Засгийн газарт хамтрах асуудлаарх АН, МАН-ын ажлын хэсгийнхэн зөвшилцөөд эхэлсэн. Анхдугаар Үндсэн хууль баталсан Тусгаар тогтнолын өдрөөр эрх баригч, сөрөг хүчин хоёр нэгдэх нь ээ гэдэг дохиог хоёр намын удирдлагууд үгээр биш үйлдлээр илэрхийлээд авав. Тусгаар тогтнолын өдрийг эдүгээ бүх нийтээр бус зөвхөн салан тусгаарласан МАН, МАХН хоёр "албан ёсоор" тэмдэглэлээ. Тиймээс ч энэ хоёр намын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, бөх барилдуулж, баярын хурал хийсэн. Харин энэ удаад МАН-ын Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “залрав”. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын хамтын ажиллагаа нэн эртнээс эхэлсэн. Энэ зун амралтаа авсан спикер албан ажлаа УИХ-ын дэд дарга, журмын нөхөр Р.Гончигдоржид бус МАН-ын дарга М.Энхболдод хариуцуулан үлдээсэн нь улстөрчдийн төдийгүй олон нийтийн дунд "хоёр Энхболд хамтарч Н.Алтанхуягийг огцруулж, шинэ Засгийг товхинуулах нь" гэсэн хардлага дагуулсан. Олны үг оргүй байсангүй. Өнөөдөр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайд томилогдоод байна.
өа
Шинэ Засгийн газраа товхинуулахаар Ч.Сайханбилэг сайд УИХ дахь намуудад хамтрах эсэхээр саналаа илгээгээд байна. УИХ-д олонхи бус олон суудалтай нам “наашаа харж инээж, цаашаа харж уйлж байж” өргөн барьдаг дэг хойно энэ нь бүгдэд нээлттэй, нууц биш зүйл. Харин парламентад суудалтай улс төрийн намуудтай эрх баригч хүчний хийх тохиролцоо хөшигний ард явагдаж байгаа. Гэвч “хана чихтэй” учир Засгийн газарт хамтрах дүр зэрэг хэдийнэ олны сонорт хүрчихсэн. Тиймээс ч элдэв таамаглал өрнөөд байгаа.
1
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай Засгийн газар байгуулахаа хэлсэн үгэндээ онцолсон. Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай байх нь эхний ээлжинд танхимаас, цаашлаад парламент дахь улс төрийн хүчнээс шалтгаална. Тэр дундаа сөрөг хүчин буюу МАН-аас. Шинэ Ерөнхий сайдын хувьд МАН-тай хамтрах зайлшгүй улс төрийн нөхцөл байдал үүссэнийг бусад улс төрийн хүчин төдийгүй ажиглагчид хэлж байгаа. Үнэндээ Н.Алтанхуягийн Засгийн газрын гол алдаа нь сөрөг хүчин болох МАН-тай хамтраагүйгээс үүдэлтэй ч гэдэг. Нөгөө талаар Засгийн газрын үйл ажиллагааг дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай байлгахын тулд МАН-тай хамтарч, эдийн засгийн хямралыг цааш гүнзгийрүүлэхгүй тогтворжуулж, цаашлаад он дамжин “сул зогсолт”-той байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, сонгуулийн жил хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх нь эрх баригчдад ээлтэй.
1
Нөгөөтэйгүүр эрх баригчид МАН-тай тохиролцож чадахгүй бол өмнөх Засгийн газарт хамтарч байсан улс төрийн хүчнүүдтэй хамтраад Засгийн газраа байгуулж болно. Гэвч энэ нь “Н.Алтанхуягийн баг” бүрэлдэх бөгөөд сөрөг хүчин ч Засгийн газрын хазайх, хальтрах бүрт нь шүүмжлэлээр шүршсээр нэг нэр хоёр хочтой үргэлжлэх биз. Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтвортой байдалд МАН нөлөөтэй толь хэвээр байна.
1
Ерөөс МАН-тай нэгдэн гар барилцах нь өнөөх мөнхийн эрх ашгаас үүдэлтэй. Эрх ашгаа хамгаалахын төлөө шинэ Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанаас бултсан МАН-тай хамтран ажиллахаа Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ онцолж байна лээ. Тиймээс ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАН-аас дэм хүсээд байна.
1
Сөрөг хүчний тухайд УИХ дахь намын бүлэг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд бага хурлаараа шийдвэрээ гаргана гэсэн. Бага хурлаа баасан гаригт товлосон. Гэвч бага хурлаас өмнө ах нам дотроо нэлээд түжигнэх бололтой. Засгийн газарт хамтрах асуудал ах намынхныг хоёр талцуулаад байгаа сурагтай. Хэрвээ Засгийн газарт хамтарвал тус намын зарим нөлөө бүхий улстөрчид тэр дундаа Ц.Нямдорж гишүүн намаасаа гарна шүү хэмээн бусдыгаа сүрдүүлж буй. Үнэндээ парламентад төдийгүй сонгуулийн үеэр ч МАН-ыг цээжээр хамгаалж ирсэн чин үнэн гавьяа Ц.Нямдоржийнх. Өрсөлдөгч хүчин болох АН-ын гишүүд ч Ц.Нямдорж гишүүнийг МАН-ын 10 гишүүнтэй дүйцэх бядтай гэж үнэлдэг. Тиймээс Ц.Нямдорж МАН-аас гарлаа гэхэд түүнийг тосоод авах бусад улс төрийн хүчнүүд бий гэдгийг тус намын удирдлага төдийгүй гишүүд дэмжигчид мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Гэхдээ Ц.Нямдорж МАН-аас, МАН ч Ц.Нямдоржоос зайгаа барихгүй байх аа. Басхүү тус намынхан генсек Ж.Мөнхбатыгаа огцруулах сураг чих дэлсэж байна лээ. Сураг дуулдаж байгаа болохоос бус доторх нанчилдаанаа гадна талд жиргэчих нээлттэй нөхөр тус намд даанч байхгүй. Энэ нь олон жилийн уламжлал нэрийн дор сайнаар хэлбэл нам дотор нууцаа чанд хадгалдаг, саараар намын бодлогодоо хайрцаглагдчихсан байдагтай холбоотой.
1
Хэрвээ АН МАН Засагт хамтарвал парламент дахь ИЗНН, МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийнхэн жийгдэх юм. Учир нь МАН Засагт хамтрахдаа сул салбарыг хариуцахгүй, бодлогын аль нэг яамыг хариуцах болзол тавьж байгаа аж. Шадар сайдыг дөрвөн яамны бонус дотор нэг нь бодлогынх байх бололтой. Сангийн юм уу, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны аль нэгийг МАН авах байх гэсэн ажиглагчдын таамаглал байна лээ.
1
ИЗНН, МАХН-ын гишүүдэд байнгын хороодыг хуваарилах дараагийн хувилбар яригдаж байна гэсэн. Харин “Шударга ёс” эвсэл дэх МҮАН Засгийн газарт нэг яамыг хариуцах шийдэлтэй байна лээ.
өа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12 дугаар сарын 05-ны дотор Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих хуулийн заалттай. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өргөн барих хугацаа хүртэл зөвшилцөл явагдаж, энэ мэтээр таамаглал үргэлжилсээр байх төлөвтэй.
өа
Ямартай ч төрийг төдийгүй Засгийн газрыг хамтран барилцах АН, МАН-ын тамгыг атгасан болох хоёр Энхболдын бат нөхөрлөлийн алсын зорилго Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар эдүгээ биеллээ олж байх шиг байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.
1
Н.Энх