Өнөөдөр хуралдах төлөвлөгөөтэй байсан УИХ-ын чуулган гишүүдийн ирц хүрээгүйгээс цуцлагдлаа. Гишүүдийн 51 хувь нь танхимдаа тухалсан цагт чуулган хуралдах хууль номтой. Гэвч өнөөдөр 48 хувь нь чуулгантай гэдгээ “мэдэж” ирсэн учраас хэлэлцэх ёстой асуудлууд хойш тавигдлаа. Үнэндээ эрх баригчид юун чуулган манатай яваа нь мэдээж. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлдгээр цаадуул чинь “муухай завгүй” яваа шүү дээ. МАН-ынхан Ч.Сайханбилэгийг нь дэмжсэнгүй. МАН-аас зөвшөөрөл аваагүй зөвшилцөхийг хүссэн, бид олонх, бас Шударга ёс эвсэл, ИЗНН манайхыг дэмжинэ хэмээн зүтгүүлээ ч бүдрэх магадлалтай. Тиймээс ч АН-ынхан орондоо орох завгүй яваа болов уу. Элдэв тохироо, найраа хийх гээд чуулганыг ч умартан яваа нь ойлгомжтой.
а
Энэ бол төрийн ажил хэрхэн явагдаж байгаагийн наад захын жишээ. Төрийн ордон нь өрөө дамжсан шивэр авир хийх найраагаас цааш хэтрэхгүй ажилтай. Яамд нь хаалгаа барих шахсан, ажин түжин. Яамдыг нэгтгэж, Засгийн газар унаснаас хойш хөл толгой нь мэдэгдэхээ больсон төрийн ажлаас болж олон хүний нэг хэсэг нь хохирогч, нөгөө хэсэг нь гэмт хэрэгтэн болохдоо тулаад байгааг анзаарах ч сөхөөгүй сандал ширээгээ булаацалдаж байгаа нь хачирхалтай.
а
Саяхан нэг танил маань ССАЖЯ-ны үүдэнд өлсгөлөн зарлах тухайгаа ярьж байна. Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлийн ажлыг таалахгүй байгаадаа биш. Зөвхөн хийж өгсөн ажлынхаа төлбөр мөнгийг авахын тулд л ийм зүйл яриад явахдаа тулсан хэрэг. Авсан ажлаа аль хэдийнэ хийж гүйцэтгээд, хүлээлгээд өгчихсөн. Гэтэл төлбөрийг нь өнөөг хүртэл өгдөггүй. Өдөр бүр үүдийг нь сахиж, утас цохиод ч нэмэргүй, “хүлээж бай” гэсэн ганцхан хариулт сонсдог гэнэ.
а
Өөр нэг жишээ. Орон нутагт гудамж төслийн ажлыг гүйцэтгэсэн нэгэн зам барилгын компанийн эзэн гэмт хэрэгтэн болохдоо тулаад байна. Ажилтнууд нь цалингаа нэхэж, өдөр шөнөгүй утасдаж, зарим нь бүр гэрийнх нь үүдийг сахиад сууж байгаа гэнэ. Хүний хөдөлмөрийг мөлжсөн залилагч, цалин мөнгийг нь өгдөггүй хулхидагч болчихоод байгаа нь энэ. Бас банкнаас зээлээ төлөхийг шаардаж, сүүлийн хугацааг заачихсан. Товчхондоо найдваргүй зээлдэгчийн хар жагсаалтдаа аль хэдийнэ оруулчихсан. Түрээсэлсэн техник төхөөрөмжийнхөө төлбөрийг өгөөгүйгээс худалч, хулхидагч болж хувирсан. Нийгмийн даатгал, татварын байгууллагаас данс савыг нь хаачихсан. Хууль зөрчигч болсон гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хулгайчаас бусад муу цол гуншин түүнд ирчихээд буй. Харин эзэн өөрөө Гудамж төсөл, Эдийн засгийн хөгжлийн яамны үүд хаалгыг сахиастай. Хийсэн ажлынхаа төлбөрийг авчих санаатай гуйлгачин царайлан сууж байгаа нь тэр.
а
Энэ мэтээр ажиллахгүй байгаа төрийн яамдаас болж, үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байгаа олон жишээг дурдаж болно. Ажил гүйцэтгэсэн байгууллгын эзэд яс горьдсон нохой шиг өдөр бүр үүдийг сахиж, харин ажилчид нь цалин мөнгөгүй өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байна. Энд мянга мянган хүний амьдрал яригдаж буй. Үүнээс илүү золиос гэж юу байхав дээ.
а
Улстөрч гэх 100 хүрэхгүй хүний сандал ширээний тоглоомоос болж хэсэг бүлэг хүний амьдрал туйлдаж байна. Харин үүнийг харсан ч үл тоомсорлож, мэдсэн ч дүмбэ царайлах сандал ширээний хэнээтнүүдийг харахаар ой гутмаар. Засгийн газар бүрдэхгүй, яамд ажиллахгүй байгаагаас ямар олон ажил цалгардаж, хичнээн мянган хүний амьдрал зогсох гээд байгааг ойлгож ухаарахгүй тэнэгүүд төр удирдаж буйг харах гутармаар. Амин хувийн эрх ашиг, амбиц хөөсөн тэнэглэл нь амьдралд гай болоод байгааг хэлээд ч нэмэргүй биз. Ард түмэнд тустай, нэмэртэй ажил хийж, шийдвэр гардаггүй юм аа гэхэд ядаж амьдралд нь гай болохгүй байвал баярламаар байх юм.
б
В.Хэрлэн