Шинэ долоо хоногийг АН шинэ дарга, шинэ нэр дэвшигчтэйгээр угтав. Томилгоо нь л өөрчлөгдсөн болохоос биш уг хуучин архагууд л даа. Фракцуудын амбиц, албан тушаалын тохироо, журмын нөхрийн урвалт, зусарчийн шарвалт гээд АН хэмээх нэгэн дээвэр дотор сар хүрэхгүйн хугацаанд түмэн авир араншин аяглал холилдон тодров. Улс төрд эрх ашиг нь хөндөгдөхөөр чихэр долоохоор шавсан шоргоолжнууд шиг л ийн бужигнаж, угийн төрх нь илэрдэг хойно. Эрх баригч хүчин дэх энэ бужигнааны эхний үр дүн ч гэх үү, алхам нь ч гэх үү, юутай ч гишүүд нь намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тамга тэмдэгтэй нь бүрэн авч чадлаа. Цаашлаад хүсвэл УИХ-ын гишүүнээс нь унагаж, иргэн Н.Алтанхуяг болгож чадах эрх тус намын гишүүдэд бий, учир нь тэрбээр жагсаалтаар сонгогдсон. Улс төр хатуу гэдэг ч арай ийм хүний мөсгүй үйлдэл хийхгүй байх л дээ, намын гишүүд нь. Засгийн газрын тэргүүнээсээ огцорч, намын даргын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, дараагийн хүнд тамгаа шилжүүлэх үед АН-ын шинэ дарга З.Энхболд түүнийг геннисийн номд бүртгэгдтэл хамгийн хамгийнаар онцлон, товойлгосон нь магтаалын үгэндээ харам спикерт үнэндээ зохисонгүй.
өб
Нэг талаар УИХ-ын дарга З.Энхболд улс төрийн бас нь карьертаа хүрч чадлаа. Тэрбээр АН-ын даргын тамгыг авахаасаа хэдхэн хоногийн өмнө “Би 12 дугаар сарын 8-нд болох намын их хурлаараа намын даргад нэр дэвшинэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд илэрхийлсэн байсан. Харин намын дарга болох хүсэл эрмэлзэл нь хэзээнээс эхэлснийг хэн ч тааж үл мэднэ, энэ удаад зорилгодоо хүрсэн нь үнэн. Одоо намын их хурлын гишүүдээрээ энэ албан тушаалаа баталгаажуулах л үлдээд байгаа. Үргэлжлээд түүний өмнө намын дүрэм журам шинэчлэх, дотоод зохион байгуулалтын ажил ундарна. Гэхдээ үүнээс өмнө Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулах ажил хэр хурдан явагдах нь вэ? УИХ-ын даргын хувьд 2015 оны Монгол Улсын төсвийг хуулийн хугацаанд нь батлуулсан. Гэвч гүйцэтгэх засаглалгүй ирэх оны төсөв батлууллаа, шинэ Засгийн газар байгуулагдаад тодотгол хийнэ гэсэн үг дайгаастай. Харин намын их хурлаас өмнө Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах нь уу. АН-ын бүлэг ҮЗХ-ны даалгавраар Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлэх өргөн барьсан. АН-ын бүлгийн саналыг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцээд ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанаар шинэ намын дарга Ч.Сайханбилэгийг нэмж нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн тохироотой. ҮЗХ-ны цөөн тооны гишүүдийн илүү дэмжлэгтэйгээр Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа билээ. АН-ын шинэ дарга “Шонхор”-ыг тэргүүлдэг хэдий ч намын тамга гардсанаасаа хойш фракциасаа гарснаа хэлсэн. Намын эв нэгдлийг хангах зорилгоор албан тушаалтны хэлсэн үг болохоос нэдэр дээрээ элэг нь “Шонхор”-тоо гэж учир мэдэх хүмүүс ярьж байна лээ. Харин Ч.Сайханбилэгийн хувьд “Алтангадас”-ын хүн. Тиймээс ч тэрбээр Р.Амаржаргалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн нэр дэвшүүлж байхад экс дарга Н.Алтанхуяг болон фракцынхныхаа хамт байгаагүй. Ямартай ч улс төрийн тохироогоор өнөөдөр Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд явж байна.
б
Харин Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжих үү, үгүй юу гэдгийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж байна. АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, улс орны эрх ашгийг бодолцож, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр олонхи нь дэмжсэн байна лээ. “Шударга ёс” эвслийн бүлэг ч мөн Ч.Сайханбилэгийг дэмжихээ илэрхийлсэн. УИХ дахь хоёр бүлгийн дэмжлэгийг аваад байгаа нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн хувьд баярлах эртэдэнэ. Эцсийн шийдвэр бол чуулганы хуралдаанаар санал хураах тэр хором.
ө
Өөрийнх нь намын бүлэг түүнийг дэмжсэн шийдвэр гаргасан ч чуулганы хуралдаанд кноп дарахад олонх болж чадахгүй. Зүгээр л тоо бодоод үзье. АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Бүлгийн хуралдаанд 29 гишүүн оролцсон байна лээ, өвчтэй, чөлөөтэй, томилолттой гишүүн л лав сонсогдоогүй. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүний 10 нь дэмжээгүй. Цаана нь хуралдаанд оролцоогүй зургаан гишүүний хэд нь ч түүнийг дэмжих нь эргэлзээтэй. “Шударга ёс” эвслийн бүлэг нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлсэн ч санал хураалтын үеэр хэд нь хувь гишүүнийхээ байр сууринаас хандах вэ гэдэг асуудалтай. Л.Цогоос эхлээд хувь гишүүний байрнаас хандагсад байхыг үгүйсгэх аргагүй.
х
Цаашлаад Ч.Сайханбилэгийн төдийгүй Засгийн газрын хувь заяа сөрөг хүчнээс хамаарах болоод байна. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэхээр болж. Н.Алтанхуягийн Засгийн газарт салбарын сайд бус ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүнд хариуцлага тооцох ёстой, эдийн засгийг хямарч байхад Ч.Сайханбилэг хаана явсан бэ гээд л сөрөг асуултууд урсч байна гэсэн. Тиймээс өнөөдөр МАН-ынхан дахин хуралдаж байгаа. Хэрвээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх байсан юм бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй байсан юм гэдгийг сөрөг хүчин төдийгүй эрх баригч дотроо М.Батчимэг нарын гишүүд аль эрт жиргээд авсан.
р
Хэрвээ Ч.Сайханбилэг МАН-ын бүлгийн дэмжлэгийг эс авбал АН-ын бүлгийн 10 гаруй гишүүн дээр “Шударга ёс”-ын ганц хоёр гишүүний байр суурь нэмэгдээд чуулганы хуралдаанаар унах магадлалтай. МАН ямар ч асуудалд байр сууриа нэгтгэхдээ нэгэн цул байдаг гэдгийг улстөрчид, тэр дундаа Ч.Сайханбилэг хэнээр ч хэлүүлэлтэйгүй мэдэж байгаа. Уг нь МАН-ын бүлгийн 26 дотор түүнтэй найз гишүүн олон ч тэд намынхаа байр суурийг тэргүүнд тавьдаг.
и
Тиймээс эдүгээ нэр дэвшигч Ч.Сайханбилэг намын нөхөддөө бус МАН-аас л найдвар хүлээх үлдээд байна.
х
Н.Энх