Намууд намраа дааж бужигнаад 28 дахь Ерөнхий сайдаа тодрууллаа.р
Тамгаа аваад өрөөндөө орсон Ерөнхий сайдын гурав дахь өдөр эхэлчихсэн явж байна. Ерөнхий сайд намуудад хамтран ажиллах хүсэлтэй хүргүүлжээ. Хүсэлт нь ирэхээс нь урьтаад өөрсдөө араа даацгаа гээд суучихсан сөрөг хүчин хэрхэхийг олон нийт харж байна. "Сайханаа, замдаа сайн яваарай" гэсэнтэй яг адилхан үгийг МАН хэлсэн байгаа. "Ачаагаа өөрсдөө үүр. Хариуцлагаа бас өөрсдөө үүр" гэсэн мэдэгдэл нь “2016 онд уулзья” гэсэнтэй адил сонсогдож байгаа. Зарчимдаа тууштай байж зохион байгуулалттайгаар Ерөнхий сайдыг дэмжээгүй ч өөрөөс нь хамтран ажиллах хүсэлтийг хүлээн аваад байна. Энэ нь бичгийн агуулгыг харвал шинэ засаг төрд орж хамтран ажиллаж “Монголоо өөд нь татья” гэсэн урилга байгаа. Нөгөө талаас ард түмний өмнө ачаа үүрч ирсэн намаас тогтвортой байдлыг хүсч хамтарч ажиллая гэсэн зарчмын санал юм. Хариуцлага тооцох үндсэн тактиктай яваа сөрөг хүчнийг хамт хариуцлага үүрнэ үү гэж хэлж буй хэрэг. Ингэж хэлэхээс өөр гарц харагдахгүй байна.
р
Тал нь шахуу хоосон танхимаас томилогдон гарч ирсэн Ч.Сайханбилэг тэрхүү хоосон суудлын тоогоор эсэргүүцэлтэй тулгарна л гэж харагдаж байгаа. Энэ нь цаашид тэр хэрээр асуудал нь гацаж өнгөрсөн хоёр жилийн жишгээр улс төржилт явагдана. Сөрөг хүчин зөвийг нь дэмжинэ гэж хэлж байгаа ч үнэндээ бол "хуучин хүн" гэж харж байгаа тул дэмжиж ажиллахгүй л гэж харагдаж байна. Тийм болохоор МАН-ыг Засагт орж ажиллавал олны итгэл бас өөр эерэг байх талтай.
Төр засаг солигдсоны үргэлжлэл болоод төрийн залгамж чанар бодлогын тухай шинэ Ерөнхий сайдаас асуух зүйл олон нийтэд бас байгаа юм.
р
Залгамж чанар яаж хэрэгжих вэ. Боловсролын салбарт эхлүүлсэн байгаа хоёр жил үргэлжилсэн өөрчлөлтийг хэн ойлгож үргэлжүүлэх вэ. Сайдаа дагаад зөвлөх нь солигдох биз. Тэдний оюун ухаан тархинд боловсрогдож ажил болж байсан өөрчлөлтийг хэн авч явах вэ. Шинэчлэл бүхэн бүтэцдээ эсэргүүцэгч нартай байдаг. Дахиад шинэ сайдын үзэмжээр өөрчлөлт шинэчлэл нь хэрэггүй зүйл болж хөрөнгө мөнгө үрсэн, үр хүүхдээр тоглосон туршилт болж үлдэх үү.
р
Нэгд эдийн засаг, хоёрт эдийн засаг, гуравт эдийн засаг байж болно. Дөрөвт нь төрийн залгамж чанар, зөв эхлэлүүдийн үр дүнг харсан үргэлжлэл байх ёстой байх.
р
Шинэ засаг мэргэжлийн байх эсэх нь, засагт хэн хэн багтах нь Ерөнхий сайдын мэдлийн хэрэг болсон. Харин тэдэндээ залгамж чанартай бодлого зангидахыг шаардаж ажиллуулах эрх нь бас Ерөнхий сайдад бий. Бүлэг фракцын нөлөөн дээр төрийн бодлогын залгамж чанар алдагдвал хэтийн сайхан хөгжлийн тухай ярих нь үлгэр болно. Үүнийг цаг хугацаа, өмнөх 27 сайдын замнал харуулсан.
р
Бид сонгууль чимээлж дөрвөн жилийг бараад дахин шинэ хөгжлийн мөрийн хөтөлбөр түүнд хурдан хүрэх дөт замын тухай ярьсаар 25 жил болсон байна.
р
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |