Улсын төсвийн 80 орчим хувь нь ААН-үүдийн орлогын албан татвараар бүрдэж байгаа гэж Сангийн яам мэдэгддэг. Харин энэ татварыг цаг тухайд нь төсөвт төвлөрүүлж өгснийхөө төлөө өөрсдийгөө шагначихдаг албан хаагчдын тухай яриа ирэх долоо хоногт өндөр авлаа. Татварынхан татвар төлөгчдийнхөө мөнгөөр бие биенээ урамшуулж байсан талаар АТГ-ын мэдээлэлд дурьдагдсан байна. Шинэ жилийн баярын шагналын жишиг шиг тавь, зуун мянгаар биш, Бээжин, Хонконг явах урилгаар ч биш шууд хэдэн зуун саяар нь урамшуулал хуваарилагдаж байжээ. Эх сурвалжийг хөөвөл Татварын ерөнхий газар /ТЕГ/ нийт байцаагч нараа урамшуулах тун таатай журмыг анх 2009 онд гаргасан байх юм. Энэ нь “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах” гэсэн нэртэй журам бөгөөд 2010 оны зургаадугаар сарын 27-нд шинэчлэн батлагджээ. Төсвийн орлогыг давуулан биелүүлж зардлыг хэмнэсэн тохиолдолд үр дүнгийн гэрээний урамшуулал олгох утга бүхий энэ журам нь татварынхан бие биенээ хөхиүлэн шагнах зөвшөөрөгдсөн боломж болж хэрэгжсэн байна. Нийслэл дүүргийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээгээр татварын орлогыг давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнах дээрх журмыг ёсчлон биелүүлж ирсэн бололтой юм. Сүүлдээ ч амтшиж арай ч дээ гэхээр хэтрүүлжээ. Төсвийн орлого бүрдэхгүй хэдэн тэрбумаар тасалдаж байгаа талаар Сангийн сайд түгшүүр тээн мэдээлж байхад хамар дор нь манай татварынхан төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэж бие биенээ шагнаж байсан хэрэг.
1
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2013 онд 4.2 тэрбум төгрөгөөр татварын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнагдаж үүнээсээ өгөөмөр загнан 40 хувь /320 сая төгрөг/-ийг ТЕГ-таа үлдээсэн гэнэ. Ингээд шагналаар авсан 60 хувиа албан тушаалынхаа эрэмбэ болоод санаачилга зүтгэлдээ тааруулан хувааж бие биенээ шагнажээ. Үүнд татварын хэлтсийн дарга нь 40 сая, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нь мөн 40 сая, татварын хураалтын тасгийн дарга нь 54 сая, бусад байцаагч тасгийн дарга нар нь тус бүр 22 сая төгрөгөөр гэх мэтээр шагналаа хуваарилжээ. Энэ шагналын хур Баянгол дүүргийн татварын хэлтсийнхнийг мөн тойрсонгүй. 574 сая төгрөгөөр урамшуулал авч үүнийхээ 200 саяыг мөн ТЕГ-таа үлдээж хэлтсийн дарга нь 20 сая, таван ахлах байцаагч нартаа тус бүр 12 сая гэх зэргээр шагналаа хуваарилжээ. Татварын төлөвлөгөөг давуулан биелүүлэх энэ амжилтын буухиа нар зөв тойрон үргэлжилсэн байна. Баянзүрх дүүргийн татварынхан мөн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж онцгой их буюу нэг тэрбум 174 сая төгрөг урамшуулалд авсан гэнэ. Үүнээс шагналын өрмийг нь татварын хэлтсийн дарга нь хүртэж 272 сая төгрөгийг шагналд авсан бол бусад 32 байцаагч албан хаагчид нь 528.7 сая төгрөгөөр өврөө мялааж урамшуулалд хамрагджээ. СХД бас зүгээр байсангүй 501 сая төгрөгийн урамшуулал авч Татварын хэлтсийн дарга нь 75 сая төгрөгөөр шагнагджээ. Цааш тоочвол жирийн иргэд, татвар төлөгчийн бухимдлыг барах тул товч тоочих нь зөв байх. Хан Уул дүүргийн татварынхан 416 сая, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 250 сая төгрөгийн шагналыг авч бие биенээ урамшуулсан гэж байна. Ийм завшилт байхад улсын төсөв хоосорч хүндрэхгүй яах билээ.
1
Нийт урамшууллыг нэмээд үзвэл 2013 онд татварын хэлтсийн дарга, байцаагч нар бараг 2 тэрбум төгрөгийн шагнал урамшууллыг бие биедээ найрсгаар хуваарилсан багцаа бууж байна. 200 ортой гурван ч цэцэрлэг барих мөнгө. Төр буй дор татвар буй гэдэг. Харин татвар буй цагт баяжих амархан болсон нэг айхтар урамшууллын журам ийнхүү яг таг хэрэгжиж иржээ.
1
Эдийн засаг ямар байгаа билээ, татвар төлөгчид ам.долларын дарамтад яаж тэсч байгаа билээ, татварын ямар дарамтад байгаа билээ гэж хөврүүлэн энэ сэдвийг хурцлаад ч яахав. 2009 онд батлагдсан энэ журам одоо цаг үетэйгээ хэр нийцтэй байна вэ гэдгийг эргэж харах ёстой байх. ТЕГ -аас 2010 оны 6-р сарын 27-нд шинэчлэн баталж мөрдүүлсэн “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах” гэсэн цамаан журмыг түрүүчийн засгийн үед ч шинэчлэлийн засгийн газрын үед ч эрх баригчид эргэн харж дэнсэлсэнгүй. Бүгд л ашиг сонирхлын зөрчилтэй байсан мэт дуугүй явж иржээ. Цаана нь дахиад хэдэн тэрбумаар яригдах мөнгө агентлагуудаар дамжин гамгүй урсч байгааг тооцож гаргавал хоёр дахь өвөлдөө царцаад байгаа 200 гаруй барилга обьектийг гэсгээчих хөрөнгө гарах нь энүүхэнд харагдаж байна. Цааш нь сайн сэгсэрвэл агентлаг гэх төсвийн мөнгөөр угжуулсан дарга нарын зарлагын тайлангаас үргүй зардал, хөөсрүүлсэн төсөвтэй юм их гарна. Улс төрийн сонгуулийн дүнгээр ялсан нам нь танил талдаа бэлэглэлийн албан тушаал болгож хадагны үзүүрт барьдаг агөнтлагуудаа эмхэлж авахгүй бол авилгажсан төрийн хурц илрэл болж нийгмийг бухимдуулж байна. 200-300 саяыг хувааж татвар төлөгчдөө биш өөрсдийгөө урамшуулчихсан сууж байгаа татварынхны дээрх үр дүнгийн урамшуулал үүнийг харуулсан хэрэг. 2010 оноос өнөөг хүртэл дөрвөн жилд төр засагт, хууль журамд олон өөрчлөлт орсон. Харин бие биенээ найр тавин урамшуулж шагнах ТЕГ-ын 2009 оны “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах” гэсэн энэ журмыг хэн ч “буруу” гэж хөндсөнгүй. Даруй хоёр төр дамжин, дөрвөн жил хэрэгжсээр иржээ. Засаг төрийнхөн ч энэ ажиллагаанд хэтэвч нэг байсан юм шиг. Асуудал бүүр дээрээ байгаа харагдана. Ашиг сонирхлын зөрчилтэй дээд сонирхол доор сэмхэн хэрэгжиж байгаа хэрэг.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/