АН-ын ҮЗХ-ны хурлын араас олны анхааралд орсон МАН өнөөдөр дуугарч шийдвэрээ зарлаж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжихгүй гэсэн шийдэлд хүрчээ. Үнэн бол сөрөг хүчин эрүүл саруул шийдвэр гаргажээ гэж хэлж болох юм. Хариуцлага тооцно гэж ярьсаар огцруулсан засгийн нэг гол тоглогчийг Ерөнхий сайд болгочихвол бүтэн жил хийсэн улс төр нь утгаа алдахыг тэд сайн ойлгож байгаа. Ч.Сайханбилэгийг нь дэмжээд сайд болчихьё гэсэн цөөнгүй амбиц МАН дотор байсан байж таарна. Сөрөг хүчин хоёр өдөр ярилцаж байгаад нэгдмэл байрь сууринд хүрч “Үгүй” гэж мэдэгдлээ. Энерцээрээ гараад ирэх байсан Р.Амаржаргалыг ҮЗХ дээрээ унагаасан Ч.Сайханбилэгийг нэр дэвшингүүт түүний эсрэг бэлэн жороор хэвлэлийн зодуур эхэлсэн. Бараг бүх нийтлэл адилхан асуулттай. Н.Алтанхуягийг алдаж явахад Хэрэг эрхлэх газрын дарга чи хаана байсан юм бэ. Эдийн засаг уруудаж унаж явахад наад сэхээх төслөө хаанаа нуугаад, хэзээ гаргах гээд дараад байсан юм бэ. Багаар ажиллах зарчмаар бол одоо амлаад байгаа бүхнээ эхлүүлж болох байсан. Гэнэт хэзээ сэрж ухаарав. Хэний амаар дуугараад хэний эрх ашигт зүтгэх гээд байна. Ямар амлалтаар ҮЗХ дээр ялчихав. Тавантолгой, Оюутолгойн том эрх ашигтай холбоотой юу. Алтангадасынхаа өмнө үүрэг хүлээх гээд байна уу, ард түмний өмнө ачаа үүрэх гээд байна уу... гээд хөвөрсөн олон асуулт түүнийг чуулганаар орохоос нь өмнө хэмлээд дуусгалаа. Зарим асуултад нь сүүлийн хоёр өдрийн ордон доторх онцгой мэрийлтээрээ хариулчихлаа. Мань эр хэнтэй ч, юуг ч тохироод гарах л үүрэг хүлээсэн байна. Ч.Сайханбилэгийг хоёр өдөр хүүхэд шиг хөтөлж намын бүлгүүдийн хурал хэссэн АН-ын шинэ дарга З.Энхболд гайхалтай улайрдаг хүн юм. Намын даргын тамгаа атгасан хүний анхны нэмэх оноо, нэр төрийн хэрэг болгож Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулах гэсэн зүтгэл байж болно. Гэхдээ энэ хэт зүтгэл нь түүний хувьд зүгээр нэг оролдлого биш хэн нэгний өмнө хүлээсэн үүрэг, буцаж болохгүй амлалт болчихсон мэт харагдаж байна. МАН-ын бүлгийн хуралд зургаан цаг саатсан АН-ын дарга нэр дэвшигчээ дэмжүүлэхээр юу санал болгосон нь сонин. Өнөөдрийн өрнөлөөр бол өчигдрийн уулзалт саналын багц нь МАН-ын гижгийг ч хүргэсэнгүй. Сөрөг хүчин “үгүй” гэснээр Шударга ёс , ИЗНН-ын эвслүүдийн хамраа сөхөх боломжийг нэмэгдүүлж өгч байгаа хэрэг. Товчхондоо Ч.Сайханбилэг нам дотроо ч, сөрөг хүчинд ч найдах аргагүй боллоо. Одоо бүлгийн хурлаар биш гишүүдийн өрөөгөөр нэг тойрч далд тохироогоор кнопон дээр тулж ажиллаад ялчихдаггүй юм бол эргэлзээтэй. Чуулган дээр унах эрсдэл нь их боллоо. АН дотроо наймаалцаж болох ч МАН адилхан доош орж ганзагачны хэмжээнд арилжаа хийхгүй гэж шийджээ. Овоо доо. Гэхдээ АН-ын Ерөнхий сайдыг ар араас нь унагаагаад байвал төр хямарч хагарлын үүд ордноос хальж мэднэ. Засаг огцрох дуулианаас шинэ Ерөнхий сайд тодрох хүртэлх энэ хугацаа богинохон ч хэд хэдэн далд өрнөлийг ил болголоо.
б
Наанаа Ерөнхий сайдыг яаралтай тодруулах марафоны цаана нам дамнасан бүлэглэл фракцуудын том эрх ашиг яригдаж байгаа бололтой. Хоёр жил ам.доллароор боож гацаанд байсан Оюутолгойн амбиц томорсоор Шинэчлэлийн Засгийн газрын аминд хүрсэн байж болох ч сэжиг төрүүлж байна. Ч.Сайханбилэгийн ард баруун гар нь болж зогсох С.Баярцогт гишүүний ард Оюутолгойн эрх ашиг асаалттай байгаа нь нууц биш. Алаг үнээний зохиолоор цээжээрээ хамгаалж гэрээг нь батлуулж сүр дуулиантай эхлүүлсэн Оюутолгой улс орныг өрийн дарамт руу хөтлөх болсоор удаж байна. Энэ нь хэдий удаан үргэлжилнэ С.Баярцогт гишүүнд төдий халтай.
б
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор Их эвлэрлийн гэсэн тодотголтой “ам хамхих” тохироотой засаг байгуулагдана гэж төсөөлье. Тэгвэл яг МАНАН технологиор Оюутолгой дээр дахин нэг ажиллагаа явуулж мэдэхээр харагдаж байна. Нэгэн цагт С.Баяр стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан засаг байгуулж Оюутолгойг гацаанаас гаргахдаа АН-ынхыг урдаа бариад Л.Гансүх, С.Баярцогт нарын сайдуудаар гэрээг нь гардан хийлгэж, гар бариулж зурагтаар баахан гаргасан. Ард нь өөрөө намтайгаа бараг л нэр цэвэр үлдсэн. Захын би ч одоо Оюутолгой гацлаа, мухардлаа гэхээр ноён долларын зурагтай батламж бичиг өргөсөн Л.Гансүх, Зориг нар, алаг үнээний зураг дээр тайлбар хийх С.Баярцогт гишүүний санадаг юм. Ард нь С.Баяр харагддаггүй л байхгүй юу. Одоо ч гэсэн МАН Оюутолгойд дахин гараа дүрж нэрээ баастахгүй байж байгаад 2016 онд сонгуулдья гэж тооцож байгаа байх.
б
Магадгүй шинэ засагт бүх намууд орж Рио Тинтотой дахин тохирч ам.долларыг татсанаар эдийн засаг хурдан сэхэж харагдана. Шинэ засаг юм хийсэн болж ойлгогдоно. Ард нь бүлэглэлүүдийн том эрх ашиг хүслээр болно. Эх орон, ард түмэн яах уу... Бид 2016 оны сонгуулиар өөр болчихно. Тархиа тунгалаг болтол угаалгана. Дахин төрсөн мэт болно. Цалин тэтгэвэр нэмэгдэнэ. Улстөрчид бүгд Рио Тинтог зүхнэ. Оюутолгойг 100 хувь Монголдоо буцааж авахаар болно. Гадаадын шулаачдыг сарын дотор эх орноосоо гаргах хуулийг гишүүд санал нэгтэй батална. Бараг бүгдээрээ орон сууцанд нүүж орох урилга, батламжаа авна. Эдийн засаг огцом өсөхөд эрх баригчдад дахиад дөрөвхөн жил хэрэгтэй байгааг ойлгоно. Тэгж байтал нэг сонгууль өнгөрнө... Тэгээд дахиад сонгуульдана. Шинэ Ерөнхийлөгч гарч ирнэ... Тэр ялагч нь өнөөдөр эхлүүлж байгаа улс төрийн тооцооны үр дүн байх болно. Тэр нарийн тооцоо ухааныг нь бид шагшин биширнэ. Энэ бол ард бидэнд үлдэх улс төржихийн өнгөц нэгэн таашаал болно.
б
Пүрэвжавын Баярхүү / тоймч/