Ямар ч славьян хүнийг гурав маажихад араас монгол арьс гууждаг гэж европууд өөр хоорондоо хэлэлцдэг байсан гэдэг. Өнгөрсөн зууны эхэн үеийг хүртэл тэднийг дорны бүдүүлгүүд гэж үзсээр ирсэн бүхэл бүтэн онол ч бий. Монголчууд 300 жил орчим ноёрхохдоо үлдээсэн соёл ёс заншил, төрийн байгуулалт, нийгэм эдийн засгийн уламжлал ийм хүчтэй нөлөөг үзүүлсэн хэрэг. Оросын түүх тэр үед насны хувьд Византаас гаралтай балчирхан байж. Харин Монголын түүх лавтайяа 2 мянган жилээр тогтохгүй баялаг байлаа. Харин өнөөдөр Монголын соёл эргэлзээ төрүүлэхүйц харийншсан байх юм. Монголоороо бичиж, сэтгэж чаддаг нь тун цөөхөн. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ монгол хэл соёлд сургахаас илүүтэй англи, америк, солонгос, японоор хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ. Нэг ийм онигоо байдаг юм. Монголчууд хаачсан юм бэ гэхэд Солонгос явсан. Үлдсэн нь гэсэн чинь солонгос кино үзэж байгаа гэж хариулсан гэдэг. Хаалттай байсан нийгэм задарч сэтгэлгээ чөлөөлөгдөхөд бид хамгийн нандин зүйлээ алдсан нь монгол хүний сэтгэхүй байлаа. Эдийн засаг, чөлөөт худалдаагаа либеральчлахыг голчилсноос бус монголоороо үлдэхийг чармайсангүй. Хаалттай байсан сэтгэхүй гадны соёлын нөлөөнд хэт мэдрэг байдаг. Үүнийг тооцсонгүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, хүний эрх эрх чөлөө хэрхэн хангагдсан үзүүлэлтүүдээрээ ам уралдан биесээ магтахаас бус монгол хүн хэрхэн монгол хүн биш болж байгаа талаар ухаарч сэхээрч явсангүй. Монгол газар шороон дээрээ мөртлөө харийншсан хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл л болсныг алхам тутамдаа мэдэрч явах юутай гунигтай.
1
Баяр болгоноор бид тэртээд мартагдсан үүх түүхээрээ бахархсан шоу үзүүлбэрийг бүтэн өдөржингөө л харна. Өнгөрснөөрөө бахархалгүй яах билээ. Гэхдээ энэ цаг үеийн бахархал бидэнд байхгүй гэж үү. Дэлхийд нэрээ цуурайтуулсан эрхмүүдээ хэдхэн өдөр л тэнгэрт тултал магтана. Дараа нь үнсэнд хяасан шалз шиг л хэвлэл мэдээллээр хар бүхний бай болгоно. Түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг болсон маань гэм биш зан болчихоод байна. Харийнсаж байгаагийн гол шалтгаан нь ердөө л монгол хүнээрээ бахархаж чадахаа больсонтой холбоотой.
1
Эцсийн бүлэгт монголын баялаг мал сүрэг, ашигт малтмал, газар тариалан, мөнгө эрх мэдлийн аль нь биш. Ердөө л монгол хүн өөрөө эх орныхоо юугаар ч сольшгүй баялаг. Эх оронч хүмүүсийн нэгдэл л энэ улсын ирээдүйн баталгаа. Эх оронч гэхээр гараа хөдөлгөдөггүй амаараа "эх орон минь сүйрэн мөхөж байгаа тухай", "эх орноо аврах тухай", "эх орондоо ямар их хайртай" тухай цаг үргэлж яншигчдыг хэлэхгүй. Сайн нэгнийгээ даган дууриаж тэр бүх өндөрлөгт хүрэх эрмэлзэлтэй, чадал боломжоороо хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж, сайн сайхныг цогцлоодог эрхмүүдийг хэлдэг юм. Хэвлэл мэдээллийн хэргслээр сайнаасаа мууг нь илүү нэвтрүүлнэ. Монголд ердөө юуг ч бүтээдэггүй, сайн сайхан зүйл огт байдаггүй юм шиг нийтлэл нэвтрүүлгийн бодлого нь чиглэнэ. Бид яах вэ гэхэд үр хойчис маань ямар хүмүүс болж өсч торних болж байна аа. Судалгаагаар монгол хүн амьдралын чанаргүй улсуудын дөрөвдүгээрт жагссан байх юм. Огт инээмсэглэдэггүй улс орны жагсаалтын айргийн тавд шүү. Нөгөө үндэстний бахархал байхгүй болсонтой шууд холбоотой. Гудамжинд яваа хүмүүсийн хэд нь инээмсэглэн алхаж явна вэ. Ийм сайхан газар нутаг дээр, ийм аугаа түүхтэй, хэзээ ч бараг өлсч ундаасч яваагүй, нүүдэлчдийн соёл иргэншлийн давтагдашгүй бүхнийг агуулсан энэ үндэстэн яагаад энэ цаг үед ийм уруу дорой явах болов. Энэ бүхний эзэд байж яаж ингэж болох вэ дээ. Монгол бахархлыг сэргээхэд хэсэг бүлэг хүмүүсийн хүчин зүтгэл хангалтгүй, Монгол төр өөрөө чухал үүрэгтэй. Харийн соёлоос айхдаа гол нь биш шальдар бульдарт нь хөл алдчихгүй Монгол дархлааг бий болгох нь чухал. Олон зуун үндэстний нийлмэл америкчууд нэгэн дээвэр дор эв зүйтэй багтаж дэлхийн соёл иргэншлийг тэргүүлэх хэмжээнд хүрсний нэг нууц нь америк мөрөөдөл, америк бахархал. Тэднээс хэдэн мянган жилийн ах настай нүүдэлчдийн соёл иргэншил, Монгол яагаад өөрийн бахархал мөрөөдөлтэй байж болохгүй билээ.
1
Н.Бадамжав