтэй холбогдох гэрээний эрх зүйн маргаан зэрэг иргэдийн амьдралд түгээмэл тохиолддог, тэр хэрээрээ хуульчдад ч их тулгардаг маргаан бодлого болон ирсэн байв. Хуульчаар ажиллах хамгийн эхний хэрэг нь энэ төрлийн хэрэг байх бүрэн боломжтой, тийм түгээмэл хэрэг гэсэн үг. Ялангуяа иргэний эрх зүйн бодлого болон ирсэн зээлийн гэрээний шимтгэлээс үүдэн гарсан гэрээний эрх зүйн маргааны талаарх бодлого нь саяхан ШӨХТГ-ын дарга Магнайгийн мэдэгдэл хийн, олны анхаарлын төвд аваачсан нэр бүхий банкнуудын зээлийн гэрээний шимтгэл нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн эсэх талаарх шүүхийн маргаантай төстэй байсан. Энэ нь нийгэмд болж буй эрх зүйн маргаантай хэргүүдийг анзаарч, өөрийн эрх зүйн дүгнэлтийг хийж байдаг эрх зүйчдийн хувьд аль хэдийнээ, ядаж нэг удаа өөртөө бодож үзсэн байх бүрэн боломжтой тохиолдол байв.


Нөгөө талаар шалгалтыг зохион байгуулагч Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  шалгалтын цахим хуудаст тавигдсан бодлогыг дүгнэсэн аргачлалаас харахад аль ч бодлогод туйлын нэг хариу шаардаагүй, оролцогчийн үндэслэх, нотлох, тайлбарлах, хууль хэрэглэх чадварт илүү тулгуурлаж, үнэлгээ тавьжээ. Иймээс шалгалтад тэнцэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх нээлгэснээр шууд шүүх хуралдаанд оролцож, иргэнийг өмгөөлөх боломжтой энэ нөхцөлд шалгалтын бодлого хүндэдсэн гэж үзэх үндэсгүй.


  Бас нэг онцлох зүйл нь компьютер ашиглан, цахим хэлбэрээр,  нэг дор олон тооны оролцогчоос шалгалт авсан явдал юм. Урьдны шалгалт бүрт байнга хэл ам дагуулдаг байсан зүйл нь “шпи”-ний асуудал. Шалгалтын тест задарсан гэх шалтгаанаар шалгалт цагтаа эхлээгүй тохиолдол ч нэг бус удаа тохиолдож байв. Эдгээр асуудлыг шийдэх, хүний оролцоог багасгах,  түргэн, шударга үнэлэх боломжийг нэмэгдүүлэх хамгийн боломжит шийдэл нь “цахим шалгалт” гэж шалгалтын комиссоос үзсэн нь “буруу” байсангүйг болж өнгөрсөн шалгалтын явц нотоллоо. Цөөхөн Монголчуудын дундах бие биенээ таньдаг, нэг ангийн, нэг сургуулийн, нэг төгсөлтийн, нэг байгууллагын гэсэн “малгай”-нд багтдаг цөөхөн хуульчид бие биенээ “хянан дүгнэдэг” байдлаас татгалзаж, Иргэний нийгмийн байгууллагуудаар хөндлөнгийн хяналт хийлгэсэн нь шалгалтын бас нэгэн дэвшил байв.


  Шалгалт зохион байгуулалтын хувьд шударга, хүний нөлөөллийг хязгаарласан, түргэн шуурхай байхыг зорьсон нь ажиглагдсан боловч, шалгалтын явцад шалгалтад оролцогчдын дундаас “шпи” авч орох, хуулахаар завдсан үйлдэл цөөн биш гарч байсан нь харамсалтай.  Хуульч хүний эрх, үнэн, шударга ёс, зарчимч байдлыг хамгаалдаг чухал мэргэжил. Ийм ч учраас иргэд, олон нийт хуульчдаас буюу шүүгчээс, прокуророос, өмгөөлөгчөөс шударга ёс хүсдэг. Хараахан хуульч болоогүй тул тэдгээр эрх зүйчид Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг дагах үүрэггүй. Гэхдээ “мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэх зүйлийг тухайн мэргэжлээр ажиллахын тулд өөртөө төлөвшүүлсэн байх зан үйл, ёс зүйн шаардлага гэж харвал, аль хэдийн тухайн шаардлагыг хангасан байх ёстой юм. Тухайн шалгалтад оролцох үедээ биеэ авч явах байдал,  шударгаар шалгалтаа өгөх хүсэл зориг, үйлдэл нь өөртөө болон зохион байгуулагчдад өгч буй ёс зүйн шалгалт байсан. Харамсалтай нь энэ шалгалтад унасан эрх зүйч цөөнгүй байлаа.


Хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцэгчдийн дийлэнх нь буюу 246 нь 20-30 насныхан, 49 нь 31-40 насныхан, үлдэх 17 нь 41-60 насныхан байна. Тэд дараагийн өмгөөлөгч, шүүгч, прокурор. Тэднээс иргэд мэдлэг, ур чадвар, ёс зүй, шударга ёсыг ямагт хүсэн хүлээнэ. Энэ хүлээлт, итгэлийг хэрхэн даах нь тэдний хувьд хамгийн чухал шалгалт билээ.


Ч.Бат-Уянга


Эх сурвалж: Тойм сэтгүүл №-47


Shuud.mn
Сонин хачин
zocin:
gadaad orond huuliczdiig 5zil mergejleeree azillaagyil bol diplom hycingyid toocoh,5zil tytam mergejiliin szalgalt awah,prokuror szyygcz masz nariin szalgaltiig udaa daraa amjilttai ugcz tencsen .huulicdad ty*a dahin syraad mergejiliin szalgaltad 1000hynees10tencsen tohioldold prokuror szyygczeer dahin syraad amjilttai tygssen ni bolno,mongold bas adilhan baih heregtei,mergejildee dyrtai ynencz eryyl mend bygdiigni sain szalgah estoi
2014-11-28