Баахан шоу өрнөдөг баасан гарагийн шөнө АН-ын ҮЗХ хуралдаж олон нийтийн хүлээлтэд цэг тавьсан шийдвэрээ гаргалаа. Энэ хурлаар намын бүлгээрээ 100 хувь дэмжиж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Р.Амаржаргалыгаа унагаачихлаа. ҮЗХ-ны гишүүд итгэл үнэмшлээрээ Ч.Сайханбилэгийг дэмжсэн гэж намын удирдлага нь хэвлэлээр мэдэгдэв. Хэрэг явдал яагаад ийн гэнэт эргэж шинэ Ерөнхий сайдын нэр солигдов гэдэг дээр олон таамаг явж байна. Намын даргаа өгөхдөө Н.Алтанхуяг дарга нэр төрийн “нэг” хүслээ хэлсэн байж болох юм. Энэ нь намайг кнопдсон Р.Амаржаргал ерөнхий сайд болохгүй шүү гэсэн болзол байсан байх талтай. Үүнээс үүдэн намын гүйцэтгэх зөвлөл нь ҮЗХ-ныхоо хурлын завсар яаран хуралдаж заалнаас нэр дэвшүүлэлт явуулж Ч.Сайханбилэгт дахин нэг боломж олгосон гэх хувилбар байгаа. Энэ хувилбараар шинэ намын дарга З.Энхболд санаачлага гарган хурлын танхимд халз өрсөлдөөд нэг талдаа гарч, ялсан ялагдсан ч гар бариад үлдэх саналыг хоёр өрсөлдөгчдөө тавьсан талаар өөрөө хэвлэлээр хэлсэн. Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал хоёрын хувьд зааланд өрсөлдөнө гэдэг нь магадлалаар эсрэг санал өгөх хурлын төлөөлөгчдөд нөлөөлж мөрийн хөтөлбөрөө товч танилцуулах боломж байсан хэрэг. Ер нь бол бүлэг фракцаараа бараг яриад тохирчихсон тул өөртөө авах саналын багцааг хэн хэн нь багцаалж байсан байж таарна. Энэ хурал дээр хэрвээ ерөнхий сайд болбол юуг анхаарч, яаж ажиллах талаараа товч хэлсэн хоёр нэр дэвшигчийн үгэнд анхаарах зүйл байгаа юм.
1
Ерөнхийдөө хоёулаа л улс орны эдийн засгийн асуудлыг чухалчлан харахаа хэлсэн байна. Өмнөх засгийн газрын ажлыг үргэлжлүүлж, АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана гэсэн. Гэхдээ онцлон хэлсэн зүйлүүд бас байгаа харагдана. Ч.Сайханбилэг гишүүнийн хувьд чих сортойлгосон нэг амлалт бол ойрын хоёр сарын дотор Оюутолгойн асуудлыг гацаанаас гаргана гэснийг эх сурвалж хэлж байгаа. Харин Р.Амаржаргал гишүүн нэг жилийн дотор макро эдийн засгийг хөл дээр нь босгоно. Мөн Х.Тэмүүжин сайдын хууль эрх зүйн шинэчлэлийн үргэлжлүүлнэ гэсэн байдаг. Хоёр нэр дэвшигчийн энэхүү ялгаатай хоёр зорилт дээр яриа хөөрөө, бодох юм гарах нь мэдээж. Хөрөнгө оруулалтын зардлаа байнга өсгөөд, далд уурхайн төслөө эхлүүлэх нэмэлт эх үүсвэр нэхэж суух болсон Рио Тинтотой ам хэлээ ололцох том итгэл Ч.Сайханбилэг гишүүнд байгаа юм байна. Энэ засаг унасан нь сайн цаг ирэхийн дохиолол. Бид тэвчээртэй хүлээнэ гэх утгатай Рио Тинтогийн захирлын мэдэгдлийг хэвлэлүүд гаргаж байсан. Үүнтэй нэгтгээд Ч.Сайханбилэг гишүүний хэлснийг харах юм бол шинэ Засгийн газрын эдийн засагт цус сэлэх эхний алхам бол Оюутолгой юм байна гэж ойлгогдохоор. Одоохондоо бидэнд хамгийн ойр харагдаж байгаа ам долларын суваг бол Оюутолгой мөн. Гэхдээ шийдвэл шийдэхээр хугацаанд гацсаар байгаа. Оюутолгойн энэ ужиг гацаа хаанаа байгаа далд учрыг сайн мэдэх, хуучин засгийн гал тогооны хүн “шийднэ” гэж намын нөхөддөө итгэлтэй хэлжээ. Энэ нь Рио Тинто гэх энэ халуун тогооны тагийг юугаар жийрэглэж нээхээ тэр мэдэж байгаа юм байна гэсэн бодлыг төрүүлж байна. Гэхдээ энэ нь сэтгэл хоёрдож байсан ҮЗХ-ны 12 гишүүнд нөлөөлж Ч.Сайханбилэг ялсан гэвэл арай хөнгөдсөн дүгнэлт болох биз.
1
Харин Р.Амаржаргал гишүүний хууль зүйн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн нь олон хүнд хариуцлага тооцно гэсэнтэй адил сонсогдсон байх талтай. Энэ нь хүчний байгууллагатайгаа далд холбоотой байдаг гэсэн хардлагад байдаг бүлэг фракцуудын эгдүүцлийг төрүүлэх л яриа. Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ны хурал дээр буулт хийж Н.Алтанхуягийн Засгийн газрыг сайн ажилласан, их юм хийсэн гэж дүгнэн Алтангадасынханд жоохон тал зассан ч ард нь хууль зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж өөрийнх нь эсрэг зогсч байгаа Х.Тэмүүжинд үг дайжээ. Хэл амтай, дарамт шахалттай үргэлжилж байгаа хууль сахиулах байгууллагуудын хүнд суртал, гажуудлыг зассан өөрчлөлт, хүний эрхийг хангахын төлөөх эрх зүйн шинэчлэл энэ засгийн газар унаснаар огцорсон сайдтайгаа мартагдах вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа. Р.Амаржаргал гишүүн үүнийг анхаарч ажиллахаа ҮЗХ-ны хурал дээр хэлсэн байна. Хэрвээ нэр дэвшигч Ч.Сайханбилэг ерөнхий сайд болбол Р.Амаржаргал гишүүний “Макро эдийн засгийг хөл дээр нь босгоно, хуулийн шинэчлэлийг дэмжинэ” гэсэн байр суурийг мөн хадгална гэж найдья. Ер нь Ч.Сайханбилэг гэдэг улстөрч ямар ч үед намын нөхөддөө “Сайханбилэг” хэвээр байх эсэх нь бидэнд чухал биш. Харин чадалтай Ерөнхий сайд байж чадах эсэх нь хүлээлт болоод байна.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/