Та өглөө бүр сэрээд толинд өөрийгөө хардаг л биз дээ. Толинд туссан өөрийгөө хараад сэтгэл хангалуун байж чадаж байна уу. Хангалттай сайхан унтаж амарсан царай, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, нас ахимаг ч үеийнхээсээ илүү золбоолог, толигор царай, эрүүл чийрэг биетэй өөрийгөө хараад инээмсэглэн байж шинэ өдрийг угтдаг уу. Аль эсвэл дутуу нойртой, нүд хавдсан, энд тэндээ үрчлээ үүссэн байхыг харж, би ч хөгширч байна даа, энэ гэдэсний өөхийг арилгахсан, нас нэмээд улам л овор сууж байна дээ гэх зэргээр өөрийгөө голсхийн толинд хардаг уу.
s
Өглөө бүхэн сэрээд та бид дээрх бодлуудтай ижил төстэйг бодсоор толинд хардаг нь гарцаагүй. Хамгийн гол нь та өөрийгөө хараад өөртөө сэтгэл хангалуун байж чадаж байна уу. Чадаж байгаа бол маш сайн байна. Харин өөртөө сэтгэл ханамжгүй байгаа бол өөртөө анхаарал хандууллах цаг нь эхлэл юм.
hg
Аз жаргал гэж юу юм бэ?
s
Хүн бүрийн амьдрал ондоо байдагтай адил аз жаргалын тухай ойлголт ч мөн өөр өөр байдаг. Зарим хангалуун тансаг амьдралыг, зарим энгийн сайхан элэг бүтэн амьдрахыг хэлдэг ч аз жаргалтай хүн сэтгэл хангалуун инээмсэглэл нүүрэндээ тодруулсан байдаг. Инээмсэглэж чадаж байна гэдэг бол сэтгэл хангалуун амьдралаас гадна, эрүүл чийрэг өвдөх өвчингүй байгаагийн илрэл билээ. Монголчууд эрт дээр үеэс эрүүл мэндийг хамгийн чухалд тооцож,
“Эд хөрөнгөө алдвал багыг
Нэр хүндээ алдвал ихийг
Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц” хэмээн зүйрлэсэн нь бий. Тиймээс аз жаргалын тухай олон янзын ойлголтууд дундаас хамгийн чухал нь эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Бие эрүүл хүн эрч хүчтэй байж, амьдралын сайн сайханд тэмүүлж, ажил хөдөлмөртөө хичээнгүйлэн хандаж, амжилт бүтээлээр арвин, алдар нэртэй жинхэнэ аз жаргалтай амьдарч чадах нь гарцаагүй. Тэгвэл эрүүл саруул эрч хүчтэй байх нь зөвхөн таниас өөрөөс чинь шууд хамаарна.
s
Бидний зуршил
s
Хүний амьдралын хэмнэл, дадал, хорт зуршлийн хэрэглээ, хоол хүнс, дасгал хөдөлгөөн хэр хийдэг вэ гэдгээс эрүүл, урт наслах эсэх нь шууд хамаардаг гэдгийг дахин сануулмаар байна. Хүн амьдралын зөв хэмнэлийг баримталдаг бол 80-120 наслах боломжтой гэдгийг эртэмтэд баталсан. Хүн өсвөр, залуу насандаа эрүүл чийрэг биетэй, жингийн илүүдэлгүй, сэргэлэн цовоо, эрч хүчтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй байдаг. Гэвч хэзээ ч хамаагүй хүссэн хоолоо идэж, архи тамхины хорт зуршилд дийлдэж, дасгал хөдөлгөөн хийхээс залхуурч эхэлснээр эрүүл мэндийн асуудал ил харагдахгүй ч биед үүсдэг байна. Тухайлбал, Монголчууд таргалаад эхэлвэл нас намба сууж байна хэмээн дүгнэж, жингийн илүүдэлээ “Буяны тарга” хэмээн өөгшүүлэн нэрлэдэг.
a
Жингийн илүүдэл нь хоол хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Өнөөдөр идсэн хоол таныг шууд таргалуулахгүй. Харин олон жилийн туршид буруу хооллож, амьдралын зөв бус хэмнэлтэй байсны илрэл юм. Энэхүү жингийн илүүдэл илт харагдаж байвал тухайн хүний эрүүл мэнд хэдийнээ асуудалд орчихсон байдаг ажээ. Тэгвэл АНУ-ын эрдэмтэн Гари Смолл “Жингийн илүүдэл хүний тархины эрүүл мэндтэй шууд холбоотой” хэмээн олон жилийн судалгааныхаа үр дүнг дүгнэсэн байна. Түүний судалснаар хүн жингийн илүүдэлд ороход судас өөхний хэмжээгээр илүү урт сунаж, хана нь нимгэрч, эд эрхтэнд хангалттай хүрэлцэхүйцээр биеэр гүйх аргагүй болдог. Ингэснээр хамгийн түрүүнд хүний тархины цусан хангамж дутагдаж, толгой өвдөх, даралт хэлбэлзэх, мартамхай болох, ууртай бухимдуу, цухалдах зэргээр өөрчлөлт өгдөг гэжээ.
s
Мөн хүний эрүүл мэндийг архи, тамхины хэрэглээ бага багаар муутгаж, нэг л мэдэхэд эмчлэх аргагүй болгодог. Архи, дарс, шар айраг, тамхи хэрэглэсэнээр хүний амны хөндий, улаан хоолой бага багаар шархалж, аажимдаа элгийг өөхлүүлж, уушгийг гэмтээж эхэлсэнээр хорт хавдар гэх өвчнөөр өвчилсөн байдаг. Хоол хүнсний буруу хэрэглээ таргалалтаар илрэх үед ходоод хэмээх амьдралыг тэтгэгч гол эрхтэн өвчлөөд уджээ гэж ойлгох хэрэгтэй.
s
s
Нэг олдох амьдралдаа хүссэнээрээ байж байгаад л дуусна гэж олон хүн хэлдэг. Мэдээж энэ үгийг буруу хэмээн маргах гэсэнгүй. Энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт. Харин нэг олдох амьдралын тань чанараар таныг хэн байсан бэ гэдгийг дүгнэж болдог ажээ. Амьдралын чанар гэж юу юм. Дэлхийн улс орнуудад амьдралын чанар гэдэгт эрүүл чийрэг биетэй, жингийн илүүдэлтгүй, эрч хүчтэй байж, үр бүтээлтэй урт удаан наслахыг хэлдэг байна. Үүний нотолгоо нь гадаадын 70-80 настай цагаан толгойтой буурлууд манай орноор жуулчлаад явж байдгаас харж болно. Тэд амьдралын зөв хэмнэлээр урт удаан насалж байгаа нь тэр.
s
Тэгвэл монголчуудын дундаж наслалт 65. 65 нас гэдэг дэлхийн улс орнуудын хувьд хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, ахимаг нас гэж үздэг. Харин манай монголчуудын хичнээн хувь нь амьдралын зөв хэмнэлтэй, эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн 70-80 хүртлээ насалж байгаа билээ. Харамсалтай нь статистик тоо баримтаар монголчууд 55 хүртэлх насандаа цаг бусаар энэ орчлонгоос эрт явж байгааг харж болно. Нас баралтын шалтгаан олон ч монголчуудын амьдралын чанар муу байгаагийн илрэл юм. Тухайлбал, зам тээврийн ослоор дайнтай улс оронд нэг өдөрт амь үрэгддэг хүнээс хэд дахин илүүхүн хорвоог орхидог. Харин хорт хавдраар амиа алдагсадын тоо хүн амынхаа тоотой харьцуулахад харьцангүй өндөр үзүүлэлттэй гардаг.
s
Хорт хавдар хэмээх өвчинг өмнө нь ахмад настнуудын дунд зонхилон тохиолддог “Урт наслалтын өвчин” гэж нэрлэдэг байжээ. Харин манай улсад энэ өвчнөөр өвчилсөн нь оношлогдсон хүн өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Та бидний хайртай дотны хүн, найз нөхөд, таньдаг мэддэг нэгэн маань хорт хавдрын оноштойгоор нас барсан тухай өдөр болгон шахуу сонсож байна гэвэл хатуудахааргүй болчихлоо. Хорт хавдар ихэссэн гэдгийг батлах мэт хэн нэгнийгээ хорт хавдарын улмаас хагалгаанд оруулахаар боллоо. Мөнгөн тусламж хэрэгтэй байна, хайртай дотно хүнд минь амьдрал бэлэглээч гэсэн заруудаас харж болно.
s
Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж монголчууд хэлдэг ч үнэндээ амьдралын буруу хэмнэл, дадал зуршил 5-20 жилийн туршид биед үүсэн маш олон эмгэгийн улмаас төрөл бүрийн шинж тэмдэгтэйгээр хорт хавдар үүсдэг. Тиймээс үүнийг уншигч та юуны өмнө жингийн илүүдэлтэй бол хоол хүнсний хэрэглээндээ анхаарлаа хандуулаад нэг үзээрэй. Хоол хүнс хүний амьдралыг тэтгэгч. Үнэтэй, чанартай гэсэн бүхнийг ид гэж зөвлөхгүй. Гагцхүү таны эрүүл мэндэд тустай тэр хүнсийг л сонгочих. Эрүүл мэндийн төвүүдэд хоол хүнсний зөвлөгч эмч нар дээр очиж, хэрхэн зөв хүнсээ сонгож идэх ёстойг мэдээд авчихвал болно.
s
Мөн хорт хавдраар өвчлөх гол шалтгаанууд нь архи, тамхи. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэдэг бол хэрэглээгээ багасгачих. Чадвал огт хэрэглэхгүй ч болж болно шүү дээ. Хэн ч таны ам руу хүчээр цутгахгүй. Би тохируулж хэрэглэдэг гэж олон хүн өөрийгөө өмөөрөх л байх. Гэвч өнөөдөр тохируулж хэрэглэдэг тэр зүйл чинь таны ходоодны чинь ханыг түлж, тархи мэдрэлийн чинь эсийг гэмтээсээр л байгаа шүү. Эс гэмтэнэ гэдэг хорт хавдрын эхлэл. Тамхи татдаг бол тамхиа хаяхыг хийчээ. Зориглоод өөрийнхөө төлөө сонголт хийж чадвал тамхи хэмээх жижигхэн цагаан зүйлийн үл үзэгдэм гинжийг таслах нь хэцүү биш. Хамгийн гол таны сонголт. Сонголт хийхэд хэзээ ч оройтохгүй.
d
Үнэ цэнэтэй амьдрал
sa
Хүн бүрийн амьдрал үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй амьдралынхаа эзэн нь байхын тулд та зөвхөн өөртөө итгэж өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Одоо нэгэнт оройтсон гэж бодох хэрэггүй. Нэг өдрийн өмнө, нэг цагийн өмнө өөрийнхөө төлөө хийж эхэлсэн бүхэн таны үнэ цэнэтэй амьдралын баталгаа болох болно. Нэг нууц хэлэхэд, хүн эрүүл амьдрахыг хүсвэл 80 хувь хоол хүнс, 20 хувь дасгал хөдөлгөөн үр дүнд нь 100 хувь амьдралын эрч хүч. Энэ эрч хүч нь таны амьдралын чанар хэмээн гол зарчмаа болгосон эрүүл чийрэг, ажил хөдөлмөртөө амжилт гаргаж яваа эрхмүүд
“Өнөөдрийн үр дүн өчигдрийн хөдөлмөр
Өнөөдрийн хөдөлмөр маргаашийн аз жаргалтай амьдралын үндэс” гэдэг уриатай юм билээ.
Та хэн байхыг хүсэж байна. Та толинд туссан өөрийгөө ямар харагдаасай гэж хүсэж байна. Хүслийнхээ төлөө хичээгээд үз.
ss
Миний хувьд тамхийг 17 жил татсан ч гэлээ өнгөрсөн оны 7 сард хаяж чадсан. Энэ тухайгаа би “Маргаашийн сайхан бүхний төлөө чамайг би орхилоо” нэртэй нийтлэлдээ өмнө нь бичиж байсан. Өнөөдөр нэг жил 4 сар гаруйн хугацаа өнгөрчихсөн байна. Миний сонголт буруу байгаагүй. Энэ хугацаанд уртаас урт, цээж дүүрэн амьсгал авч чаддаг боллоо, дууны өнгө эмэгтэйлэг шинжиндээ эргэн орж эхэлсэн. Хамгийн гол нь би тамхинаас гарч чадсан гэж чимээгүй суухыг хүсээгүй. Нэг ч гэсэн хүнийг тамхинаас гаргачих юмсан гэсэн бодлоор фейсбүүк хуудсандаа “Маргаашийн төлөө Өнөөдөр” нэртэй нээлттэй групп нээсэн. Энэ групптээ тамхины тухай үнэн бодит мэдээллийг хүргэж, нэг хүнд ч гэсэн хүрээсэй. Нэг хүнд ч гэсэн тамхиа хаях сэдэл төрүүлээсэй гэж зорьсон. Үр дүн нь өнөөдөр биш маргааш гарна гэдэгт итгэж байгаа.
d
Тиймээс өөртөө итгэлтэй, өөдрөг бодолтой, өнгөрсөндөө харамсаж суулгүй яг одоо өнөөдрөөс бүхнийг эхэл. Эрүүл чийрэг биетэй, эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, өнгөрсөндөө харамсаж бус, маргаашийн сайхан бүхнийг өнөөдөр эхлүүл. “Урт насалж, удаан жаргаарай” гэсэн монгол түмний минь билэгтэй сайхан ерөөлийн үгийг битгий мартаарай.
a
П.Нарандэлгэр