Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг. Монголын төр хүрэн бөөрөө үйлдвэрлэгчиддээ харуулсаар удлаа. Засаглалын төрийн институцийн хуваарилалт хэн эрх мэдэл барьж байгаагаас шалтгаалан байнга өөрчлөгдөнө. Нэг нь эрх мэдэл авлаа нөгөө нь эсэргүүцнэ. Эрүүл тогтоц гэж хаа ч байхгүй. Пиар бүгдийг шийднэ. Ийм бодлоготой энэ намын үзэл баримтлалаар 4 жилийн циклээр ардын амьдрал өрнөнө. Нэг нь гарна. Нөгөө нь ялагдана. Ердөө ийм л цикл. Нэг нь бодлогоо хэрэгжүүлнэ. Нөгөө нь эсэргүүцнэ. Дундын орон зай нь сонгогч миний эрх чөлөө. Зөвтгөх хэцүү нь энэ миний эрх чөлөөний мэдрэмжинд оршиж байгаа юм. Буруутгах амархан нийгэмд бид амьдарч байна. Энэ бүх үйл явдлыг ойлгох л хамгийн хэцүү юм шиг байна. Гэхдээ ардчилсан нийгэм дундаж давхарга дээр оршин тогтнодог гэдгийг мартаж боломгүй. Улс орны нийт баялаг цөөхөн гэр бүлийн гарт төвлөрдөг гажуу зүйл Монголоор тогтохгүй дэлхий дахинаа байна.
1
Баялгийг тэгш хуваарилж, баян хоосны хэт ялгааг арилгахыг чухалчилж байна. Асар их мөнгөний уутыг нээгчид ганхахаар улсын эдийн засаг нийгэмд хүчтэй цохилт үзүүлдгийг анхааруулж байгаа. Дундаж нийгэм байхгүйгээр та нар хол явахгүй шүү гэж. Өнөөдөр яг тэр цохилтын мансуурлаас нийгэм эдийн засаг гарсангүй шаналж байна. Төсөвт нь улаан зоос байхгүй. Авсан өр зээл, хоосон шахуу цацагдаж байгаа хөрөнгө оруулалтын нөхөөсөнд байдгаа гөвчихлөө. Тэгсэн хэрнээ энэ оны төсвийг цаасан дээр маш өөдрөгөөр сэтгэн дурайлгана. Бүтээн байгуулалтын зардлын шаналгаанд төр шаналж сууна. Татварын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээн дэнжигнэхэд олон нийт л хохирдог. Нэгэнт л эдийн засгийн багана тулгуур болохоор нь төрөөс байдгаараа дэмжинэ. Дэмжихгүй бол өөрөө оршин байх эсэх нь тодорхойгүй болохоор тэр. Нэгэнт л олон нийтийн халаас хоосон тэгээд ч зардал ихээр шаарддаг хүйтний улиралд толгойны өвчин нь эдгэхэд улам хүнд болно. Анагаахын тулд нийгмийн халамжинд УИХ, Засгийн газар анхаарч мөнгө цацах нь зүй ёсны юм. Даанч тэр мөнгө нь алга. Байгаагүй мөнгө, царцсан бүтээн байгуулалтаар хөгжлийг яаж тодорхойлох билээ.
1
Төр ухаалаг зохицуулагч байж гэмээн энэ хурцдалаас олноо зайлсхийлгэж чадах байлаа. Үндэсний томоохон компаниуд нь дампуураад ирэхээр хамгийн либераль эдийн засагтай АНУ өч төчнөөн банк, компаниудаа улсын болгож амийг нь аварч байлаа. 2008 оны их хямралаар ч тэр Европын орнууд иймэрхүү алхмыг хийж эдийн засгийн баганаа ганхаахгүйг хичээсэн. Үр дүн нь өнөөдрийн эдийн засгийн бага ч гэсэн сэргэлт гэлээ эргээд унасан. Энэ бол цэвэр улстөрчдийн алдаа байлаа. Уг нь ачааны хүндийг жижиг дунд үйлдвэрлэлийн халааснаас биш төр өөрөө үүрч гэмээн цохилтын хүчийг зөөллөх бодлого байлаа. Макро эдийн засгийн төвшиндөө дайны галыг дүрэлзүүлээд өнгөрөөнө үү гэхээс микро эдийн засагтаа халдаадаггүй нь нийгэм улс төрийн тогтвортой байдлаа хангах сайн талтай юм билээ. Зах зээлийн нийгэм гэдэг эрэлт нийлүүлэлтийн алтан зарчмыг баримтлах хэдий ч эдийн засаг ба нийгмийн жингийн туухайг хэр тэнцүүлэх вэ гэдэг л төрийн оршин тогтнох үндэс болдог юм. Зах зээл хахир хатуу гинжин урвалаараа ямагт нийгмийн халамжийн бодлогыг үгүйсгэдэг. АН баруун үзэл баримтлалаараа цалин тэтгэврийг нэмэгдүүлэх сонирхол муутай байгаа нь энэ машиныг гацаагүй ажиллуулахыг хүсч байгаа нь илт. Гэвч иргэдийн халаас нимгэн байгаа өнөөгийн нөхцөлд олонхийн дургүйцлийг дээд зэрэгт хүргэж асаахаас өөр замгүй. Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдээд ямар ч үр ашиггүй, инфляци хөөрөгдсөн зүйл болж эдийн засагтаа эргээд асар их ачаалал өгдөг энэ гажуу тогтолцоог үгүй хийх хэрэгтэй байгаа юм. Энэ гарцыг нэг тийш болгохгүйгээр эдийн засаг нийгмийг жингийн хоёр туухайд хэзээ ч зохистой тэнцүүлж чадахгүй. Цаашлаад дундаж давхаргагүй нийгэм бүтээгээд байгаагийн хамгийн том алдаа үүнд л оршоод байгаа юм шүү дээ. Мөнгө хөдөлгөөнд орж гэмээн эдийн засгийг тэтгэнэ. Нэг л их том том хөрөнгө оруулалт, өр зээл, бонд хувьцаа дээгүүрээ ярьцгаана. Иргэн хүнд хүрч үйлчилдэг санхүүгийн бичил сектор гэж даанч алга. Хадгаламж зээлийн хоршоо хэчнээн хүний өч төчнөөнөөр тоологдох тэрбум төгрөгийг хэрхэн салхинд хийсгэв. Өнөөг хүртэл төр барагдуулж чадахгүй сууна. Хууль эрхзүйн орчныг нь олигтой шийдээгүйгээс ийм гажуудал гарч мөнгөө хадгалуулсан иргэд шунахай сувьдгаараа дуудуулаад хохирч үлдсэн.
1
Зөв бодлоготойгоор иргэдийнхээ хадгаламжинд хандсан бол их хэмжээний хөрөнгө мөнгө иргэдийн халаасанд байсныг төвөггүй тооцоолж болно. Нөгөө талаар банк санхүүгийн байгууллагууд нь мөнгө хүүлэлт бус ганцаас газар дүүрнэ гэгчээр эдийн засаг овоохон эрүүлжих байсан. Чинээлэг дундаж давхаргатай болох эсэх нь эцсийн бүлэгт төрийн уян хатан бодлоготой шууд холбоотой юм. Хэзээ бид эдийн засгаа эрүүл саруулаар зөв удирдах вэ гэж эцэст асуумаар санагдах юм.
1
Н.Бадамжав
Уншиж байна |