Шинэ Засгийн тэргүүн Ч.Сайханбилэг боллоо. Улс төрийн карьер нь магадгүй ингэсгээд хэдэн жилдээ завсарлах биз. Засаглал хийгээд эдийн засгийн хямралын даачааг тэр л эдлэх болно. МАН-ын 26 гишүүн хүссэнээрээ чуулганд суугаагүй нь ирээдүйн ажлын хамгийн том дараа болно. Төсөөлсөнчлөн бүлгүүд хувиа хүртэх гэж чармайх нь лавтай. Зоримог алхам хийх гэхээр бялуугаа нэхнэ. Бялуу амттай эсэхээсээ шалтгаалаад засаглал ганхана. Уйтгартай төсөөлөл биш шүү. Бодит төсөөлөл. Үүнийг МАН зөгнөсөн. Сэгсрээд өгнө шүү гэж. Одоохондоо хөнжилдөө дугжирч л бай, тамга авсны чинь дараа бид хэсэг нөхдийг чинь сугалаад сөрөг босгоод эхэлнэ ээ гэж амлаж байгаа. Босголтын сэжүүр хаанаас мундах билээ. Юуг нь ч бариад зүтгэсэн бэлэн зэлэн идеа бий. Тэр бүхний эсрэг Ч.Сайханбилэг сөрж чадах бол уу. Хөрөнгө оруулалт таг зогсчихсон, хүн амын амьжиргааны төвшин илт муудсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсчихсөн, валютын ханш яаж ч торгоогоод дийлэхгүй урсгалд орчихсон, инфляци өсч эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд наалдахаасаа өнгөрчихсөн ийм л хүнд үеийн улс орныг хүлээж авлаа. Нэр шигээ сайхан амьдруулж чадахгүй юмаа гэхэд гэрэл харагдуулж чадаж байвал шинэ Засгийн газрын гавьяа оршино.
1
Засаглалыг солхигүй бол болохгүй гэдгийг АН тооцоолж хүнд үеийг яаж гарахаа тооцолсон. Олон ч хувилбар байлаа. Хувилбар болгоны тоолонгоор фракцуудынх нь хувийн эрх ашиг өндөлзсөн. Олон өдрөөр хуралдаж халуун үг чулуудалцсны эцэст энэ шийдвэрт хүрлээ. Сонголт жаахан зөрсөн болов уу. Ч.Сайханбилэгийг биш Р.Амаржаргалаа зүтгүүлсэн бол нэрэнд арай цэвэр үлдэх байлаа. 2016 оны сонгуулиа бодсон бол Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар явуулчихаад ард нь үлдэж болох байлаа. Гэсэн ч тэгж шийдсэнгүй. Арынхаа тооцоог зөв хийсэн байгаасай гэж залбирах юм. Н.Алтанхуягийг чадхийлгэсэн журмын нөхөд хийгээд МАН-аас бусад бүлэглэлүүд хоногийн хань болж чадах уу.
1
Эхний томоохон арга хэмжээнээс бусдын дургүйг хүргээд эхэлнэ. МАН-ыг парламентад дуугүй байлгахын тулд ирцээ 100 хувь бүрэлдүүлэх учиртай. Өнөөдөр нэгдсэн шигээ асуудал бүр дээр АН бусад эвслээ толгойлоод суудлаа гүйцээгээд суух учиртай. Эхлээд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг авах учиртай. Гадаад дотоод хамаагүй. Төсвийн орлого зарлагын байдлаа нягталж шаардалагтай, зайлшгүй бүхнээ эхлээд шийдье. Оюутолгойгоос төсөвлөөд байгаа борлуулалтаас орж ирэх 8.7 тэрбумын татвараа бүрэн гүйцэд авья. Ойлголцохгүй байгаа ашиг орлого дээрээ тохиролцьё. Орж ирэхгүй байгаа их хэмжээний ашгаас орж ирэх баталгаат орлого нь өнөөхөндөө чухал. Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байсан бодлогоо хэрэгжүүлье. Боломжийн үйлдвэрүүд бослоо шүү дээ. Дэд бүтцийн асуудал ч гайгүй жигдэрсэн. Муу л бол хойд захын бор овоохой гэгчээр Н.Алтанхуягийн танхим тийм ч муу ажиллаагүй юм шүү. Халаасан дахь мөнгөө хэтийн хөрөнгө оруулалтад зарцуулаад зарим мөнгийг нь эрдээд зарцуулчихсан болохоос биш. Энэ мэтчлэн гайгүйг нь уламжилж аваад цааш явуулж, үүрэг хариуцлагын цалгайрдлыг хумиад эхэлбэл болохгүй гэх аргагүй.
1
Зоримогхон шийдээд халах эрх Ерөнхий сайдад бий. Нам төвтэй засаглал ямар аюул дагуулдгийн жишээг хангалттай амслаа. Төр бизнес хутгалдаад ирэхийн аюулыг ганц Ч.Сайханбилэгийн засаг ч биш олон засаг амсана. Тиймээс эрхзүйн шинэтгэл хэрэгтэй. Давхар дээл тайлахаас өгсүүлээд засаглалын бүхий л шатан дахь улс төрийн намын нөлөөллийг багасгах асуудлууд бий. Өнөөдөр л гэхэд төсвийн мөнгөний хязгаарлалттай холбоотой олон зуун төрийн албан хаагч ажилгүй болж байна. Цалин, орон сууцны зээлтэй энэ хүмүүс гудамжинд гарах уу. Хоёр хөрштэй байгуулсан хийгээд байгуулахаар төсөөлж байгаа гэрээ хэлэлцээр яах вэ. Дэд бүтэц босоод ирэхээр гэрээ хэлэлцээрийг Ерөнхийлөгч байгуулж чадсан шүү дээ. Хэрэгжүүлэх нөхөд нь тогтвортой байх ёстой шүү дээ. Энэ утгаараа Сангийн яам голлох үүрэгтэй. Хэн сайд болох вэ гэдэг нь чухал биш. Хоосон тогоо өнгийж суугаа Ерөнхий сайд яаж дүүргэх вэ гэдгээ л бодох учиртай.
1
Хоёр жил хүрэхгүй хугацаанд дүүргэхгүй нь тодорхой ч эхийг эцээхгүй тугалыг тураахгүй аваас гавьяа нь оршино. Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлээгүй нь өмнөх Засгийн газрын алдааны нэг хэсэг. Ерөнхий сайд нь өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна гэж сурталчилсаар ирсэн боловч бодит байдал дээрээ 80 хүрэхгүй хувь нь 210 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авахаар олон нийт уурлахаас яах билээ. Цалин ч ялгаагүй хорогдсон болохоос нэмэгдээгүй. Дээр нь эдийн засгийн хямралаас шалтгаалаад олон аж ахуйн нэгж цомхотгол явууллаа. Зарим нь хаалгаа барилаа. Иргэдийн мөнгөн орлого энэ гажуудлын үр төлөөсийг дааж чадах уу. Ингэхээр шинэ Ерөнхий сайд та САЙХАН хүн ч гэлээ шалданаараа таван халуун мадны өмнө зогсч байна гэдгийг л гунигтайгаар хэлэх л үлдэж байна даа.
1
Н.Бадамжав