“Алтангадас ҮЗХ-нд аргагүй л олонх юм” гэж 12 хүний саналаар унасан Р.Амаржаргал гишүүн шөнө дунд жиргэснээр АН-аас Ерөнхий сайдад нэр дэвших хүн нь Ч.Сайханбилэг болсныг мэдэгдлээ.
f
Фракцуудын өргөн хүрээний тэмцлийн эцэст Шонхорынхон Н.Алтанхуягаас намын даргыг нь салгаж, Алтангадаст нь Ерөнхий сайдыг нь үлдээлээ. Энэ бол гадна талдаа харагдаж байгаа фракцуудын тохирооны үр дүнгээр бий болсон эрх мэдэл хуваалт. Дотор талаас нь тонхих юм бол АН-ын лидерүүд цаг үеийн онцлогийг харж алтан дунджаар энхийг сахиулж ирэх сонгуульд гудманд гарчихгүй байх санал боловсруулсныг ҮЗХ нь үндсэндээ дэмжлээ.
f
АН бараг анх удаа төрийг тогтворгүй байдалд хүргэж байгаа нам доторх эрх мэдлийн төлөөх бүлэглэлийн сөргөлцөөнийг төрөөс холдуулах гарц хайсан нь сайшаалтай юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрмээ завсарлахаар болжээ. Олонхгүй парламентын үед намын дарга Гүйцэтгэх засаглалын тэргүүн байх нь улс төржилтийг бий болгож төрийг хямрааж байна гэсэн дүгнэлтэд хүрснийг шинэ намын дарга З.Энхболд мэдэгдэж байгаа. Намын дарга бүлэглэлийн захиалгаар сайд нараа томилж эргээд өнөө хэддээ загнуулах шахаж суухыг бид унадаг засгийн өнгөн дээр харсан.
f
Р.Амаржаргал гишүүний хувьд үнэндээ л ерөнхий сайдын өрөөний үүдэнд ирээд байхад нь намынхан нь буцаагаад татчихлаа. Намын даргынхаа эсрэг кнопдсон гэсэн зуултаа унасан дарга нь тавьсангүй. Бусад эсрэг кнопдсон гишүүдийг ч мөн ирээдүйд нэг хориг хүлээж байгаа л болов уу. Намынхаа эсрэг санал өгсөн хэдэд өгч буй эхний сануулга нь энэ. Урвасан нэр зүүсэн бол сайд энэ тэр бодолтгүй л болж байгаа юм байна. Ер нь хуралдаа суулгүй бултсан хэд дундуур нь цэвэрхэн сугарч чадах шиг боллоо. ҮЗХ-ыхон намын даргаа ерөнхий сайдаас салгаж авахдаа засгийн газраа улс төржилтөөс салгаж авья гэсэн тайлбарыг ард нь зүүлээ. Энэ мэдэгдлээр харах юм бол аль ч намын дарга нар гүйцэтгэх засаглалд орохгүй болжээ гэж харагдаж байна. Нэгэнт л улс төржүүлэхгүй гэсэн болохоор давхар дээлтэй сайд бараг байхгүй болох юм байна.
d
Урьд шөнийн ҮЗХ-ны хурлаар Ч.Сайханбилэг 12 саналаар илүүрхэж ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой болсон. Үүний араас мэргэжлийн салбарын хүмүүсээр бүрдсэн Засгийн газар танхим бий болно гэсэн сулхан сонсогдож байсан мэдэгдэл өнөөдрөөс итгэлтэй хэлэгдэж эхэллээ. ҮЗХ-ны хурлын өмнө хийсэн тохироо биелсэн гэж үзээд Засгийн газрыг улс төржилтөөс бага ч болов холдуулж сайдуудыг гаднаас буюу дан дээлтнүүд болголоо гэсэн өрнөлөөр харвал Ерөнхийлөгч ард нь зорьсондоо хүрлээ гэж хэлж болохоор.
d
Одоо Ч.Сайханбилэг гишүүн их хурал дээр бусад намынхны саналыг мөөг шиг түүхийн тулд намынхантай хавсарч бас яриа хөөрөө хийх л болох байх. Санал тавьж урилга явуулахыг нь хүлээж байна гээд хадгаа бэлдчихээд сууж байгаа сөрөг хүчин, Шударга ёс эвсэл хоёр мэргэжлийн засгийн газар бүрдүүлэх саналд яаж хандах нь сонин. Сөрөг хүчин бол хойно ургасан эвэр гэдгээр МАХН-ынхан засагт орчихоод байхад бид тэвчих үү гэсэн атаа жөтөөтэй явж ирсэн нь нууц биш. Тэд энэ намар Н.Алтанхуягийн засгийг хариуцлага тооцож унагаахын цаана Шударга ёс эвслийг засгаас шахах нэр төрийн нэг ялалт байгуулчихаад маадгар суугаа. Шинэ засагт МАХН-ыхан дангаар орно гэж байхгүй, тэд орвол бид ч бас орно, үгүй бол хэн нь ч орохгүй. Мэргэжлийн баг гэдгээрээ яваад гаднаас танхимаа бүрдүүл гэсэн санал дээр нэгдвэл Ч.Сайханбилэгийг дэмжиж кноп дарахад сөрөг хүчнийхэн бэлэн байгаа. Төсвөө цагт нь баталж амжсан гэсэн гавьяагаа тэмдэглэнгээ шинэ Ерөнхий сайд, Засгийн газартай тухтайхан үзэх гэж байгаа намууд Улс төржилтийг УИХ-ын танхимдаа авч үлдье гэдэг дээр санал нэгдэх байх гэж найдъя.
f
Сайдууд нь цаашлаад Засаг дарга нар нь Ерөнхий сайдынхаа үгэнд ордог босоо удирдлагатай мэргэжлийн гэх тодотголтой гүйцэтгэх засаглалтай яваад үзье гэж АН-ынхан хэлж байна. Олон нийт яахав яваад үзье л гэнэ. Харин намыг нь хураагаад байгаа шилбүүр барьсан хэд чинь шинэ засгийг тайван байлгаж ажлыг нь хийлгэх үү гэж асуух байх.
f
Пүрэвжавын Баярхүү /тоймч/