Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг батлан энэ оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж эхэлсэн байдаг. Энэ хуулиар цагдаагийн албаны бүтцэд өөрчлөлт орсон. Цагдаагийн албаны тухай хуулийн тавдугаар зүйлд “Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ” гэж заасны дагуу Хууль зүйн сайд, ЦЕГ-ын даргын тушаалаар зарим газар, хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ өмнө нь хэрэгжиж байсан Цагдаагийн байгууллагын тухай хууль болоод Ерөнхийлөгчийн 1995 оны 222 дугаар зарилгаар баталсан журмын дагуу цагдаагийн алба хаагчдад хугацааны цол олгодог байсныг өөрчлөн зохицуулсан байдаг. Шинээр цагдаагийн алба хаагчдад албан тушаалын цол олгож эхэлсэн ба үүнтэй холбоотойгоор дээд буюу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар гэсэн цолыг шинээр бий болгожээ.Харин цагдаагийн бусад цол болох ахлах, дунд, бага цол хэвээр хадгалагдсан.Цагдаагийн тухай хуулиар дээд цол буюу цагдаагийн хошуучаас дээш цол олгох журмыг Хууль зүйн сайд, дунд, бага шатны цол олгох журмыг ЦЕГ-ын дарга батлахаар заасан байдаг. Б.Билэгт ЦЕГ-ын дарга байхдаа энэ эрхээ эдэлж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон бусад дунд шатны албанд томилогдсон шинэхэн дэслэгч бүрт цагдаагийн ахмад цол олгох шийдвэрийг гаргасан гэж шүүмжлэл ч сонсогдож байсан. Ажилласан туршлага, ажил мэргэжлийнхээ ур чадвараас үл хамааран цол ахих энэхүү шинэ журамд ЦЕГ-ын дарга С.Баатаржав саяхан өөрчлөлт оруулсан тухай мэдээлэгдсэн баудахгүй хуучин журмаа барьж хугацаанаасаа өмнө цагдаагийн хошууч, цагдаагийн ахмад цол авсан албан хаагчдын цолыг хурааж авах тухай мэдээлэгдэж байсан.
Шинэ хуулиар Тэргүүн комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын даргад, тэргүүн дэд комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд даргад, дэд комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын дэд даргад, туслах комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын албаны даргад олгохоор болсон. Харин цагдаагийн хурандаа цолыг цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгжийн дарга болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтанд, цагдаагийн дэд хурандаа цолыг харьяа алба, нэгжийн дарга, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтанд, цагдаагийн хошууч цолыг тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаалтанд олгохоор хуульчилсан байдаг. Мөн цагдаагийн албан хаагчийн тушаалыг бууруулсан бол шинээр томилогдож байгаа албан тушаалын цолыг олгох болсон. “Цол дагаж бяр” гэдэг шиг албан тушаал дагаж цол авдаг болсон хэрэг. Цагдаад насаараа зүтгэсэн нэгэн буурал “Хурандаагаа авчихаад тэтгэвэртээ гарья даа” гэдэг байсан бол одоо цагт “Ажлаа өгчихлөө. Цолоо бас хураалгаад гэртээ харья даа” гэх болсонтой адил хэрэг. Цолны тухай энэ өөрчлөлт мөрдөс зүүж хүчний байгууллагад зүтгэсэн олон хүнд гомдмоор юм болсон. Хэзээ нэг цагт хийгдэх л зохицуулалт байсан байх. Цол нь албан хаагчдын захирах захирагдах эрэмбэ болдог талаасаа албан тушаал даган өсч байх нь буруу биш. Гэхдээ шууд л 20 жилийн зүтгэлээр олсон мөрдсөө нэг хуулийн заалтаар мултлаад авчих гэдэг хүнд асуудал. Шинэ хуулиар цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдөхөд түүнд цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа эдэлж байсан хамгийн дээд цолыг нь олгохоор тусгасан байдаг. 20 жил зүтгээд дээд тал нь ахмадын мөрдөс зүүх албан тушаалд байсан бол ахмадаараа чөлөөнд гарна. Хэдийгээр хэрэгжээд жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч шүүмжлэл гомдол дагуулсаар байсан энэ асуудлыг нэг талд нь гаргаж Хууль зүйн сайд энэ шийдвэрээ эргэн харсан бололтой юм.
ЦЕГ-ын даргын тушаалаар цол олгох шинэ журам батлагдсан гэнэ. Журмаа хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийн судалж боловсруулж байгаа гэж албаны эх сурвалж хэлж байгаа болохоор одоо яг хуучин журмаа мөрдөөд явах юм байна гэж хэлэхэд эртдэх байх. Харин шинэ хуулиар албан тушаал дагаж мөрдсөө цолоор чимсэн албан хаагчдыгаа яах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Дайны цагийн хууль гэдэг шиг бүгдийг нь дуудаж ирээд мөрдөсийг нь хуулаад байхгүй нь тодорхой. Албан тушаал эрхэлсэн ажил нь үнэхээр цол дээгүүр байх шаардлагад байгаа бол үлдээх л хэрэгтэй байх. Харин хавтгайрсан байдлаар цол олгогдсон асуудал байгаа бол эргэн харах ёстой. Цагдаагийн албан хаагчийн цол нь тухайн албан хаагчийн ур чадвар, албан тушаалын илэрхийлэл байх ёстой гэсэн суурь зарчмаасаа ухрах нь утгагүй юм. Одоо засварлахаар болоод байгаа шинэ журамд цагдаагийн алба хаагч цол авахын төлөө бус мэргэжилдээ сайн, ур чадвартайбайх зүтгэл нь цол дээгүүр байх эрмэлзэлд хөтөлсөн зөв хөшүүрэгтэй байсан гэж өмгөөлөх хүмүүс байдаг. Цол олгох шинэ журмаар мөрдөс дээрх цол нь цагдаагийн ажилтны бүх насны зүтгэл, хөдөлмөрийн үнэлэмж байх уу, ур чадвар албан тушаалын илэрхийлэл байх уу гэдэг зарчмын зөрүүтэй байр суурь бүхий талуудыг бий болгоод байсан. Одоо дахин шинэ журам гарснаар дахин энэ асуудал тавигдаж байна. Хамгийн сүүлийн байдлаар ЦЕГ-ын даргын тушаалаар гаргасан цол олгох шинэ журамд энэ асуудал нэг мөр эргэлтгүйгээр шийдэгдэх ёстой байх. Цол авна гэдэг “онц” авна гэдэгтэй адил урамшуулал шагнал байх уу. Үүрэг хариуцлага, нэр төр дагуулдаг байх уу. Асуулт хэвээр байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/